Дуу хөгжим миний амьдралд
Зохиогч нь Бразилд амьдардаг.
Би алдаа гаргахаасаа айсан учраас төгөлдөр хуур тоглохоо больсон юм. Одоо надад айдсаа даван туулах боломж олдсон.
Хүүхэд ахуй наснаасаа миний мөрөөддөг байсан зүйл бол төгөлдөр хуур тоглох байсан юм. Намайг 12 настай байхад нэгэн гайхалтай Сүмийн гишүүн надад төгөлдөр хуур тоглохыг зааж өгч билээ. Дараа нь би ааваасаа даралтат хөгжим бэлгэнд авав. Гэвч ариун ёслолын цуглаан дээр тоглох гэж хичээхдээ сандардаг байсан болохоор тоглох хүсэл маань замхарч эхэлсэн юм. Би олон удаа алдаж, ичдэг байсан тул дахин тоглох хүсэлгүй болов. Би хангалттай их дадлага хийж, бараг төгс тоглодог болсныхоо дараа л дахин тоглоно гэж өөртөө хэлж билээ. Гэвч миний урам хугарч, даралтат хөгжмөө зарж, авьяасаа дарагдуулсан юм.
Олон жилийн дараа нэг ням гарагт төгөлдөр хуур тоглох хүн байсангүй. Манай тойргийн төгөлдөр хуур тоглодог байсан эгч шилжсэн байв. Би гишүүдийг төгөлдөр хуур эсвэл даралтат хөгжимгүйгээр дуулж байгааг хараад, Сүнс надад бишоптойгоо ярилцах хэрэгтэй гэж шивнэж байгааг мэдэрсэн юм. “Би тоглож болох уу?” гэж би асуулаа. Тэр зөвшөөрөв.
Төгөлдөр хуур тоглолгүй олон жил болсны эцэст би алдаа гаргахаасаа айх айдсаа даван туулсан билээ. Би тоглохоо болиод удсан ч тоглож чадсан маань намайг гайхшируулав. Би зарим нот дээр алдаж байсан ч олон алдсангүй. Тэр туршлага нь ням гараг бүр төгөлдөр хуур тоглохыг бишопдоо амлах хүч чадлыг надад олгосон юм.
Би долоо хоног бүр давтаж, төгөлдөр хуурт дахин дурлахаар суралцаж байна. Би дадлага хийх бүрдээ гэр оронд маань Сүнс байгааг хүчтэй мэдэрдэг. Заримдаа намайг тоглох үед гэрийн ажил хийж байгаа гэр бүлийнхэн маань хамт дуулдаг. Бид дуулал дуулж, нэгдмэл болдог.
Тойргийн олон гишүүн миний өсөж буйг ажиглаад, баяр хүргэж байлаа. Би тойргийнхоо цуглааны сүнслэг байдалд хувь нэмрээ оруулж байгаадаа талархаж байна. Мөн орхичихсон байсан авьяасаа эргүүлэн олж авсандаа талархалтай байдаг.
Би төгөлдөр хуур хөгжимд талархаж сурсан бөгөөд үүний авчирдаг амар амгалан нь гайхалтай зүйл юм. Бид тэнгэрт ийм маягийн хөгжим сонсох байх гэж би найддаг. Мөн би селестиел найрал дуунд төгөлдөр хуур тоглож байх ч юм бил үү, хэн мэдэх билээ?