2015
Шашин ба засгийн газар
2015 оны долоодугаар сар


Шашин ба засгийн газар

Шашин, засгийн газар хоёр ялгаатай ч зэрэгцэн орших замууд юм. Тэд бие биенээ хамгаалж мөн дэмжиж байгаа үедээ хамгийн амжилттай, үр дүнтэй байдаг.

A couple holding hands and walking on railroad tracks.

Зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Шашин ба засгийн газар нь, заримдаа хамт амьдрахад хэцүү ч тусдаа амьдарч чадахгүй гэдгээ мэддэг хостой адил юм. Шашин, засгийн газар хоёрын аль аль нь илүү сайн хөгжихийн тулд бие даасан байх хэрэгтэй ч бүрмөсөн салах нь сайн биш гэдгийг түүх батлан харуулдаг. Тэд ялгаатай ч зэрэгцэн орших замууд юм. Тэд бие биенээ хамгаалж мөн дэмжиж байгаа үедээ хамгийн амжилттай, үр дүнтэй байдаг.

Засгийн газрууд шашны эрх чөлөөг хамгаалж, дэмжлэг үзүүлж, нийгэм дэх сүмүүдийн үүргийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Аз болоход, өнөөдөр дэлхий дээрх ихэнх засгийн газар наад зах нь шашны эрх чөлөөг ямар нэгэн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг ба иргэдээ шүтэн бишрэх, өөрсдийн ухамсрын дагуу шашнаа хэрэгжүүлэх эрхээр хангадаг. Энэ нь үргэлж ийм байгаагүй.

Олон үеийнхэн засгийн газар нь төрийн шашнаа шүтэхийг тулгаснаас болоод эрх чөлөө нь боомилогдон, алдагдахыг харсан. Бусад нь засгийн газар шашныг бүхэлд нь хориглосноор ёс суртахууны хувьд унахыг ч харсан. Бид өнөөгийн дэлхий дээрх улс орнуудын үндсэн хуулийн дийлэнх хэсэг нь шашны итгэл үнэмшил, зан үйл нь хэдийгээр засгийн газраасаа тусдаа байж болох ч хавчлага дарамтаас хамгаалагдаж, баталгаажигдах ёстой гэсэн нийгмийг төсөөлөн харж байгаад талархалтай байдаг.1

Мормоны Номонд дүрслэгдсэн тэнгэрлэг засгийн газар нь хүмүүстээ шашин шүтэх эрх чөлөөг болон үүнийгээ хэрэгжүүлэх боломжийг олгодог байв.

“Эдүгээ хэрэв хүмүүн Бурханд үйлчлэхийг хүсвэл, энэ нь түүний эрх байв; эсвээс, хэрэв тэр Бурханд итгэдэг бол түүнд үйлчлэх нь түүний эрх байв; харин итгэдэггүй бол түүнийг шийтгэх хууль үгүй байв. …

“Учир нь хүмүүс гэмт хэргүүдийнхээ дагуу шүүгдэх ёстой хэмээх нэгэн хууль байв. Гэсэн хэдий ч, хүмүүний сүсэг бишрэлийн эсрэг хууль байсангүй” (Алма 30:9, 11).

Бид итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд, биднийг хүссэн үедээ шашны итгэлээ хүлээн авч мөн амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг олгож буй засгийн газрын хамгаалалтуудад талархах хэрэгтэй.

Шашны үндсэн үүрэг

Шашин ба ёс суртахууны байдал нь сайн, үр дүнтэй засгийн газарт дэмжлэг үзүүлж, нөлөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь заримынх нь хувьд ойлгомжгүй байдаг байж болно. Өнөөгийн дэлхийд тулгамдаж байгаа ноцтой асуудлуудыг шийдэж болох цорын ганц бодит шийдэл бол улс төрийн эсвэл эдийн засгийн асуудлууд биш, харин сүнслэг зүйлс юм. Жишээ нь, арьс өнгөөр ялгаварлах үзэл, үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргүүд нь сүнслэг асуудлууд бөгөөд тэдгээрийг шийдвэрлэх цорын ганц шийдэл нь сүнслэг зүйлс юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс:

“Барууны нийгмийн чухал ёс суртахууны олон хөгжил дэвшилд шашны зарчмууд нөлөөлж, индэр дээр номлож буй зүйлсийг албан ёсоор хэрэгжүүлэхийг ятгаж байна. Жишээ нь, үүнд Англи дахь боолын худалдааг хүчингүй болгох болон [Нэгдсэн Улс] дахь чөлөөлөлтийн тунхаг орно. Мөн адил өнгөрсөн хагас зууны Иргэний эрхийн хөдөлгөөний үнэн байдал үүнд орно” гэж заасан байна2.

