2015
Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь
2015 оны долоодугаар сар


Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь

Ариун сүмийн тухай бодохдоо инээмсэглэ. Энэ бол хүч ба адислалын газар юм.

The Washington D.C. Temple at sunset and evening shots.  Also shots with fog.

Ариун сүмийн нээлттэй хаалганы өдрөөр би ариун сүм дотор эцэг эхийнхээ ард зогсож байгаа хэдэн охиныг ажиглав. Тэд сүйт бүсгүйн өрөөний толинуудад өөрсдийгөө олж хараад, инээмсэглэлээ. “Та нар ямар онцгой болохоо мөн Тэнгэрлэг Эцэг та нарт ямар их хайртайг сана” гэж эмээ нь шивнэв. Охид бүр гоо үзэсгэлэнтэй, чадвартай, дэлхий дээрх зорилгоо биелүүлэхэд бэлэн болж, итгэлтэй эмэгтэйн хувиар ариун сүмд эргэн ирэх цаг хугацааг төсөөлөн бодож байлаа. Нээлттэй хаалганы өдөрт оролцож байсан хөвгүүд бас ирээдүйнхээ адислал, үүрэг хариуцлагуудыг зэрвэс харсан байв.

Эдгээр хүүхдийн ариун сүмд мэдэрсэн зүйлс нь зөв байлаа. Тэнгэрлэг Эцэг та нарыг адислахыг хүсдэг. Та нарыг ариун нандин ёслолуудыг хүлээн авч, ариун нандин гэрээнүүдийг хийж, дагахаар ариун сүмд орох үед Түүний хамгийн агуу адислалууд ирдэг. Та ариун сүмд ороход бэлтгэж мөн бэлэн болох үүрэгтэй.

Ариун сүм нь та нарын амьдралд, ялангуяа бага байгаа үед тань тун чухал юм: Залуу эрэгтэй туршлагатай, тогтвортой амьдралтай болсон аав, өвөөгөөсөө ч илүү ариун сүмд өөрийнхөө байх ёстой газарт хэрэгтэй байна; мөн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу эмэгтэйд ариун сүмийн ёслолуудад оролцсоноос ирдэг сүнс, нөлөө, удирдамж хэрэгтэй байна.”1 Эдгээр адислалыг бүрэн дүүрэн хүлээн авч, мөн ойлгох боломжтой байхын тулд зүрх сэтгэл, оюун ухаанаа одооноос бэлтгэ. (Матай 13:23; Марк 4:20-ийг үзнэ үү).

Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авах нь

Хэрэв та нар ариун сүмд ороход бэлтгэх аваас, ариун сүмд “[Түүний] сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахад бэлэн” (С ба Г 35:12; тодотгол нэмэгдсэн) байх болно. Ариун сүм бол хүч ба адислалын газар. Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг болон эртний гэгээнтнүүдийг эцэст нь тэдний ариун сүм барьсан АНУ-ын Огайогийн Көртландад цугларах заавар өгсөн юм. “Мөн тэнд та нар тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно” (С ба Г 38:32; тодотгол нэмэгдсэн).

Саяхны нэгэн ариун сүмийн нээлттэй хаалганы өдрөөр нэг төлөөлөгч гэр бүлийнхнийгээ лацдан холболтын өрөөнд тахилын ширээг тойруулан цуглуулав. Тэр тэдэнд Сүмд бидний хийдэг бүх зүйл—хичээл, үйл ажиллагаа, хөтөлбөр, цуглаанууд биднийг ариун сүмийн тахилын ширээнд лацдан холбогдох ёслолуудыг хүлээн авахад бэлтгэдэг хэмээн заасан юм. Ариун сүм бол та нарын мөнхийн аз жаргал, өсөлт хөгжилд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хамгийн чухал хэсгийг төлөөлдөг.

