2017
Найдвар, эдгэрэл тийш хөтлөх гүүр
April 2017


Найдвар, эдгэрэл тийш хөтлөх гүүр

Бэлгийн хүчирхийллийн хохирогчид зохих тусламж хүлээн авснаар сэтгэлийнхээ гүнд хүсэж буй эдгэрлийг хүлээн авах боломжтой.

creating a bridge

Зураг чимэглэлийг Кристина Бэрназзани

Өөрийгөө хадан цохионы ирмэг дээр зогсоод, хэн нэгний хэлсэн үгээр гүн хавцлын нөгөө талд хүлээж байгаа тэр агуу их аз жаргал руу очихыг хүсэж байна гэж төсөөл. Нөгөө талд гарах замыг эрж хайж байхдаа, хэрэв зөв угсарвал гүн хавцлаар гарах гүүрийг барьж болох овоолсон материал байхыг олов.

Хэрвээ та гүүр хэрхэн барихыг мэдэхгүй бол тэнд байгаа материал ямар ч хэрэггүй бөгөөд сэтгэлээр унаж, итгэл найдвараа алдах болно. Хэрвээ та гүүр барьж байсан туршлагатай хүнээс тусламж хүсвэл мэдлэг, ойлголт тань өсөн нэмэгдэж, хамтдаа гүүрийг барьж чадах билээ.

Сүүлийн 18 жилийн турш би сэтгэл санааны эсвэл оюун ухааны зовлон шаналлын гүн хавцлыг туулахад туслах арга хэрэгсэл, заавар зөвлөгөө өгөх ажил хийлээ. Зөвлөгөө өгсөн хүмүүсийн дундаас хамгийн их шарх сорвитой нь бэлгийн хүчирхийллийн хохирогчид байсан юм шиг санагддаг. Энэ бэрхшээл хувь хүний эцсээ хүртэл тэвчих чадварт хэрхэн нөлөөлдгийг би харсан.

Гэсэн хэдий ч бид Аврагчаараа дамжуулан бэрхшээл, зовлон шаналлаасаа үүрд ангижран салах боломжтой гэдгийг бас би олж мэдсэн. Түүний хайр хүмүүсийг харанхуйгаас гэрэлд гаргаж ирдэг.

Яагаад бэлгийн хүчирхийлэл ийм их гарз хохирол учруулдаг вэ?

Хүчирхийллийн хохирогчид сэтгэлээр унах, өөрийгөө үгүйсгэх зэрэг сэтгэлийн бусад гүн гүнзгий өвчин шаналлаар дүүрэн амьдралынхаа тухай надад өгүүлдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) бэлгийн хүчирхийллийн ийм гүн гүнзгий шарх үлдээдэг шалтгааны талаар ойлгоход бидэнд тусалсан.

“Бэлгийн хүчирхийлэл гэх аймшигтай, гутамшигт зүйл байдаг. Үүнийг ойлгоход түвэгтэй юм. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүн нэг бүрд байх ёстой ёс журамт байдлыг гутаан доромжилдог. Энэ нь ариун нандин, бурханлаг зүйлийг зөрчиж буй хэрэг. Энэ нь бас хүүхдүүдийн амьдралыг сүйтгэдэг. Түүнээс гадна энэ нь хамгийн хатуу чанга ял авах хэмжээний зүйл юм.

Хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлсэн эрэгтэй, эмэгтэй хэн ч бай юутай шившигтэй еэ. Үүнийг үйлдсэн хүчирхийлэгч хамгийн ноцтой шарх сорви үлдээхээс гадна, Их Эзэний өмнө буруушаагдах болно.”1

Үр удмаа үлдээх хүч нь Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүддээ өгсөн ариун нандин, бурханлаг хүч юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Үр удмаа үлдээх хүч нь сүнслэг байдлын хувьд чухал. … Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр бол бүтээгчид бөгөөд бүтээлтийн хүчнийхээ нэгээхэн хэсгийг бидэнд өгсөн билээ”2 хэмээн заасан. Тиймээс энэхүү ариун нандин хүчийг уландаа гишгэх нь “хамгийн хатуу чанга ял авах хэмжээний” мөн “хамгийн ноцтой шарх сорвийг” үлдээдэгт гайхах хэрэггүй.

