2015
Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудад хариулдаг
2015 оны долоодугаар сар


Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудыг сонсож, хариулдаг

Тэнгэрлэг Эцэг маш олон удаа миний залбирлуудыг сонсож мөн хариулсан билээ. Үүнтэй холбоотой хамгийн анхны дурсамж намайг дөрвөн настай байхад болсон юм. Би тоглохыг хүссэн өрдөг тоглоомуудаа алга болгочихсон байв. Тиймээс би өрөөндөө ороод, залбирахаар өвдөг сөгдлөө. Надад тоглоомуудаа олоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйв. Миний залбирал тэр дороо хариулагдаж, би хажуугийн өрөөнөөс өрдөг тоглоомуудаа олов.

Надад тохиолдсон хамгийн гайхалтай мөчүүдийн нэг нь гэр бүлийнхэнтэйгээ хамт залбирсан залбирал маань хариулагдсан явдал юм. Миний үеэл Крисчин номлолоо дуусгаад, хэдхэн сарын дараа уулын хавцлын зам дээр шөнийн цагаар машинтайгаа явж байжээ. Тэр өөр нэг машинтай мөргөлдөв. Нөгөө жолооч зүгээр байсан ч манай үеэл нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн юм.

Крисчиний бүх бие хүнд гэмтсэн байлаа. Тэр ухаан алдсан байсан ба эмч нар түүний ухаан орох эсэхийг мэдэхгүй байв. Манай гэрийнхэн мацаг барихаар шийдэв. Эцэг эх, эгч нар, өвөө эмээ, нагац, авгууд болон бүх үеэл Крисчиний төлөө ээлжлэн мацаг барьж байлаа. Би хичээлтэй өдрөө мацаг барив. Би багшдаа болон ангийнхандаа яагаад тэр өдөр хоол идэхгүй байснаа тайлбарлах ёстой болов. Би үеэлийнхээ төлөө мацаг барьж байсан учраас нэг өдөр хоолгүй явах нь надад үнэхээр асуудал болоогүй юм.

Тэнгэрлэг Эцэг бидний залбирлуудад хариулж, Крисчин эцэст нь ухаан орсон юм. Түүний чадварууд өмнөх шигээ бүрэн дүүрэн сэргээгүй ч тэр зарим талаараа сайжрав. Крисчинд бүрэн эдгэрэхэд удаан хугацаа шаардлагатай гэдгийг би мэднэ. Бид түүний төлөө үргэлжлүүлэн залбирч байгаа. Тэнгэрлэг Эцэгийн тусламжаар бүх зүйл боломжтой.

Зураг чимэглэлийг Дан Бөрр