Бурхантай гэрээнүүд хийхэд бэлтгэх нь

Ариун сүмд орж, гэрээнүүд хийх бэлтгэл тань хурдан үйл явц биш юм. Энэ нь таны баптисм, Ариун Сүнсний бэлгээр эхэлж, залбирал, судраас судлах, дуулгавартай байдал, үйлчлэл зэргээр өсөж хөгжиж байдаг. Чи ариун ёслолд оролцсоноороо долоо хоног бүр цэвэр ариун байдлыг урьдаг. Энэ нь чамайг наманчлалаар дамжуулан өршөөлийг эрэлхийлж, жишгүүдийг дагаж мөн хязгаартай ариун сүмийн эрхийн бичгээ зөв зохистой авч явж сурах үед тохиолддог. Өсвөр үеийнхний хөтөлбөрүүд чамд туслах хэдий ч, бэлтгэл чинь чамаас шалтгаалах болно; чи өөрийнхөө зохистой байдлыг болон өөрийнхөө гэрчлэлийг мөн өөрийнхөө хөрвөлтийг гүнзгийрүүлж байгаа юм. Аврагчийн Цагаатгал чамд хувийн арга замаар нөлөөлдөг.

Чи сүнслэг байдлынхаа түвшинг нэмэгдүүлснээр ариун сүмд бэлтгэж мөн орох хүсэлтэй болох болно. Тэнд та нар Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойртоход шаардлагатай алхмууд болох ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг хийх болно. Ариун сүмийн ёслолууд бол “хүн төрөлхтөнд илчлэгдсэн хамгийн дээд өргөмжлөгдсөн ёслолууд юм.”2

Та нар ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах үедээ Эцэгтэйгээ ердөө ганцхан удаа өөрийнхөө төлөө ариун гэрээнүүдийг хийдэг бөгөөд дараа нь амьдралынхаа турш тэдгээрийг дагахаар хичээж чармайдаг. Та нар ариун сүмд орох бүрдээ Түүний Сүнсийг мэдэрч, бусдын төлөө шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэж байхдаа нэмэлт илчлэлт ойлголт хүлээн авах болно. Та нар мөнх оршихуйн баталгааг болон гэрээнүүдийнхээ төгсгөлгүй хүчийг ойлгож, хүлээн авах болно. Хэрэв бид мөнх биетэй байгаагүй бол ариун сүм шаардлагагүй байх байсан. Та нар үүрд оршиж мөн ”хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд” Тэнгэрлэг Эцэг болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсдэг учраас ариун сүмд орж, гэрээнүүд хийдэг (Мозая 2:41). Энэ баталгаа та нарын бодгальд өсөж, Ариун Сүнсээр батлагддаг.

Зохистой байх нь

Young woman meeting with her bishop.  Shot in the Philippines.

Ариун Сүнсний үүрэг бодитой юм. Тэрээр та нарт зааж, та нарыг цэвэршүүлж мөн Эцэгийн хайрыг цутгадаг (Ром 5:5-ыг үзнэ үү). Амлалтын Ариун Сүнс гэдэг нь бүх гэрээ мөнхийнх гэдгийг баталдаг Ариун Сүнсний баталгаажуулагч хүч юм.

Сүнсийг хүлээн авахын тулд та нар цэвэр, ариун болж, өршөөгдөөгүй гэм нүглээсээ ангижирснаар ариун сүмд орох ёстой. Хэрэв дайсан таныг ямар нэгэн байдлаар амжилттай ялан дийлж байгаа бол энэ нь таныг ариун сүмд оруулахгүй байхад, эсвэл ариун сүмд зохисгүй байдлаар ороход уруу татаж байж болох юм.

Ийм шалтгаанаар та бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө таны зохистой байдлын буюу ариун сүмд орох эрхийн бичиг хүлээн авахуйц зохистой байгаа эсэхийг тодорхойлох ганцаарчилсан ярилцлаганд орохоор уригдаж болно. Үнэнч байж, танд туслахыг хүсэж буй түүнд итгэ. Үнэн хэрэгтээ та Их Эзэний өмнө хэр зохистой байгаагаа тодорхойлж байгаа хэрэг юм (С ба Г 109:24-ийг үзнэ үү). Та эхлээд ариун сүмийн эрхийн бичгэн дээрээ гарын үсэг зурах болно. Та Их Эзэний өмнө зохистой байдлаа гэрчилж байна.3

Зохистой байна гэдэг нь та бүр төгс байна гэсэн үг биш. Энэ нь таны зүрх сэтгэл зөв, та зарлигуудын дагуу амьдарч байгаа бөгөөд өдөр бүр илүү сайн байхыг хүсдэг гэсэн үг юм.