Аливаа нийгэмд ёс суртахууны дэг журам тогтооход шашин болон сүмүүд ихээхэн нөлөөлдөг. Засгийн газрууд ёс суртахуун, зан байдал болон итгэлээр дутмаг нийгмээс үүссэн гэмт хэрэгтнүүдийг байршуулах хангалттай олон шоронг хэзээ ч барьж чадахгүй. Эдгээр зан чанар нь хууль тогтоолоос эсвэл цагдаагийн хүчнээс илүүтэй шашны зан үйлээр илүү сайн хөхиүлэн дэмжигддэг билээ. Засгийн газрын хувьд хүн төрөлхтний зүрх сэтгэлээс үүсэн бий болох зан чанарууд, хүсэл болон итгэл найдварыг хянах боломжгүй юм. Гэхдээ эдгээр үр нь засгийн газрын зохицуулах ёстой үйлдэл болдог.

Францын түүхч, улс төрийн зүтгэлтэн Алэксис дэ Токүвиллэ бичихдээ: “Дарангуйлал нь итгэлгүйгээр засаглаж болно, гэхдээ эрх чөлөө үүнгүйгээр засаглаж чадахгүй”3 гэжээ. Дарангуйлал ч гэсэн итгэлгүйгээр удаан оршин тогтнож чадахгүй юм. ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин “Та нар жадаар хаант ширээ босгож болох ч үүн дээр суух маш хэцүү” хэмээн онцлон тэмдэглэжээ.4

Есүс Христ Уулан дээрх номлолоороо номонд бичигдсэн хуулийг зүрх сэтгэлд бичигдсэн хуультай харьцуулсан юм.

“Энэ нь хуучин цагийн тэднээр хэлэгдсэнийг та нар сонссон, чи алах ёсгүй, мөн алсан хэн боловч, Бурханы шүүлтийн дор аюултай байдалд байх болно;

“Гэвч би та нарт хэлнэ, ахдаа уурласан хэн боловч түүний шүүлтийн дор аюултай байдалд байх болно” (Матай 5:21–22).

Засгийн газар номонд бичигдсэн хуулийг хүчилж байхад, шашин зүрх сэтгэлдээ бичигдсэн хуулийг дагахыг зааж, урамшуулан дэмжиж байдаг. Сүүлийнхийг дагадаг хүмүүс өмнөхийг ховор тохиолдолд зөрчдөг. Бид Сургаал ба Гэрээнээс уншдагчлан “Бурханы хуулиудыг сахьдаг тэрээр уг нутгийн хуулиудыг зөрчих шаардлагагүй билээ” (58:21).

Харин зүрх сэтгэлийн асуудлуудыг үл тоосон газарт засгийн газрын хар үсэгтэй хууль болон хуулийн механизм эцэстээ намагт живэх болно. Нийгэм дэх сайн харилцаа нь хүмүүсийн дийлэнх нь хууль тогтоомжийн эсвэл цагдаагийн хүчээр шахуулахгүйгээр хийх хэрэгтэй хэмээн итгэсэн ёс суртахуунтай зүйлсийг хийсэн үед бий болдог.

Засгийн газар нь иргэдийнхээ биеэ хэрхэн авч явахад анхаарч байдаг. Засгийн газар тэднийг биеэ төлөв төвшин, ёс суртахуунтай авч явдаг болгох гэж хичээдэг. Шашин эсрэгээрээ, тэднийг төлөв төвшин, ёс суртахууны арга замаар биеэ авч явах хүсэлтэй болгохоор хичээдэг. Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Уайт Д.Эйзенхауэрийн засгийн газрын гишүүн, ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) нэгэн хамгийн чухал онцлогийг заасан юм.

“Их Эзэн дотроос нь гадагшаа ажилладаг. Дэлхий гаднаас нь дотогшоо ажилладаг. Дэлхий хүмүүсээ ядуу тарчиг амьдралаас нь гаргахыг хүсдэг. Харин Христ ядуурлыг хүмүүсийн дотоод сэтгэлээс гаргасны дараа тэд өөрсдийгөө ядуурлаас гаргадаг. Дэлхий хүмүүсийн хүрээлэн буй орчинг өөрчлөх байдлаар тэднийг төлөвшүүлдэг. Харин Христ эхлээд хүмүүсийг өөрчилж, тэд дараа нь хүрээлэн байгаа орчноо өөрчилдөг. Дэлхий хүмүүсийн зан төлөвт нөлөөлж болох ч, харин Христ хүмүүсийн мөн чанарыг өөрчилж чадна.”5

Цаг хугацаа өнгөрөх тусам бүх чөлөөт засгийн газар эцэстээ иргэдийнхээ хувийн сонголтоор хийх сайн үйлс ба дэмжлэгт тулгуурлах ёстой. Домогт улс төрийн зүтгэлтэн, гүн ухаантан Эдманд Бөрк хэлэхдээ “Оюун ухаанаа захирч чаддаггүй хүмүүс эрх чөлөөтэй байж болохгүй гэдэг нь юмсын мөнхийн үндсэн хуулиар тогтоогдсон. Тэдний хүсэл тэднийг дөнгөлдөг”6 гэжээ.

