2015
Уучлах арга замаа олох нь
2015 оны долоодугаар сар


Уучлах арга замаа олох нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

A sad-looking young woman at school.  Behind her are two other young women who are looking at a cell phone and smiling.

Хэн нэгэн биднийг гомдоох ямар нэгэн зүйл хийсэн үе бид бүгдэд байдаг. Заримдаа энэ шаналлаас ангижрах нь боломжгүй мэт санагддаг. Харин Аврагч гомдол цөхрөл асар их байгаа үед ч гэсэн бүх хүнийг өршөөхийг бидэнд заасан. Өршөөх нь хэцүү байж болох ч биднийг Христэд илүү их ойртуулдаг эдгээр зүйлийг хийснээр, бид өршөөлийг бий болгогч амар амгаланг олж чадна. Хоёр залуу эмэгтэй бусдыг уучилсан туршлагуудаа хуваалцсан юм.

Найзаа уучлах нь

Рэнээ* Бельги дэх шинэ сургуульд шилжиж очин, шинэ найзуудтай болохдоо баяртай байлаа. Гэтэл нэг найз нь асуудал үүсгэх зүйл хийжээ. Рэнээ тайлбарлахдаа:

“Нора гэдэг найз маань найз Кэйтигийнхээ нэрийг ашиглаж фэйсбүк хаяг нээсэн байв. Тэр профайлийг ашиглан, хүмүүсийг сүрдүүлж эхэлсэн бөгөөд хүн бүр энэ бүдүүлэг үйлдэлд Кэйтиг буруутгаж байлаа. Нора сургууль дээр хүртэл миний шашин, зан харьцааны талаар даажигнан, надаар тохуурхаж байв. Би эдгээр халдлагаас зугтаахыг хичээсэн ч чадахгүй байлаа. Тиймээс би өөр хүүхдүүдтэй нийлж эхэлсэн юм.

“Нора хуурамч профайлийнхаа талаар илчлэх үед хүн бүр түүнд дургүйцэж байв. Нора уучлал гуйж, надад захиа өгсөн ч би түүнийг уучилж чадна гэж бодохгүй байв. Би маш их уурласан байсан юм.

“Би нэг өдөр судар уншиж байгаад, Сургаал ба Гэрээ 64:9–10-ыг тохиолдлоор уншив. ‘Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой. Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана.’

“Би тэр даруй Норагийн тухай бодлоо. Миний хувьд ингэтлээ уурлах нь зөв биш гэдгийг би мэдэж авав. Би Тэнгэрлэг Эцэгтээ залбирч, түүнийг уучлахад надад туслахыг гуйсан юм. Энэ нь амаргүй байсан ч би хичээсээр байв. Би түүнээс өдөр ямархуу өнгөрч байгааг асуусан зурвас илгээх, заримдаа өдрийн хоолон дээр ярилцах зэргээр эхэлсэн юм. Би Норагийн аав дөрвөн жилийн өмнө нас барсныг олж мэдэв. Түүний амьдрал хэцүү байсан ба хүн бүр түүнд дургүй гэж тэр боддог байжээ. Би түүнд уурлахаа больсондоо баяртай байв. Намайг яаж Нораг уучилж чадсаныг Кэйти болон зарим хүн ойлгохгүй байсан ч миний хийсэн зүйл зөв гэдгийг би мэдэж байлаа. Би бас Тэнгэрлэг Эцэг надаар бахархаж байгааг мэдэж байв.”

Рэнээ Бурхан бүх хүнийг уучлахыг бидэнд зарлигласан гэдгийг мэдэж авсан юм. Энэ зарлигийг дагаснаар тэр Нораг өрөвдөн хайрлаж, түүнийг ойлгож эхэлсэн бөгөөд бүрэн дүүрэн уучлах боломжтой болсон.

Ахыгаа нас барах үед амар амгаланг олсон нь

Өсвөр насны согтуу жолооч ба хамт явсан зорчигчдынх нь гаргасан машины ослоор Жанетийн ах амь үрэгдсэн бөгөөд тэр энэ гашуун мэдрэмжээсээ ангижрах хэрэгтэйг мэдэж байсан ч, яаж гэдгээ мэдэхгүй байлаа.

“Намайг юу хамгийн их шаналгасныг хэлэхэд хэцүү байв. Эдгээр ухаангүй өсвөр үеийнхэнд уурласнаас уу эсвэл ахыгаа буцааж авчрах гэсэн миний чин сэтгэлийн хүслээс үү? Миний амьдралд ийм том нөхөж баршгүй гарз тохиолдож байсныг би бодож ч чадахгүй байв. Би олон цагийн турш хичээнгүйлэн залбирч байснаа санаж байна. Миний хүсэж байсан бүх зүйл бол Нафаныг буцааж авчрах байсан юм.

“Би Нафаны үхэлд буруутай хөвгүүдийн хүлээх хариуцлаганд гашуудаж байв. Учир нь тэд маш их гэмшсэнийг би мэдэж байв. Гэхдээ уур, дургүйцэл их хүрч байв. Тэднийг буруутгах амархан байлаа. Би оюун ухаандаа эдгээр залуу эрэгтэйг уучилсан гэж хэлсэн боловч ослын талаар бодох үед миний уур хүрсээр л байв. ‘Би ер нь эдгээр залуу эрэгтэйг хэрхэн уучилж чадах вэ? Хэрэв уучилсан бол уучилснаа хэрхэн мэдэх вэ?’ хэмээн би үе үе өөрөөсөө асууж байв,

“Би олон зуун удаа залбирч, чин сэтгэлээсээ мацаг барьж, маш их судалж бас тунгаан бодсоны дараа л тэднийг үнэхээр уучилснаа мэдэрсэн юм. Би нэг өдөр тунгаан бодож байсан үеэ санаж байна. Би ‘тэднийг уучилсан гэж бодсон. Бид яахан уучилж чадахгүй байх билээ? Хүн бүр алдаа гаргадаг, тэднийг шүүх би хэн билээ? Би өс санаж, хорссоноороо хэзээ ч юуг ч шийдвэрлэж чадахгүй, тиймээс би уучилж байна.’ Энэ мэдрэмж гайхалтай байсан! Би тэр залуу эрэгтэйчүүдийг үнэхээр уучилсан эсэхээ мэдэхийг хүссээр л байв. Дараа нь тэр цаг ирсэн юм. Би Нафанд тохиолдсон зүйлийг өөрчилж чадахгүй ч, уурлахаасаа илүү өршөөл, хайраар үйлдэхийг сонгож чадна.

Жинхэнэ уучлал нь цаг хугацаа, хүч чармайлт шаарддаг гэдгийг Жанет олж мэдсэн. Аврагч “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно” (С ба Г 88:63) гэжээ. Жанет мацаг барилт, залбирал, судар судлах болон бусад хичээл зүтгэлээр дамжуулан Их Эзэнд ойртсон юм. Бид үүнтэй адил үйлдсэнээр, бидний уур хилэн ба шарх амар амгалан, уучлалын мэдрэмжүүдээр солигдож чадна.

Хайраар дүүргэгдэв

Жанет, Рэнээ хоёрт тохиолдсон шиг уучлал нь нигүүлсэл, ойлголт, тэвчээрийг мэдрэхэд бидэнд тусалдаг. Бид бусдыг уучлах үед Их Эзэн биднийг Өөрийн цэвэр хайраар дүүргэж, мөн бид Түүнтэй илүү адил болох болно.

  • Нэрийг өөрчлөв.