Бэлгэдлүүдээс суралцах нь

Судрууд дээр гардаг шиг, Их Эзэн ариун сүм дотор бэлгэдлүүдийг ашиглан заадаг. Та судруудаас хад, үр, жимс, амьдралын мод болон ариун ёслолын талх, ус гэх мэт олон бэлгэдлийг олж харж чадна (жишээ нь, 1 Нифай 11; Алма 32; Хиламан 5:12-ыг үзнэ үү). Усанд умбуулалтаар хийдэг баптисм нь шинэ амьдрал, дахин төрөлт, цэвэр ариуныг бэлгэддэг (Ром 6:3–5-ыг үзнэ үү). Бид ариун сүм дотор цэвэр, ариун, гэрэл, тэгш эрхийг бэлгэдэж цагаан хувцас өмсдөг.

Ариун сүмийн зарим бэлгэдэл нь бие махбод болон сүнслэг байдал аль алиныг бэлгэддэг. Жишээ нь, гармент өмсөх нь ариун сүмийн гэрээнүүдийн болон амлагдсан адислалуудын өдөр тутмын бодит сануулагч болж байдаг. Хэрэв гарментийг эрхэмлэн хүндэтгэх юм бол биднийг уруу таталт, шударга бус нөлөөнүүдээс хамгаалах болно.

Ариун сүмийн ёслол бүр бэлгэдлийн чанартай байдаг. “Хүнийг ариун жаягаар угааж бас тосолж болно,”4 энэ нь албан тушаалаа авахаар бэлтгэгдэж байсан эртний израильчуудын хаад, пристүүдийг санагдуулдаг (1 Самуел 10:1; 16:13). Хишиг хүртэхэд ашиглагддаг заавар, гэрээнүүд нь Бурханаас ирэх хүч чадал, амлалтуудаар хувцаслах эсвэл эдгээрийг хүртэх гэсэн утгыг илэрхийлдэг (Лук 24:49-ийг үзнэ үү). Магадгүй хамгийн үзэсгэлэнтэй бэлгэ тэмдэг бол хосууд үүрд мөнхийн мөхөшгүй харилцаагаар холбогддог лацдан холбох ёслол байж болох юм.

Ариун сүмийн амлалтууд баялаг бөгөөд сүр жавхлантай билээ. Бидний Эцэгийн зөвхөн танд зориулан хадгалсан “агуу халамж” хийгээд “агуу адислалууд” (3 Нифай 10:18) байгаа. Тиймээс ариун сүмийн талаар бодох үедээ инээмсэглэ.

Та хэдэн настайгаасаа үл хамааран Тэнгэр дэх Эцэгийнхээ танд санал болгож буй хамгийн агуу адислалуудыг хүлээн авахад бэлэн байхын тулд шаардлагатай зүйлсийг хий. Та хүүхэд байхдаа “Би ариун сүм харах дуртай. Нэгэн цагт би тэнд очно. … Бага байхдаа би өөрийгөө бэлтгэнэ. Энэ миний нандин үүрэг”5 хэмээн дуулахдаа мэдэрдэг байсан мэдрэмжиндээ итгэ. Энэ нь таны хувьд үнэн байж болно.

Эшлэлүүд

  1. Жoн A.Видцөү, “Temple Worship,” Utah Genealogical and Historical Magazine, 1921 оны 4-р сар, 91-92-ыг үзнэ үү.

  2. Ариун сүмд ороход бэлтгэх нь (товхимол 2002), 1-ийг үзнэ үү.

  3. Иошуа 24:22, 27: “Өөрт нь үйлчлэхээр Эзэнийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд. Бид нар гэрч нар мөн гэлээ.” Дараа нь “Энэ чулуу [бидний хувийн ариун сүмийн эрхийн бичигтэй адил] бидэнд гэрч болох болно; Учир нь бүх үгсийг энэ чулуу сонссон” гэж хэлээд Иошуа нэгэн том чулуу аваад үүнийгээ царс модны дор байрлуулав,

  4. Ариун сүмд ороход бэлтгэх нь (1).

  5. “Би ариун сүм харах дуртай” Children’s Songbook, 95).

Айдахо дахь Рэксбургийн ариун сүмийн зураг

Хавайн Лайе ариун сүмийн өнгөт шилэн цонх