Эцэгт байгаа бүхнийг хүлээн авах нь: Орчин цагийн сургаалт зүйрлэл
Далын ахлагч Карлос Э.Эсэй (1926–1999), “The Oath and Covenant of the Priesthood,” Ensign, 1985 оны 11-р сар, 45.
Нэгэн залуу эрэгтэй номлолд үйлчлэхээр бэлтгэж байлаа. Эцэг эх нь түүнийг номлолын дүрмүүдээ дагаж, шаргуу ажиллах юм бол номлолыг нь санхүүжүүлэхийг зөвшөөрөв. Тэр зөвшөөрлөө.
Тэр номлолын талбарт очсоныхоо дараа номлолын ажил бодож байснаас нь илүү хэцүү болохыг мэджээ. Шинэ хэл сурах, өөр соёлд дасан зохицох, хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарах нь түүнийг сэтгэлээр унагав. Хамтрагч, номлолын ерөнхийлөгч хоёр нь түүнийг дэмжихийг хичээж байсан ч тэр бууж өгөхийг хүссэн хэвээр байлаа.
Тэр номлолын ерөнхийлөгчдөө гэртээ харихыг хүсэж байгаагаа хэлэв. Түүний номлолын ерөнхийлөгч залуу эрэгтэйн аав руу утасдаж, түүнд хүүтэйгээ ярих зөвшөөрөл олгожээ.
Номлогч аавдаа сэтгэлээр унасан тухайгаа хэлжээ. Түүний аав “Олон жилийн турш ээж бид хоёр чинь чамайг бүрэн цагийн номлолд үйлчлэх энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн. Есүс Христийн сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүст заах нь ямар чухал болохыг бид мэднэ” гэж хэлжээ.
Хүү нь “Аав аа, номлол таны хувьд ийм чухал гэдгийг би ойлгоогүй байжээ” гэв.
“Энэ бол миний хувьд бүх зүйл” гэж аав нь хэлжээ. “Би бүх л амьдралынхаа турш ажиллаж, бизнесээ босгож, чиний төлөө мөнгө хадгалсан. Миний зорилго бол чамайг элбэг хангалуун өв хөрөнгөөр хангах явдал.”
“Гэхдээ, аав аа “энэ чинь надад таалагдахгүй байгаа зүйлийг өөрчлөхгүй шүү дээ” гэж сануулав.
Аав нь түүний яриаг таслан, “Хэрэв чи хоёрхон жилийн хугацаанд Их Эзэнд үйлчлэн, өөрийгөө батлан харуулж чадахгүй бол би чамд хэрхэн өөрийнхөө бизнесийг хариуцуулан үлдээж чадах билээ?” гэлээ.
Хүү аавынхаа асуултыг тунгаан бодож, түр дуугүй зогсов.
Дараа нь аав нь “Хүү минь, хэрэв чи энэ дуудлагадаа итгэлтэй байж, өөрийнхөө зохистойг харуулах юм бол миний эзэмшиж буй бүх зүйл чинийх байх болно” гэж хэлсэн юм.
Энэ амлалт нөлөөлж, хүү аавдаа зоригтойгоор “Би үлдэнэ ээ” хэмээн хэлжээ.
Хүү үлдэж, итгэлтэйгээр үйлчилсэн юм. Тэрээр номлолын дүрмүүдийг дагаж, шаргуу ажилласан. Тийм ээ, тэр номлолынхоо дараа аавынхаа амлагдсан өв хөрөнгөнөөс, бүр түүнд ногдох ёстой байсан хувь болох аавдаа байсан бүгдийг хүлээн авсан юм.