Сайн засгийн газар энэ зорилгоор шашныг хамгаалж, шашны эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг. Сайн шашин нь сайн иргэдийг болон орон нутгийн хуулийг дагахад урамшуулан дэмждэг.

Сайн засгийн газар нүүр тал хардаггүй. Засгийн газар нэг шашинг нөгөөгөөс илүү дэмжиж, эсвэл давуу эрх олгох ёсгүй. Засгийн газрын төлөөлөгчид өөрсдийн ухамсрын дагуу итгэж, үйлдэх чөлөөт эрхтэй байх ёстой. Үүнтэй адил, сайн шашин нь ямар нэгэн нам эсвэл нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөх, эсвэл эсэргүүцэх ёсгүй. Мөн итгэгчид хамгийн сайн нь гэж үзсэн нам эвслийн, эсвэл нэр дэвшигчийнхээ улс төрийн үйл ажиллагаанд оролцож, дэмжих эрхтэй байх ёстой.

Дуу хоолойгоо өргөх

A woman's hand putting a ballot into a ballot box.

Сүм нь байгууллагын хувьд улс төрийн төвийг сахисан байр суурьтай гэдгээ олон дахин илэрхийлсэн бөгөөд хожмын үеийн гэгээнтнүүдийг улс төрийн үйл ажиллагаанд оролцож, олон хэлэлцүүлэгт дуу хоолойгоо өргөхийг урамшуулан дэмждэг. Бид хаана ч амьдардаг байлаа гэсэн сайн иргэд байх нь манай шашны нэг хэсэг билээ.

Гарын авлага 2: Сүмийг удирдах нь гарын авлага дээр хэлэхдээ “Гишүүдийг өөрсдийнхөө төр засгийн хуулийн дагуу санал өгөхөөр бүртгүүлэх, улс орныхоо асуудлуудыг болон нэр дэвшигчдийг анхааралтай судлах, мөн шударга болон мэргэн ухаанаар ажиллана гэж үзсэн хүмүүсийн төлөө саналаа өгөхийг дэмждэг. Зарчимч, шударга, сайн, ухаалаг удирдагчдыг эрж олон, тэдний төлөө саналаа өгч, дэмжих онцгой үүрэг хожмын үеийн гэгээнтнүүдэд бий (С ба Г 98:10-ыг үзнэ үү).”7

Аврагч нэг л өдөр эргэж ирэх болно. Хаадын Хаан болон бидний агуу Дээд Пристийн хувьд удирдаж мөн засаглах нь Түүний эрх юм. Тэгээд засгийн газрын эрх болон санваарын хүч нэг болон нэгдэх болно.

Тэр агуу өдрийг хүртэл шашин, засгийн газар хоёр нь хүн төрөлхтний түүхийн замаар нягт хэлхээ холбоотойгоор, нэг нь нөгөөгийнхөө бие даасан байдлыг хүндэтгэн, нөгөө нь нэгнийхээ чухал хувь нэмэрт талархан, хамтдаа алхах ёстой.

Эшлэлүүд

  1. W. Cole Durham Jr., Silvio Ferrari, Cristiana Cianitto, Donlu Thayer, eds., Law, Religion, Constitution: Freedom of Religion, Equal Treatment, and the Law (2013), 3–5-ыг үзнэ үү.

  2. Даллин Х.Өүкс, “Strengthening the Free Exercise of Religion,” address given at The Becket Fund for Religious Liberty Canterbury Medal Dinner, New York City, 2013 оны 5-р сарын 16, 1; мөн mormonnewsroom.org вэбсайтаас үзэх боломжтой.

  3. Алэксис дэ Токүвиллэ, Democracy in America, 2 vols. (1835–40), 1:306.

  4. Борис Ельцин, Доналд Муррэйгийн бичсэн номонд, A Democracy of Despots (1995), 8.

  5. Эзра Тафт Бэнсон, “Born of God,” Ensign, 1985 оны 11-р сар, 6.

  6. Эдманд Бөрк, A Letter from Mr. Burke, to a Member of the National Assembly; in Answer to Some Objections to His Book on French Affairs, 2nd ed. (1791), 69.

  7. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 21.1.29.