2015
Бүгд нам гүм тайван байна
2015 оны долоодугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Бүгд нам гүм тайван байна

One oil painting.  Depiction of the pioneer trek in a positive happy manner.  "The prairies covered with lush grass and (many varieties of wildflowers) offered vistas of dramatic beauty."  A woman dressed in pink dress with white waist apron holing a basket of multicolored flowers.  She stands in a  lush landscape, in the background a covered wagon is pulled by two oxen.  A figure dressed in blue rides in the wagon.

Анхдагч, Робэрт Т.Бэррэтт, Сүмийн түүхийн музей

Анхдагчдын өвийн талаар бодох үед сэтгэлийг минь хөдөлгөдөг нэг зүйл бол “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ” (Дууны ном, 2-р х.) дуулал билээ. Тэд Солт Лэйкийн хөндий рүү хийсэн урт удаан аяллынхаа үеэр энэ дууллыг олонтоо дуулдаг байсан юм.

Эдгээр гэгээнтний бүх зүйл сайн биш байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэд өвчин тусаж, халуурч, ядарч, ханиад хүрэн мөн айж, өлсөж, өвдөж шаналж, эргэлзэж, тэр бүү хэл үхэл хагацал үзэж байв.

Тэд “Бүгд нам гүм тайван байна” хэмээн дуулж бaйхдаа бидний хүндлэн бишрэхээс ч аргагүй тэр хандлагыг хөгжүүлж байсан юм. Тэд зовлон бэрхшээлүүдийнхээ цаана байгаа мөнхийн адислалуудыг харж байв. Тэд нөхцөл байдлууддаа талархаж байв. Тэдэнд хэцүү бэрх зүйлүүд тохиолдож байсан ч тэд бодгалийнхаа бүхий л эрч хүчээр “Бүгд нам гүм тайван байна” гэж дуулж байсан юм.

Хэрэв анхдагчдыг магтах бидний магтаал бидний дотор тусгалаа олохгүй л бол хоосон зүйл байх болно. Тэдний золиослол ба амлалтыг тунгаан бодох үед намайг зоригжуулдаг тэдний зан чанаруудын заримаас дурдъя.

Өрөвч сэтгэл

Анхдагчид нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бие биенээ анхаарч, халамжилдаг байв. Энэ чанар нь тэдний өсөлтийг удаашруулж, таагүй байдал үүсгэн, хувийн золиослолд болон зовлон зүдгүүрт хүргэж байсан ч тэд бие биедээ тусалж байсан юм.

Бидний амьдарч буй шалгуур ихтэй, ялгаварлан гадуурхагч энэ дэлхий дээр хувь хүний эсвэл нам эвслийн зорилгууд нь бие биенээ асран халамжлах, Бурханы хаант улсыг хүчирхэгжүүлэхээс ч илүү үнэ цэнэтэйд тооцогдож байна. Өнөөгийн нийгэмд тодорхой үзэл суртлын зорилгуудад хүрэх нь бидний үнэ цэнийг хэмжих хэмжүүр шиг харагдаж болох юм.

Зорилго тавьж мөн үүндээ хүрэх нь гайхалтай зүйл байж чадна. Харин зорилгодоо хүрсэн амжилт нь бусдыг үл тоомсорлож, үл ойшоож, эсвэл шархлуулж байж ирсэн бол ийм амжилтын өртөг нь дэндүү хайран байх болно.

Анхдагчид бүлгийнхээ хүмүүсийг харж хандаж байсан ч, араас галт тэргээр ирж байгаа хүмүүст зориулан бас газар тариалан эрхэлж, санаа тавьдаг байлаа.

Тэд гэр бүл, найз нөхдийнхөө давуу талыг мэдэж байв. Тэд бие биенээсээ хамаарч байсан учраас хүчтэй болсон байлаа. Найз нөхөд нэг гэр бүлийнхэн болсон юм.

Бид яагаад уруу таталтыг өөрсдөөсөө холдуулж, оронд нь бие биедээ тусалж мөн бие биенээ хайрлаж, нигүүлсэнгүй байх ёстойг анхдагчид бидэнд маш сайн сануулдаг.

Ажил хөдөлмөр

“Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч.”

Энэхүү хэллэг нь ядарч туйлдсан аялагчдын сүлд дуу болсон байлаа. Эдгээр агуу бодгаль хэрхэн шаргуу ажиллаж байсныг төсөөлөхөд ч бэрх юм. Алхах нь тэдний хийдэг байсан хамгийн амархан зүйл байв. Тэд хоолоо олох, тэрэгнүүдээ засах, малаа хариулах, өвчтэй болон сул дорой хүмүүстээ үйлчлэх, ус хайж олох мөн цаг агаарын гэнэтийн аюул болон хээр талын олон аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд бүгд хамтдаа нэгдэх ёстой байсан.

Тэд өглөө бүр Бурхандаа болон бусдадаа үйлчлэх мөн Солт Лэйкийн хөндийд хүрэх гэсэн дор бүрнээ ойлгосон тодорхой зорилготой сэрдэг байв. Тэдэнд өдөр бүр эдгээр зорилго, зорилт нь ойлгомжтой байдаг байсан бөгөөд тэд юу хийх хэрэгтэйгээ мөн өдөр бүрийн өсөлт нь чухал гэдгийг мэдэж байв.

