Айлчлагч багшийн захиас бичиг
Есүс Христийн тэнгэрлэг зан чанарууд: Өршөөнгүй ба нигүүлсэнгүй
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ олж мэдэхээр эрэлхийл. Аврагчийн амьдрал ба үүргийг ойлгох нь хэрхэн Түүнд итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, айлчлагч багшийн ажлаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг адислах вэ? Нэмэлт мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.
Есүс Христ бидэнд өршөөнгүй бас нигүүлсэнгүй хандсаар ирсэн гэдгийг ойлгох нь бусдыг өршөөж, бусдад нигүүлсэнгүй хандахад бидэнд тусалж чадна. “Есүс Христ бидний төгс үлгэр жишээ юм” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн. “Түүний амьдрал хайрын өв байлаа. Тэр өвчтөнүүдийг эдгээж, дарлагдагсдыг өргөн дэмжиж, нүгэлтнүүдийг аварсан юм. Эцэст нь уурлаж хилэгнэсэн хүмүүс Түүний амийг хөнөөсөн ч ‘Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна’ гэсэн мөнх бус амьдрал дахь хамгийн дээд өрөвч сэтгэлийн мөн хамгийн дээд хайрын жишээ болсон үгс Голгота гүвээн дээрээс цуурайтсан юм.”1
Хэрэв бид хүмүүнийг алдаануудынх нь учир уучлах аваас Тэнгэрлэг Эцэг биднийг түүнчлэн өршөөх болно; Есүс биднээс “та нарын Эцэг өршөөнгүй шиг өршөөнгүй байгтун” хэмээн хүсдэг (Лук 6:36). “Бидний нүглийн ангижрал тодорхой нөхцөлүүдийг биелүүлснээр ирдэг” хэмээн Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч, хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф хэлсэн юм. “Бид … наманчлах ёстой. … Бид бүгд хэзээ нэгэн цагт өршөөлийн суудалд хүрч, нигүүлслийг хүлээн авахыг гуйж байгаагүй гэж үү? Бид гаргасан алдаа, хийсэн нүглүүдээсээ уучлагдахын тулдсүнснийхээ бүх хүчээр нигүүлслийг эрээгүй гэж үү? … Христийн Цагаатгалыг зүрх сэтгэлийг чинь өөрчилж, эмчлэхийг зөвшөөр. Нэг нэгнээ хайрла. Бие биеэ уучил.”2
Нэмэлт судрууд
Судруудаас
“Бид өршөөгдсөн шигээ бас өршөөх ёстой”3 хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэлжээ. Үрэлгэн хүүгийн түүх нь өршөөлийн хоёр талын аль алиныг харуулдаг: нэг хүү өршөөгдөж, нөгөө хүү өршөөхөөр хичээдэг.
Бага хүү нь өөрийн өв хөрөнгийг авч, үүнийгээ хурдан үрэн таран хийгээд, өлсгөлөн тохиох үед гахай хариулжээ. Судрууд “тэр өөрөө ойлгож,” гэртээ эргэн ирж, өөрийгөө түүний хүү байх зохисгүй гэдгээ аавдаа хэлсэн тухай өгүүлдэг. Гэвч эцэг нь түүнийг өршөөсөн бөгөөд найр хийж, тарган тугал гаргав. Том хүү нь талбай дээрх ажлаасаа ирээд, уурлажээ. Тэр олон жил зарагдаж, тушаалуудыг нь зөрчиж байгаагүй гэдгээ, мөн “анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч өгч байгаагүй” хэмээн аавдаа сануулав. Аав нь хариуд нь “Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан, Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэв” (Лук 15:11–32-ыг үзнэ үү).