2014
Христээр төгөлдөржих нь
долоодугаар 2014


Христээр төгөлдөржих нь

Ахлагч Геррит В. Гонг

Аврагчийн үнэгүй өгдөг цагаатгагч хайрыг ойлгох нь төгс төгөлдөр байдал гэж юу болох талаар бидний өөртөө оногдуулсан, буруу бөгөөд бодит бус хүлээлтээс чөлөөлж чадна.

Portrait painting of Jesus christ.

Дэлхийн гэрэл, Ховард Лион, хуулбарлаж болохгүй

Бид хүүхдүүдтэйгээ хамт “Би Аврагчийн надад үнэгүй өгдөг хайрыг мэдэрдэг” гэж дуулдаг.1

Үнэгүй өгөгддөг Түүний цагаатгагч хайр нь “мөнгөгүйгээр мөн төлбөргүйгээр, сүү болон бал худалдаж” авахтай адил юм (2 Нифай 26:25). Хэмжээлшгүй хийгээд мөнхийн (Aлма 34:10-ыг үзнэ үү) Цагаатгал нь биднийг “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” хэмээн урьдаг (Moронай 10:32).

Аврагчийн үнэгүй өгдөг цагаатгагч хайрыг ойлгох нь төгс төгөлдөр байдал гэж юу болох талаар бидний өөртөө оногдуулсан, буруу бөгөөд бодит бус хүлээлтээс чөлөөлж чадна. Ийм ойлголт нь бид төгс биш, бид алдаа гаргадаг, бид хангалттай сайн биш, бид бусдын хажууд бүтэлгүй, бид Түүний хайрыг хүртэхээр зохистой биш гэсэн—айдсуудаасаа салах боломжийг бидэнд олгодог.

Аврагчийн үнэгүй өгдөг цагаатгагч хайр нь бидэнд илүү өршөөнгүй байхад мөн бусдыг болон өөрсдийгөө улам бага шүүмжилдэг болоход тусалдаг. Энэхүү хайр нь бидний харилцааг эдгээж; хайрлах, ойлгох болон Аврагчтай адил үйлчлэх боломжийг бидэнд олгодог.

Түүний цагаатгагч хайр төгс төгөлдөр байдлын талаарх бидний үзэл бодлыг өөрчилдөг. Бид Түүнд найдлага тавьж, Түүний зарлигуудыг хичээнгүйлэн сахиж, итгэлд үргэлжлүүлэн (Moзая 4:6-г үзнэ үү) мөн илүү их даруу байдал, талархал, Түүний сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлд найдах мэдрэмжийг мэдэрч чадна (2 Нифай 2:8-ыг үзнэ үү).

Илүү өргөн утгаар нь авч үзвэл Христэд ирж, Түүгээр төгөлдөржих нь төгс төгөлдөр байдлыг бидний сүнсний болон бие махбодын эсвэл бидний бодгалийн мөнхийн аяллын замд тавьдаг (С ба Г 88:15-ыг үзнэ үү). Төгс төгөлдөр болох нь бидний энэ амьдралын мөн үхэл ба амилуулалтын, бүх зүйл “өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ” (Aлма 40:23) сэргээгдэх аялалын үр дүн юм. Энэ нь бидний зүрх сэтгэл болон хүсэлд “хүчирхэг өөрчлөлт” (Moзая 5:2) авчирдаг сүнслэг төрөлтийг багтаадаг. Энэ нь бид Христийнхтэй адил үйлчлэл хийснээр мөн Аврагчийн зарлигуудыг болон гэрээнүүдээ дуулгавартай сахиснаар ирдэг насан туршдаа хийх сайжралтыг харуулдаг. Мөн энэ нь амьд болон нас барсан хүмүүсийн хоорондын харилцааг төгөлдөржүүлэх явдлыг хүлээн зөвшөөрдөг билээ (С ба Г 128:18-ыг үзнэ үү).

