2015
Хоньчид ба хурганууд
2015 оны долоодугаар сар


Биднийг дахин уулзтал

Хоньчид ба хурганууд

Бяцхан найз маань шуурганаас айсан байсан бөгөөд түүний майлах нь сонсогдож байв.

photo of a lamb laying down

Зургийг Suren Manvelyan/Thinkstock

Намайг бүр бага байхад аав маань цөлд ганцаараа явж байсан нэг хургыг олж ирэв. Хонин сүрэг цааш холдож, хурга эхээсээ салсан байсан бөгөөд хоньчин хурга алга болсныг ч мэдээгүй байсан байх. Хурга цөлд ганцаараа амьд гарч чадахааргүй байсан учраас аав хургыг гэртээ авчирсан байв. Хургыг тэнд үлдээсэн бол цөөвөр чононы хоол болох юм уу, өлсөж үхэх нь тодорхой байв. Учир нь хурга дэндүү бага байсан учраас сүүгээр угжих хэрэгтэй байсан юм. Зарим хоньчин эдгээр хургыг “төөрсөн хурга” гэж дууддаг. Аав маань надад энэ хургыг өгч, би хурганы хоньчин болсон юм.

Би хэдэн долоо хоногийн турш үхрийн сүү бүлээсгэж, хургыг угжиж байв. Бид хоёр дотны найзууд болсон. Би түүнд Най гэж нэр өгсөн ч яагаад тийм нэр өгснөө санадаггүй юм. Хурга бойжин өсөж эхлэв. Би хургатайгаа зүлгэн дээр тоглодог байлаа. Бид заримдаа зүлгэн дээр хамтдаа хэвтэж, би түүний зөөлөн ноосон дээр толгойгоо тавьж, хөх тэнгэрийг болон нүүж байгаа цагаан үүлсийг хардаг байлаа. Би өдөр нь хургаа цоожилдоггүй байв. Хурга гадагшаа гарч, гүйдэггүй байсан юм. Хурга маань удалгүй өвс идэж сурлаа. Би хонь шиг майлж, май гэж дуудахад тэр хашааны хаана ч байсан хүрээд ирдэг байв. Май.

Нэгэн орой аймшигтай шуурга болов. Би хургаа саравчинд хийх хэрэгтэй байсан ч тэр шөнө мартсан байлаа. Би орондоо оров. Бяцхан найз маань шуурганаас айсан байсан бөгөөд түүний майлах нь сонсогдож байв. Би түүнд туслах хэрэгтэйгээ мэдэж байсан ч орон дотроо аюулгүй, дулаан, хуурай байхыг илүүд үзэв. Би босох хэрэгтэй байсан ч боссонгүй. Маргааш өглөө нь би үхсэн хургаа олохоор явав. Нохой хурганы майлахыг сонсоод алчихсан байв. Миний сэтгэл маш их өвдөж билээ. Би аавынхаа надад хариуцуулсан зүйлд сайн хоньчин эсвэл үйлчлэгч байгаагүй юм. Аав минь надад “Хүү минь би чамд ганцхан хурга хариуцуулж болохгүй байсан юм гэж үү?” гэв. Аавын маань хэлсэн үг хургаа алдсанаас ч илүү намайг шархлуулж билээ. Бяцхан хүүгийн хувьд би тэр өдөр хэрэв надад дахин ийм боломж олдох юм бол хоньчны үүргээ дахин хэзээ ч үл тоомсорлохгүй гэж шийдсэн юм. …

Би жар гаруй жилийн дараа одоо ч гэсэн хариулах хэрэгтэй байсан боловч хариулаагүй, хүүхэд насанд минь байсан хурганыхаа майлж байгаа дууг оюун санаандаа сонссоор байдаг билээ. Аав минь надад “Хүү минь би чамд ганцхан хурга хариуцуулж болохгүй байсан юм гэж үү?” гэв. Хэрэв бид сайн хоньчид байж чадахгүй бол үүрд ямар мэдрэмжтэй байх бол гэж би боддог.

Жэймс Э.Фаустын хэлсэн үгнээс авав, “Responsibilities of Shepherds,” Ensign, 1995 оны 5-р сар, 46, 48.