Их Эзэн амар амгалангаар надад ярив
Триша Томкинсон Риггс, АНУ, Аризона
Карли охин маань хэдэн өдрийн турш өвдөж, би ердөө ханиад байх гэж бодож байлаа. Гэвч түүний шинж тэмдгүүд даамжирсаар байсан учир би илүү ноцтой зүйл байж магадгүй гэж бодож эхлэв.
Эмчийн үзлэгээр миний айдас батлагдан, улам ихэсч, Карлиг 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй гэж оношлов. Тэр чихрийн шижингийн комын байдалд шилжиж байсан ба түүнийг эмнэлэгт хурдан хүргэх шаардлагатай байлаа. Би тайвшрахын тулд, бас эмч нар түүнд туслах боломжтой байхын төлөө зүрх сэтгэлдээ залбирч байв.
Биднийг яаралтай тусламжийн өрөөнд ирэхэд эмч, сувилагчид түүний амийг аврахаар хичээж, хурдан шуурхай ажилласан юм. Би тайвшрал, амар амгаланг хүлээн авахын төлөө Тэнгэрлэг Эцэгтээ залбирч байлаа.
Нам гүм болох тэр мөчид нөхөр минь аавтайгаа хамт Карлид санваарын адислал өгөв. Нөхөр минь адислал өгөхдөө түүний амьдрал Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу байх болно хэмээн хэллээ. Би амар амгаланг мэдэрч эхлэв.
Карлигийн биеийн байдлыг сайжруулахын тулд эмч нар зүүгээр хатгаж, сорил авч, үзлэг хийж байгааг хараад би цөхөрч байв. Түүний өрөө шөнө нэг цагийн үед арай нам гүм болсон байлаа. Би юу болохыг мэдэхгүй байсан бөгөөд унтаж ч чадахгүй, ганцаардаж байв.
Би эмнэлэг дээр эгчийнхээ авчирч өгсөн Мормоны Номыг гаргаж, судруудаас хэрэгтэй байгаа баталгаагаа хүлээн авахын төлөө залбирсан юм. Ном Алма 36:3 дээр нээгдэв. Намайг уншиж байх үед Их Эзэн надад хандан ярьж байгаа юм шиг санагдаж: ”Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ” гэхийг би уншлаа.
Би тэр шөнө хоёр дахь удаагаа амар амгаланг мэдэрсэн юм. Би Тэнгэрлэг Эцэг биднийг мэдэж байгаа гэдгийг мэдсэн. Тэр тэнд байгаа бөгөөд би Түүнд итгэх итгэлтэй байх хэрэгтэйг Тэр намайг мэдээсэй гэж хүссэн билээ.
Би тэр өдөр болсон үйл явдлуудыг тунгаан бодож байхдаа Их Эзэн биднийг хэрхэн адисалсан талаар бодож үзэв. Би Карлиг аваад, эмч рүү яаралтай явах хэрэгтэй гэж мэдэрсэн. Бид эмнэлэг дээр аюулгүй явж ирсэн. Санваартнууд мөн адислал өгөхөөр эмнэлэг дээр тэр даруй ирсэн.
Бид тэр өдрөөс хойш түүний цусан дахь сахарын хэмжээг шалгаж, хоолны дэглэм бариулдаг болсон. Бид чихрийн шижинг эмчлэх явц нь хэрхэн биед нөлөөлж болох талаар сурч авсан. Карлигийн чихрийн шижин зовлон зүдгүүр болсоор байгаа ч бид Тэнгэрлэг Эцэгтээ өдөр бүр итгэж сурсан.
Эмнэлэгт өнгөрүүлсэн тэр өдөр миний дахин дурсахыг хүсдэггүй өдөр боловч үүрд талархалтай байх тэр өдөр минь байсан юм. Энэ бол суралцах, итгэлээ хөгжүүлэх, талархалтай байх өдөр байсан. Тэнгэрлэг Эцэг хүүхэд бүрээ мэддэгийг, Тэр биднийг зовлон бэрхшээлтэй үед үнэхээр дэмжих болно гэдгийг би мэдэж авсан.