Төгс төгөлдөр байдал гэдэг үг нь заримдаа хэзээ ч алдаа гаргахгүй байх явдал хэмээн буруу ойлгогддог. Магадгүй та эсвэл таны мэддэг хэн нэгэн төгс байхын тулд энэ арга замаар маш их хичээж байж болох юм. Ийм төгс төгөлдөр байдал нь бидний хэрээс хэтэрсэн мэт санагдаж, хамгийн сайн хүчин чармайлтууд маань биднийг сэтгэл түгшин, санаагаар унасан байдалтай юм уу тэнхээ тамиргүй болгож мэднэ. Бид нөхцөл байдлаа болон эргэн тойрныхоо хүмүүсийг хянах гэж хичээдэг нь амжилтгүй болдог. Сул дорой чанар болон алдаанууддаа бид цухалддаг. Чухамдаа бид илүү их хичээх тусам эрэлхийлж буй төгс төгөлдөр байдлаасаа улам бүр холдож байгаа мэт мэдрэмж төрдөг.

Би хэлэх гэж буй зүйлсээрээ дамжуулан Есүс Христийн Цагаатгалын сургаал болон Аврагчийн үнэгүй өгдөг хайр ба нигүүлсэлд талархах талархлаа гүнзгийрүүлэхийг хүсч байна. Өөрсдөдөө, бусад хүнд, тухайлбал номлогч, оюутан, ганц бие залуучуудад болон эцэг, эх, ганц бие өрхийн тэргүүнүүдэд мөн төгс төгөлдөр байдлыг олох гэж юм уу төгс байх гэсэн хүнд дарамтыг мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд Цагаатгалын сургаалын тухай мэдлэгээ ашиглаасай гэж та нараас хүсч байна.

Есүс Христийн Цагаатгал

Дэлхийн үүслээс бэлтгэгдсэн (Moзая 4:6–7-г үзнэ үү) Аврагчийн маань Цагаатгал бидэнд сурах, наманчлах мөн өөрсдийн туршлага болон сонголтуудаар дамжуулан өсөж хөгжих боломж олгодог.

Энэхүү мөнх бус сорилтын үед “шат шатаар” (С ба Г 98:12) ирдэг сүнслэг өсөлт болон бүрэн өөрчлөгдөх зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлт” (Aлма 5:12, 13; Moзая 5:2) гэсэн сүнслэг туршлагуудын аль аль нь Христэд ирж, Түүгээр төгөлдөржихөд бидэнд тусалдаг. “Эцсээ хүртэл тэвчих” гэсэн бидний мэддэг хэллэг мөнхийн өсөлт нь цаг хугацаа ба үйл явцаас олонтоо хамаардгийг бидэнд сануулдаг.

Мормоны Номын төгсгөлийн бүлэгт агуу бошиглогч Моронай хэрхэн Христэд ирж, Түүгээр төгөлдөржихийг бидэнд заадаг. Бид “бурханлаг бусаас [өөрсдөө] татгалздаг.” Бид “Бурханыг [өөрсдийн] бүх хүч, оюун, мөн чадлаар хайрладаг.” Тэгээд Түүний ач ивээл бидэнд хангалттай байж, “түүний ач ивээлээр [бид] Христээр төгс байж болно.” Хэрэв бид Бурханы хүчийг “эс үгүйсгэх аваас” бид “Бурханы ач ивээлээр … өөрсдийг [маань] нүглийн ангижралд хүргэх, Эцэгийн гэрээн дэх Христийн цусны урсалтаар ариусгагдсан” байж, ингэснээр бид “ариун, толбогүй болно” (Moронай 10:32, 33).

Эцсийн дүнд, Аврагчийн “агуу их болоод эцсийн золиослол” нь “шударга ёсыг давамгайлах тэр, мөн хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг авчрах нигүүлслийн зүрх сэтгэлийг” (Алма 34:14, 15) авчирдаг билээ. Чухамдаа бидний “наманчлалд хүргэх итгэл” нь бидний хувьд Христэд ирж, Түүгээр төгөлдөржиж, “агуу их хийгээд гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө”-ний (Aлма 34:16) адислалуудыг хүртэхэд маань амин чухал юм.

Аврагчийн Цагаатгалыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх нь бидний итгэлийг өсгөж мөн бид төгс байх эсвэл бүх зүйлийг төгс хийх ёстой гэсэн дарамттай хүлээлтүүдээс салах зоригийг бидэнд өгдөг. Эсрэг тэсрэг эргэцүүлэл нь нэг бол бүх зүйл төгс төгөлдөр эсвэл ямар ч найдваргүй буруу гэж үздэг. Гэхдээ Бурханы хөвгүүд, охидын хувьд хэдийгээр бид бүрэн дуусаагүй бүтээл ч гэлээ Түүний хамгийн агуу бүтээл гэдгийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадна (Дуулал 8:3–6; Еврей 2:7-г үзнэ үү).

