2015
Би найзтайгаа ярьж байгаа юм шиг л Бурхантай ярьдаг байв
2015 оны долоодугаар сар


Би найзтайгаа ярьж байгаа юм шиг л Бурхантай ярьдаг байв

“Залбир, Тэр амьд; ярь, Тэр сонсдог” (Children’s Songbook, 12).

Би бага байхдаа маш ичимхий байсан бөгөөд найзтай болох нь миний хувьд хэцүү байдаг байв. Би айдас, ичимхий байдлаа даван туулах гэж Бурханд маш их залбирсан. Би найзтайгаа ярьж байгаа юм шиг л Түүнд хандан залбирдаг байв. Үүнийг хэрхэн хийхийг хэн ч надад заагаагүй. Би зүгээр л үнэхээр хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байсан юм. Надад найз нөхөд байгаагүй. Тиймээс би Түүнтэй ярилцсанаар нэг найзаа олсон юм.

Дараа нь би номлогчидтой уулзсан. Тэд надад Мормоны Ном өгсөн бөгөөд бид үүнийг уншиж эхлэв. Би 3 Нифай 17-г уншиж байгаад, Есүс бяцхан хүүхдүүдийг авч, тэдний төлөө залбирсанд үнэхээр их сэтгэл хөдөлж билээ. Энэ бол залбирах зөв арга зам байсныг би мэдэж байв.

Би Есүс Христийн залбирч байгаа бүхий л судруудыг уншихаар шийдсэн юм. Лук 3:21-д бичсэнээр, Иохан Түүнд баптисм хүртээсний дараа Есүс Тэнгэрлэг Эцэгтээ залбирсан бөгөөд тэнгэр нээгдсэн юм. Би үүнийг уншаад, тэнгэрийг нээх тийм арга замаар залбирахыг хүсэж байгаагаа ойлгосон.

Заримдаа би ядарсан үедээ залбирмааргүй санагддаг. Харин дараа нь би Есүсийн яаж залбирсныг санадаг. Тэнгэр миний төлөө нээгдэж болохын тулд би залбиралдаа үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг.

Заримдаа би өөрийгөө илүү сайн илэрхийлж чадах үгсийг бодож олж чаддаггүй учраас миний залбирлууд богинохон болдог юм шиг санагддаг. Би дотроо маш их зүйл мэдэрдэг ба “Та миний юу хэлэхийг хүсэж байгааг мэднэ. Надад туслаач” гэж хэлдэг.

Заримдаа би хоолоо адислахаар залбирах үедээ ийм жижиг залбирлаар хүртэл тэнгэр нээгддэгийг санадаг. Би дэлхийн талаар мартахыг хичээж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбогдохыг хичээдэг. Би маш даруухан арга замаар зүрх сэтгэлээсээ ундран гардаг зүйлсийг хэлдэг.

Надад амар амгалан, тайтгарал мэдрэгдэх үед тэнгэр бас миний төлөө нээгддэгийг би мэднэ.

Номлогчид манай гэр бүлийнхэнд сайн мэдээний талаар заасны дараа ээж, эгч, бид гурав баптисм хүртсэн. Гэхдээ аав, ах болон бусад эгч маань Сүмд нэгдээгүй юм. Би аавыгаа Сүмийн гишүүн болоосой гэж үнэхээр их хүсэж байлаа. Би мацаг барьж, өдөр бүр аавыгаа сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэхийн төлөө залбирч байв.

Би аавынхаа төлөө залбирах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ч бас Бурханы хариултыг хүлээх хэрэгтэйг мэдэж байлаа. Заримдаа Тэр “Үгүй, хараахан болоогүй” гэж хэлдэг. Эцэст нь аав маань сайн мэдээг сонсож, ойлгож, баптисм хүртсэн юм.

Хэрэв ээж чинь юм уу аав чинь Сүмийн гишүүн хараахан болж амжаагүй байгаа бол өөрийн найз—Тэнгэр дэх Эцэгтэйгээ ярилц. Аав эсвэл ээжийнхээ зүрх сэтгэлд хүрэхийг Түүнээс хүс. Түүнтэй даруухнаар мөн үнэнчээр, чин сэтгэлээсээ ярилц. Тэгээд тайвшир. Бүх зүйл Түүний гарт байдаг. Тэр аливаа зүйлсийг хэрхэн хийхээ мэддэг. Тэр танай аав, ээжийг та нараас илүү сайн мэддэг. Тэр тэдэнд хэрхэн хүрэхээ мэддэг.

Бүү санаа зов. Танд найз байгаа. Зүрх сэтгэлээсээ залбир. Тэнгэрлэг Эцэг та нарыг сонсох болно. Тэнгэр нээгдэнэ. Тэр та нарыг мэддэг бөгөөд та нарыг адислах болно.

Зураг чимэглэлийг Диллин Марш