Өнөө үед бидний хийхийг хүсдэг ихэнх зүйл бидний амархан хийж чаддаг зүйлс болох үед мөн бидний өмнөх зам бага зэрэг бартаатай болсон юм шиг санагдах үед эсвэл налуу газар өгсүүр болох хандлагатай үед замаасаа төөрөх юм уу бууж өгөх уруу таталт тулгардаг. Эдгээр цаг мөчид өвчин эмгэг, саад бэрхшээл, зовлон шаналал тэр бүү хэл үхэл хүртэл тэднийг сонгосон замаас нь зогсоож чадаагүй тэр эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бодох нь бидэнд урам зориг өгч болох юм.

Анхдагчид хүнд хэцүү зүйлсийг хийснээр бие махбод, оюун санаа, сүнс нь хүчтэй болж, хүчирхэгжиж; тэнгэрлэг мөн чанарын тухай ойлголт нь өсөн нэмэгдэж; бусдыг гэсэн өрөвч сэтгэл нь хүчтэй болж байгааг олж мэджээ. Энэ дадал нь тэдний сүнсийг бэхжүүлж, хээр тал, уулсыг гаталсан тэдний урт удаан аялал дууссаны дараа тэдэнд адислал болсон билээ.

Өөдрөг үзэл

Анхдагчид дуулж байхдаа “Урамтай аялцгаая” гэх гурав дахь сургамжийн үгсийг дуулж байсан юм.

Бид маш их зүйлээр адислагдсан ч заримдаа сэтгэл дундуур байдаг нь бидний өнөө үеийн агуу егөөдлүүдийн нэг юм. Хөгжил цэцэглэлт болон технологийн гайхамшгууд нь биднийг аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, агшин зуурын сэтгэл ханамж, ая тухтай байдлаар хангаж байдаг. Гэтэл бид эргэн тойронд маань маш олон аз жаргалгүй болгох зүйлс байгааг олж хардаг.

Маш ихийг золиосолсон анхдагчид амь зуухад шаардлагатай хамгийн наад захын зүйлс байхгүйгээс өлсөж цангаж байсан. Тэд аз жаргал нь азаар, эсвэл тохиолдлоор ирдэггүй гэдгийг ойлгосон байв. Энэ нь мэдээж бидний бүх хүсэл биелснээр ирдэггүй юм. Аз жаргал бол гадны нөхцөл байдлаас ирдэггүй. Энэ нь бидний эргэн тойронд юу болж байгаагаас үл хамааран дотроос маань ирдэг.

Анхдагчид үүнийг мэддэг байсан бөгөөд тэд ийм ойлголтоор бүхий л нөхцөл байдалд болон зовлон бэрхшээлтэй байх үедээ ч, бүр тэдний бодгаль гүн гүнзгий шаналгасан зовлон бэрхшээл дунд байхад хүртэл аз жаргалыг олж чаддаг байв.

Сорилт бэрхшээлүүд

Бид заримдаа анхдагчдын үзэж туулсан тэдгээр зүйлийг эргэн хараад “Ямар азаар би тэр үед амьдраагүй юм” хэмээн хэлдэг. Гэхдээ, хэрэв эдгээр зоригтой анхдагч өнөөдөр биднийг харах боломжтой байсан бол бид ингэж бодохгүй байх байсан болов уу гэж би боддог.

Цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдсөн ч сорилт бэрхшээлүүдтэй тулгарах, Бурханы удирдлаган дор хүнлэг, чинээлэг нийгмээрээ хамтдаа амжилттай амьдрах зарчмууд өөрчлөгдөөгүй юм.

Бид анхдагчдаас Бурханд итгэхийг болон итгэлтэй байхыг сурч чадна. Бид бие биедээ энэрэнгүй байхыг сурч чадна. Бид ажил хөдөлмөр болон аж ахуй эрхлэх нь биднийг зөвхөн материаллаг байдлаар адислаад зогсохгүй бас сүнслэг байдлаар адисалдаг гэдгийг сурч чадна. Бид нөхцөл байдлаасаа үл шалтгаалан аз жаргалтай байх боломжтой гэдгийг сурч чадна.

Бидний анхдагчдаа хүндэтгэж, тэдэнд талархаж буйгаа харуулж чадах хамгийн шилдэг арга зам бол Бурханы зарлигуудын дагуу итгэлтэй амьдарч, найз нөхдөдөө энэрэл, хайраа харуулах, мөн аж ахуй эрхлэн, анхдагчид өөрсдийнхөө амьдралд хамгийн сайнаар үлгэрлэн харуулсан баяр баясгаланг амьдралдаа тусгах явдал юм.

Бид үүнийг хийснээр олон арван жилийн тэртээд очиж, нэр төртэй анхдагчдын гараас барин, “Бүгд нам гүм тайван байна” хэмээн дуулах тэдний дуу хоолойтой өөрсдийн хоолойг нийлүүлж, хамтдаа дуулах болно. Бүгд нам гүм тайван байна!”

Анхдагч, Робэрт Т.Бэррэтт, Сүмийн түүхийн музей