Бид Аврагчийн үнэгүй өгдөг цагаатгагч хайрыг ойлгосноор Түүнийг хахир хатуу, өө сэв хайсан шүүгч байх гэдгээс айхаа больдог. Үүний оронд бид “Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ” (Иохан 3:17) гэсэн баталгааг мэдэрдэг. Мөн бид цаг хугацаа болон үйл явц нь өсөж хөгжихөд шаардлагатайг ойлгодог (Moсе 7:21-ийг үзнэ үү).

Бидний төгс үлгэр жишээ

Зөвхөн бидний Аврагч л төгс амьдралаар амьдарсан бөгөөд Тэр ч гэсэн мөнх бус амьдралд суралцаж, өссөн юм. Чухамдаа “тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа” (С ба Г 93:13).

Christ as a youth learning carpentry skills in a carpenter's shop. Joseph, the husband of Mary, is watching him.

Тэрээр “бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ [бидний] сул дорой чанаруудыг авах”-аар (Aлма 7:12) мөнх бус амьдралын туршлагаар дамжуулан суралцсан юм. Тэрээр уруу таталт, нүглүүдэд эсвэл өдөр тутмын дарамтуудад бууж өгөөгүй боловч мөнх бус амьдралын бүх бэрхшээл, зовлонгуудад доош бууж ирсэн юм (С ба Г 122:8-ыг үзнэ үү).

Уулан дээрх номлолд Аврагч бидэнд: “Тиймээс та нар төгс бай” (Maтай 5:48) хэмээн зарлигласан билээ. Грек хэлний төгс төгөлдөр гэдэг үг нь “бүрэн, дууссан, бүрэн хөгжсөн” гэж орчуулагдаж болно (Maтай 5:48, зүүлт тайлбар б). Аврагч маань биднээс бүрэн, дууссан мөн бүрэн хөгжсөн буюу Түүний болон Тэнгэр дэх Эцэгийн үлгэр жишээ үзүүлдэг ариун журам ба зан чанараар төгс болгохыг хүсдэг.2

Цагаатгалын сургаалыг ашиглах нь төгс төгөлдөр байдлыг олох гэж юм уу төгс байх хэрэгтэй гэж бодож яваа хүмүүст хэрхэн тусалж болохыг харцгаая.

Перфекционизм буюу төгс байх үзэл

Төгс байх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг буруу ойлгох нь перфекционизм буюу төгс байх үзэл хэмээх зүйлд хүргэж болно. Энэ нь сайн байхыг хичээсэн биширмээр хандлага эсвэл зан авирыг яг одоо төгс байх ёстой гэсэн бодит бус хүлээлт болгон хувиргадаг. Перфекционизм буюу төгс байх үзэл нь заримдаа зөвхөн төгс хүмүүс л хайрлуулах эрхтэй эсвэл бид төгс биш л бол хайрлуулах эрхгүй гэсэн мэдрэмжээс үүдэлтэй юм.

Перфекционизм буюу төгс байх үзэл нь нойргүйдэх, сэтгэл зовних, хойш тавьж назгайрах мөн сэтгэлээр унах, өөрийгөө зөвтгөх болон сэтгэл санааны хямралд орох зэрэг асуудлыг үүсгэж болно. Эдгээр мэдрэмж нь амар амгалан, баяр баясгаланг болон бидэнд байгаасай хэмээн Аврагчийн хүсдэг баталгааг холдуулдаг.

Яг одоо төгс байхыг хүсдэг номлогчид номлолын хэл сурах, хүмүүсийг баптисм хүртэхийг харах эсвэл номлолын удирдагч болох боломж хурдан ирэхгүй болохоор зовниж эсвэл сэтгэлээр унаж болно. Ололт амжилтад дассан чадварлаг залуу хүмүүсийн хувьд номлол нь амьдралын анхны том сорилт ч байж болно. Гэвч номлогчид төгс байж чадахгүй харин яг таг дуулгавартай байж чадна. Тэд өөрсдийн амжилтыг хувь хүмүүст болон гэр бүлүүдэд “Ариун Сүнсний оршихуйг эдэлдэг итгэлтэй сүмийн гишүүд болоход нь” туслах хичээл зүтгэлээрээ голчлон хэмжиж болно.3

