2015
ХҮГ Энэрлийн байгууллага: Үйлчлэлийн 30 жилийн ой
2015 оны долоодугаар сар


ХҮГ Энэрлийн байгууллага: Үйлчлэлийн 30 жилийн ой

photos of humanitarian aid effort

Бусдад үйлчлэх зарчим нь шинэ зүйл биш юм. Бүх эрин үеийн туршид Сүм ядуу болон гачигдалтай хүмүүст туслахад бүхнээ зориулсаар ирсэн билээ.

Одоогоос 30 жилийн өмнө, 1985 оны 1-р сарын 27-нд, Сүмийн гишүүд нэгэн онцгой мацаг барилтаар Этиоп дахь өлсгөлөнд өртсөн хүмүүст туслахаар 6 сая ам.долларыг хандивласан нь энэхүү бүхнээ зориулсан байдлын илрэл болсон юм. Энэ нь ХҮГ Энэрлийн байгууллагын үндэс суурь болсон. Мөн тэр жилийн 11-р сарын мацаг барилт нь өлсгөлөнгийн тусламжид зориулан 5 сая долларын санг босгосон байна. Энэ хоёр удаагийн мацаг барилт өнөө үед уг ажлыг маш их эрчимжүүлсэн юм.

Эдгээр мацгийн тусламжаас хойш 30 жилийн хугацаанд, Сүм зовж зүдэрч байгаа хүмүүст туслахын тулд 1.2 тэрбум долларыг зарцуулжээ. Үүнд хоол хүнс, орогнох байр, эм, хувцас хунар болон тусламжийн эд зүйлс багтдаг. Үүнээс гадна, ХҮГ Энэрлийн байгууллага нь тэргэнцэр, дархлаажуулалт, цэвэр ус, гэр бүлийн хоол тэжээл, хараа зүйн болон эх нярайн тусламж үйлчилгээ зэрэг урт хугацааны тусламж үзүүлсээр ирсэн. Сүм бүх хандивыг хамгийн үр дүнтэйгээр ашиглахын тулд нэр хүнд бүхий энэрлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон, Сүмийн гишүүдийн хувьд бидэнд өлсгөлөнд нэрвэгдсэн, орон гэргүй, хүнд дарамт үүрсэн хүмүүст туслах үүрэг хариуцлага байдгийг байнга заасаар ирсэн юм. Сүмийн гишүүд энэ үүргээ сайн биелүүлсээр ирсэн. Тэд өөрсдийгөө алдаршуулах юм уу, албан ёсны талархал хүлээлгүйгээр, олон сая цагийн үйлчлэл болон олон зуун сая долларыг чимээгүй хандивласаар байдаг. Гишүүд хандивын хуудсан дээрх хүмүүнлэгийн санд хандив өргөхөөс гадна ХҮГ буяны ажлуудад хандив өгч, номлолд үйлчилж, сайн найзууд болон хөршүүд байж, халамжийн байгууллага болон орон нутагт сайн дураараа хөдөлмөрлөдөг бөгөөд итгэл хүлээсэн орон нутгийн байгууллагуудын олон мянган хүнд хайр халамж болон цаг заваа зориулж байна.

Тэд үүнийг хийснээр ядуу болон гачигдалтай хүмүүсийг анхаарах талаар Аврагчийн заасан зүйлсийг гүйцэлдүүлж эхэлдэг.

“Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан: …

“Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:35, 40).