2015
Ээжийн минь хуримын даашинз
2015 оны долоодугаар сар


Ээжийн минь хуримын даашинз

Анжэлика Флорэс Алгаба, Мексик, Кьюретаро

Wedding dress in a storage box.

Би жаахан охин байхдаа анх удаа ээжийнхээ хуримын даашинзыг харж билээ. Даашинзыг хайрцган дотор нямбай гэгч эвхэж хийсэн байсан ба ээж минь үүнийг надад үзүүлэхийн тулд болгоомжтой гаргаж ирснийг би санаж байна. Энэ нь хэчнээн гоё байсан гээч! Би хуримаа хийх өдрөө тэр даашинзыг өмсөж үзэхийг маш их хүсэж билээ.

Ээж минь даашинзаа эвтэйхан далд хийгээд, ирээдүйд үүнийгээ надад өмсүүлнэ гэж амласан юм. Энэ даашинз аавын минь түүнд өгсөн онцгой бэлэг байсан гэж тэр надад хэлсэн. Ээж хуримын зурагнууд дээрээ маш хайр булаам, үзэсгэлэнтэй харагдаж байв. Эцэг эх маань Сүмийн гишүүд биш байсан ч гайхалтай хүмүүс байлаа.

Би ирээдүйн нөхөртэйгөө танилцах үедээ Сүмийн талаар мэдэж авсан. Хэдийгээр тэр Сүмдээ идэвхгүй байсан ч бидний тэр уулзалт Анхны үзэгдлийн түүх рүү хөтөлсөн учраас ер бусын байсан юм. Энэ түүх гайхалтай байсан, гэвч би үүнийг хүлээж авахад бэлэн биш байв.

Бид 16 сар болзсоны эцэст ээжийнхээ урт хормойтой хуримын даашинзыг өмсөж, хурсан олны дундуур сүйт залуу руугаа алхах үед миний мөрөөдөл биелж билээ. Би бас маш хүчтэй дурласан байлаа. Олон хүн намайг ээжийнхээ гэрлэж байсан үеийнхтэй адилхан харагдаж байсан гэж хэлэв.

Олон жил улиран өнгөрч, бид хоёр хүүтэй болсон. Нөхрөө Сүмдээ эргэн ирэхээр хичээх үед би түүний хичээл чармайлтуудад саад болдог байв. Би өсвөр насандаа сүмд идэвхтэй байгаагүй ч, өөр сүмийг сонгох нь надад хэцүү байсан юм.

Энэ нь гэрлээд 19 жил болсны дараа л үндсэндээ өөрчлөгдсөн. Нөхөр маань Сүмдээ эргэн ирж, түүнээс хэдхэн долоо хоногийн дараа би түүнтэй хамт Сүмд явж эхэллээ. Миний гэрчлэл хурдан өсөж, би баптисм хүртэж, гишүүнээр батлуулав. Үүний дараа ариун сүмд нөхөртэйгөө лацдан холбогдохын тулд өөрийгөө бэлдэх нь миний хамгийн агуу хүсэл болж билээ.

Бидний лацдан холбогдох баярт өдөр ирэхэд би ээжийнхээ цагаан даашинзыг дахин өмссөн юм. Сүмийн нэг найз маань үүнийг ариун сүмд өмсөж болохуйц болгон засаж өгөв. Би түүнээс хойш ариун сүмд үргэлж энэ даашинзаа өмсөж байгаа.

Аавыг минь нас барах үед ээжийн минь бие муудсан байсан ч тэр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлэн болоогүй л байв. Гэхдээ би түүнд сэргээлтийн талаар олон гайхалтай зүйлсийг ярьсан. Тэр хөшигний цаана гарах үедээ үнэн сайн мэдээний захиасыг сонсох болно гэж би түүнд хэлсэн юм. Нэг жилийн дараа тэрээр төлөөлөн гүйцэтгэдэг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, мөн аавтай минь лацдан холбогдож болохын тулд түүний өмнөөс даашинзаа өмсөх болно гэж би түүнд амласан билээ. Тэгээд би амласныхаа дагуу хийсэн.

Одоо миний даашинз хуучирсан бөгөөд нэгэн өдөр би үүнийг өмсөж чадахаа болино гэдгээ мэднэ. Тэр өдрийг хүртэл би үүнийг нөхөр, ээж, аавынхаа төлөө мөн ариун сүмд өмнөөс нь үйлчилсэн гэр бүлийнхээ гишүүд болон үнэн сайн мэдээний төлөө түүнчлэн ариун нандин ёслолууд, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү, Есүс Христийн төлөө хайраар үргэлжлүүлэн өмсөх болно.