Хичээлийн шинэ жил нь эхэлж байгаа оюутнууд, ялангуяа гэрээ орхин их сургуульд явж байгаа хүмүүс сэтгэл хөдлөл болон санаа зовнилтой тулгарах болно. Мэдлэгтэй уран бүтээлч бөгөөд тамирчин байсан оюутан “жижиг цөөрөм дэх том загас” байснаа танил бус давалгаатай, урьдаас тааж мэдэх аргагүй урсгалтай далайн жараахай болсон мэт өөрийгөө мэдэрдэг. Перфекционизм буюу төгс байх үзэлтэй оюутнуудын хувьд үүнийг мэдрэх нь амархан байдаг. Тэд хэчнээн их хичээсэн ч бүх зүйлийн эхэнд байж чадахгүй бол өөрсдийгөө бүтэл нь хазайсан гэж үздэг.

Амьдралд олон шаардлага байдаг учраас оюутнууд чадах бүхнээ хийснийхээ дараа ч үргэлж хамгийн шилдэг нь байх боломжгүй бөгөөд энэ нь байдаг л хэвийн зүйл гэдгийг сурч чадна.

Бид түүнчлэн төгс төгөлдөр байдлын хүлээлтүүдийг гэр орондоо бий болгодог. Нэгэн аав эсвэл ээж төгс хань, төгс эцэг эх, төгс гэрийн эзэгтэй, төгс гэр бүлээ тэжээгч эсвэл яг одоо төгс хожмын үеийн гэгээнтэн гэр бүлийн нэг хэсэг байхаар албадуулж байна хэмээн бодож болно.

Перфекционизм буюу төгс байх хандлагатайгаа тэмцэлдэж байгаа хүмүүст юу тусалдаг вэ? Нээлттэй, урам өгсөн асуултууд нь сайшаал болон хайрыг ойлгуулдаг. Ийм асуултууд бусдыг эерэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхэд урьдаг. Тэдгээр нь бидэнд сайн гэж мэдэрч буй зүйлээ тодорхойлох боломжийг олгодог. Гэр бүлийнхэн болон найзууд өрсөлдөөн дээр суурилсан харьцуулалт хийхээс зайлсхийж, үүний оронд чин сэтгэлийн урам хайрлаж болно.

Перфекционизм буюу төгс байх гэсэн үзлийн өөр нэг ноцтой хэмжүүр нь бусдад өөрсдийнхөө бодит бус, шүүмжлэмтгий эсвэл энэрэнгүй бус жишгүүдээ тулгах явдал юм. Ийм зан авир нь бидний болон бусдын амьдралд Аврагчийн Цагаатгалыг үгүйсгэж эсвэл хязгаарлаж болно. Жишээлбэл, ганц бие залуучууд ирээдүйн эхнэр эсвэл нөхөрт нь байгаасай гэж хүсдэг чанаруудыг жагсаан бичлээ ч төгс хамтрагч олох бодит бус хүлээлтээсээ болоод гэрлэх боломжгүй болж мэднэ.

Тийнхүү хэн нэгэн эгч сайн бүжиглэдэггүй, хөрөнгөтэй болохыг боддоггүй, номлолд үйлчлээгүй эсвэл порнографтай холбоотой өнгөрсөн үеийн асуудлаа хүлээн зөвшөөрч, наманчлал болон зөвлөгөөгөөр дамжуулан үүнийгээ шийдсэн ч байж магадгүй нэгэн зөв зохистой, гайхамшигтай ахтай төгс байх жагсаалтад нь тэнцэхээргүй гэж үзэн болзох бодолгүй ч байж болно.

Үүнтэй адил, нэгэн ах өөрийнх нь бодит бус жагсаалтад тэнцэхээргүй зөв зохистой эгчтэй болзох бодолгүй байж болно. Тэр эмэгтэй спортод тийм ч дуртай биш, Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч ч биш, царайлаг биш, сайн төсөв зохиодоггүй эсвэл тэр мэргэн ухааны үгийн асуудалтай байснаа одоо шийдвэрлэсэн гэж хэлсэн байж ч болох юм.

