2015
Тахианы найман жижиг хэсэг
2015 оны долоодугаар сар


Тахианы найман жижиг хэсэг

Абигайл Алмэриа, Филиппин, Себү

Bowl of pasta.

Нөхөр маань хэсэг хугацаанд ажилгүй байх үед том болж буй таван хүүхэдтэй гэр бүлийн хувьд бүх хэрэгцээгээ хангах хэцүү байлаа. 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулганы шууд нэвтрүүлгийн өмнөх өдөр бид хүнсний нөөцөө шалгаж үзэн, чуулганы хуралдааны завсарлагаагаар шарсан тахиа болон будаагаар энгийн өдрийн хоол бэлтгэхээр шийдсэн юм.

Ням гараг болж, бид бүгд бэлэн боллоо. Манай эцэг эх, эгч нар болон тэдний гэр бүлийнхэн шууд нэвтрүүлэг эхлэхээс цаг хагасын өмнө гадасны төв дээр тааралдав.

Бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн манай үеийнхэнд зориулан онцгойлон хуваалцах захиасуудыг сонсох нь ямар их баяртай үйл явдал хийгээд адислал байсан гээч. Би зөвлөгөөг сонсож, мөн Тэнгэрлэг Эцэгээс ирж буй амар амгаланд болон хайрын гайхалтай сүнсэнд баясаж байхдаа, хэрэв би үргэлжлүүлэн итгэлээ хөгжүүлж, Аврагчаар амьдралаа удирдуулах юм бол бүх зүйл сайхан болж, гэр бүлийн маань сүнслэг болон материаллаг хэрэгцээнүүд хангагдаж, ядуурлаас болон бусад гачигдлаас чөлөөлөгдөх болно гэсэн баталгааг хүлээн авсан юм.

Би тэр ням гаргийн сүнсэнд баясаж байхдаа өдрийн хоолныхоо талаар мартсан байв. Хуралдаан хоорондын завсарлага болоход, бид арвандолуулаа байлаа. 9 насанд хүрэгч, 8 хүүхэд тахианы махны найман жижиг хэсэг болон нэг таваг будаа, эгчийн авчирсан нэг аяга гоймон болох багахан хоолыг хувааж идэхээр болов.

8 настай Хэнри талархал илэрхийлж, хоолноос идсэн хүн бүр цадахын төлөө хоолоо адисалж залбирав. Би эгчийг тавагнууд дээр гоймон болон будаагаа тавих үед тахианы махны жижиг хэсэг бүрийг хувааж, хүүхдүүд рүү дамжууллаа. Бүх хэсгийг хугалж, гоймон болон будааг хуваасны дараа хүн бүрийн жижиг тавагнаас гадна дахин нэг илүү тавагтай хоол үлдсэнийг хараад би нулимсаа барьж чадаагүй юм. Бүгд идэж, мөн цадав.

Би Аврагч үнэхээр таван талх, хоёр загасыг хувааж, хурсан олон “эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүдийг” (Матай 14:14–21-ийг үзнэ үү) хооллосон гэдэг нь үнэхээр үнэн гэдгийг мэднэ гэж эцэг эхдээ болон нөхөртөө хэлж билээ. Зарим шүүмжлэгч болон үл итгэгчид гайхамшгууд нь зүйрлэл ихтэй, хэтрүүлэгтэй эсвэл боломжгүй хэмээн хэлдэг. Гэхдээ миний гэр бүл болон миний хувьд энэ түүх бичигдсэн шигээ үнэн юм.

Талархлаа илэрхийлж, идсэн хүн бүр цадаж, шим тэжээл аваасай гэж хүссэн итгэлтэй хүүгийн залбирлыг Тэнгэрлэг Эцэг сонссон байв.

Биднийг Ерөнхий чуулганы зааланд эргэн ирэх үед би зүрх сэтгэлдээ баясаж байлаа. Хэрэв бид анхаарч мөн сонсох аваас бид хэзээ ч өлсөж эсвэл цангах нь үгүй (Иохан 6:35-ыг үзнэ үү) хэмээн амладаг Түүнтэй үлдэж бас суралцахыг би хүссэн бөгөөд надад Есүсийн хооллосон хурсан олонтой хамт байгаа юм шиг санагдаж байв.

Бид хүүхдүүдтэйгээ хамт даруйхан суудлаа эзэлж, Тэнгэрлэг Эцэгийн сонгогдсон үйлчлэгчдийг сонсоход бэлэн болсон юм. Энэ нь бидний үргэлж дурсан санах үйл явдал болж өнгөрсөн билээ.