Мэдээж, бид өөрсдөдөө болон ирээдүйн ханьдаа байгаасай гэж хүсдэг чанаруудыг бодож үзэх ёстой. Бид хамгийн дээд найдвар болон жишгүүдээ хадгалах ёстой. Гэвч хэрэв бид даруу байвал хүсэн хүлээгээгүй газраас биднийг гайхахад хүргэх сайн сайхан зүйл гарч ирэх болно. Мөн бидэнд өөрсөдтэйгээ адил төгс биш хэн нэгэнтэй ойр дотно болох боломж ч гарч ирж магадгүй.

Итгэл нь наманчлал ба Цагаатгалын хүчээр сул дорой байдал хүчирхэгжиж, наманчилсан нүгэл үнэхээр уучлагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Аз жаргалтай гэрлэлт нь хоёр төгс хүн тангараг өргөснөөр бий болдоггүй. Харин төгс бус хоёр хүн хамтдаа барьж босгон, талархаж мөн тусалж, дэмжин, уучилснаар бүхнээ зориулсан байдал, хайр хоёр өсдөг. Орчин цагийн нэгэн бошиглогчийн эхнэрээс бошиглогчтой гэрлэх нь ямар байдаг тухай асуужээ. Тэрээр: би бошиглогчтой гэрлээгүй, харин ямар ч дуудлага хүлээн авсан сүмд бүхнээ зориулсан эрэгтэйтэй гэрлэсэн гэж ухаалгаар хариулсан байна.4 Өөрөөр хэлбэл, цагийн аясаар нөхөр, эхнэр хоёр хувь хувьдаа болон хосын хувьд хамтдаа өсдөг.

Төгс гэргий, төгс боловсрол, төгс ажил эсвэл төгс байшинг хүлээх нь урт удаан, ганцаардмал байдалд хүргэх болно. Бид амьдралынхаа чухал шийдвэрүүдэд Сүнсийг дагадаг, төгс байх үзлээс үүдэлтэй эргэлзээнд бидний өсөлтийг зогсоохыг үл зөвшөөрдөг мэргэн байх ёстой.

Ачаа дарамт юм уу санаа зовнилыг үе үе мэдэрдэг хүмүүст хандаж хэлэхэд: “Би төгс төгөлдөр байдал ба амжилтыг Аврагчийн цагаатгагч хайрын сургаалаар тодорхойлдог уу эсвэл дэлхийн жишгээр тодорхойлдог уу? Би амжилт эсвэл бүтэлгүйтлийг Ариун Сүнс миний зөв шударга хүслүүдийг батлах баталгаагаар хэмждэг үү эсвэл дэлхийн ямар нэг жишгээр хэмждэг үү?” гэж өөрөөсөө чин сэтгэлээсээ асуу.

Бие махбодын хувьд эсвэл сэтгэл санааны хувьд ядарч туйлдсан хүмүүс тогтмол унтаж, хэвтэх болон хооллож, амрах цаг гаргаж бай. Завгүй байх нь зохистой байхтай адил зүйл биш гэдгийг, зохистой байх нь төгс төгөлдөр байхыг шаарддаггүй гэдгийг ойлго.5

Сул тал буюу дутагдлаа олж харамтгай хүмүүст хандаж хэлэхэд том ч бай, жижиг ч бай өөрсдийнхөө сайн хийдэг зүйлсэд талархалтай ханд.

Бүтэлгүйтэхээс айдаг мөн үүнийг хойшлуулдаг, заримдаа үүнд хэт их бэлддэг хүмүүст хандаж хэлэхэд агуу өсөлт авчрах, хүч чадал сорьсон үйл ажиллагаануудаас ухрах хэрэггүй гэдэгт итгээрэй.

Шаардлагатай болон тохиромжтой цаг үед амарч, амьдралаа эерэгээр бодож зохион байгуулан, өөрийгөө ялагдалд хүргэдэг зан авируудаа багасгаж, талархлыг илүү их мэдрэхийн хамт талархлаа илэрхийлэхэд тань туслах сүнслэг зөвлөгөөг юм уу чанартай сайн эмчилгээг эрэлхийлээрэй.6

Тэвчээргүй байдал итгэлд саад болдог. Номлогчдыг шинэ хэл, шинэ соёлыг ойлгоход, оюутнуудыг шинэ хичээл судалж эзэмшихэд мөн ганц бие залуучуудыг бүх зүйл төгс болохыг хүлээхийн оронд харилцаа холбоо үүсгэхэд нь итгэл болон тэвчээр туслах болно. Мөн итгэл болон тэвчээр нь ариун сүмийн лацдан холболт хийлгэх зөвшөөрлийг эсвэл санваарын адислалуудын сэргээлтийг хүлээж буй хүмүүст ч бас тус болно.

Бид өөрсөд дээрээ үйлдүүлэхгүй байж, өөрсдөө үйлдсэнээр (2 Нифай 2:14-ийг үзнэ үү) ариун журамтай бөгөөд тэнцвэртэй амьдралаар амьдарч, их өсөлтөд хүрч чадна. Энэ нь “нэгд нийлэн” бас “сөрөг тал” (2 Нифай 2:11) болон илэрч болно.

Жишээлбэл, бид залхуу байхаа больж чадна (С ба Г 88:124-ийг үзнэ үү). Үүнийг бид өөрт буй хүчнээс илүү хурдан гүйхгүйгээр хийж чадна (Moзая 4:27-г үзнэ үү).

Бид “сайн зарчимд санаа сэтгэлээ зориулж,” (С ба Г 58:27) үе үе амсхийж, “хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг” мэдэж чадна (Дуулал 46:10; түүнчлэн С ба Г 101:16-г үзнэ үү).

Бид Аврагчийн төлөө амиа алдсанаар үүнийгээ олж авч чадна (Maтай 10:39; 16:25-ыг үзнэ үү).

Бид “сайныг үйлдэхэд шантрамтгай бүү” байж, (С ба Г 64:33; түүнчлэн Галат 6:9-ийг үзнэ үү) мөн сүнслэг байдал болон бие махбодын хувьд сэргэх хангалттай цаг гаргаж болно.

Бид хөнгөн хуумгай биш, хөгжилтэй зүрх сэтгэлтэй байж чадна.

Бид их зан гаргалгүй, чин сэтгэлээсээ инээж чадна.

Бидний Аврагч болон Түүний Цагаатгал биднийг “Христэд ирж мөн Түүгээр төгөлдөржигтүн” гэж урьдаг. Бид үүнийг хийхэд Тэрээр Түүний “ач ивээл та нарт хангалттайгаас … та нар Христээр төгс байж болно” (Moронай 10:32) хэмээн амладаг.

Төгс төгөлдөр байдалд хүрэх ёстой эсвэл одоо төгс байх ёстой гэсэн дарамттай яваа хүмүүст бидний Аврагчийн үнэгүй өгсөн цагаатгагч хайр:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

“…Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” гэж амладаг билээ (Матай 11:28, 30).7

Эшлэлүүд

  1. “I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 75.

  2. Рассэлл M.Нэлсон, “Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 86–88-ыг түүнчлэн үзнэ үү.

  3. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж (2004), 10.

  4. Лавина Фийлдинг, “Camilla Kimball: Lady of Constant Learning,” Ensign, 1975 оны 10-р сар, 62.

  5. Жишээ болгож, Дийтр Ф.Угдорф, “Дөрвөн нэр,” Лиахона, 2013 оны 5-р сар, 58–61-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Угдорф түүнчлэн “Зарим хүн өөрсдийнх нь үнэ цэнэ тэдний хийх ёстой зүйлсийн жагсаалт хэр урт байхаас хамаарна гэж боддог байж магадгүй” хэмээн анхааруулжээ (“Of Things That Matter Most,” Лиахона, 2010 оны 11-р сар, 20).

  6. Энэ санааг Хонконгод томилогдсон Азийн бүсийн сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөхүүд болох Карлос Ф.Aланэ Каи Ваткинс нараас авсан. Энэ өгүүлэл дэх бусад санааг Сюзан Гонг, Ларри Я., Линдa Вилсон, Ранди Д., Aндреа Фанк, Жанет С.Шарман болон Индонезийн Жакарта номлолын номлогчдоос авсан юм.

  7. Түүнчлэн Cэсил O.Самүэлсон, “What Does It Mean to Be Perfect??” New Era, 2006 оны 1-р сар, 10–13; Жанет С.Шарман, “Seeking Perfection without Being a Perfectionist,” Virtue and the Abundant Life: Talks from the BYU Religious Education and Wheatley Institution Symposium, Ллоид Д.Ньюэл болон бусад хүмүүс хянасан (2012), 280–302.