Сэтгэлийн шархыг ойлгох нь

looking out a window

Зураг чимэглэлийг © nuvolanevicatа/iStock/Getty Images

Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь нэг хүн бэлгийн дур хүслээ хангахын тулд нөгөө хүнээ хүсээгүй байхад нь хүрэх эсвэл хүрэхгүйгээр ашигладаг харилцааг хэлнэ. Ихэнх тохиолдолд бэлгийн хүчирхийллийн хохирогчид яах учраа ч мэдэхгүй болохоос гадна ямар ч үнэ цэнгүй, бараг дааж давшгүй мэт ичгэвтэр байдалд үлддэг. Хохирогчдын зовиур, шаналал нь ихэвчлэн бэлгийн хүчирхийлэл болон үүнээс үүдэн гарах үр дагаврын талаар буруу ойлгодгийн улмаас болж хэлсэн бусдын үгээр улам гүнзгийрдэг. Зарим хохирогч худлаа хэлсэн хэрэгт унаж, ямар нэгэн байдлаар өөрсдийн буруугаас болж хүчирхийлэлд өртсөн мэт гүтгүүлдэг. Харин заримыг нь хохирогч болсноор нүгэл үйлдсэн мэт үзэн, наманчлах ёстой гэж итгүүлсэн байдаг.

Хүүхэд байхдаа эсвэл өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчдэд маань “одоо боль,” “өнгөрснийг орхи,” “зүгээр л уучлаад, март” гэх мэтээр хэлсэн байдаг. Ялангуяа эдгээр мэдэгдэл дотны найз, гэр бүлийн гишүүн эсвэл Сүмийн удирдагчдаас ирсэн бол хохирогчдод эдгэрэлт, амар амгаланг авчрахын оронд асуудлаа улам бүр нуун дарагдуулж, ичгэвэртэй байдалд ороход хүргэж болно. Бие махбодын ноцтой шарх, халдвартай адил тэдгээр сэтгэлийн шарх нь үл ойшоогоод орхилоо гээд өөрөө аяндаа эдгэрнэ гэж үгүй. Харин хүчирхийллийн үед үүссэн төөрөгдөл нь нэмэгдсээр, үүссэн сэтгэлийн зовлон шаналалтай нь нийлж, улмаар уг хүний бодол санаанд өөрчлөлт орж, эцсийн эцэст эрүүл бус зан авир гаргахад хүргэж болно. Хохирогчид өөрсдөд нь тохиолдсон зүйл хүчирхийлэл гэдгийг мэдэхгүй байх нь элбэг боловч эрүүл бус зан авир, сэтгэл хөдлөлтэй болсон байдаг.

Ханна (нэрийг өөрчлөв) бага балчир байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Бусад хохирогчийн адил тэр өөрийгөө ямар ч үнэ цэнгүй, муу хүн гэсэн бодолтой өссөн байна. Тэр Тэнгэрлэг Эцэгийн эсвэл өөр хэн нэгний хайрыг хүртэх “хангалттай сайн” биш гэсэн мэдрэмжээ дарахын тулд бусдад үйлчлэхэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулжээ. Харилцааны хувьд хэн нэгэн хүн түүнийг үнэхээр хэн болохыг нь мэдэх юм бол бодож явдагтайгаа адил өөрийг нь аймшигтай муухай хүн гэж бодох вий гэхээс тэр айдаг байв. Тэр өөрийг нь хүлээн авахгүй байх гэсэн гүн гүнзгий айдсаасаа болж амьдралдаа шинэ зүйл туршиж үзэх эсвэл хэн нэгэн рүү утсаар ярих зэрэг энгийн зүйлийг хүртэл хийхээс эмээдэг байжээ. Тэр зураг зурах авьяасаар адислагдсан ч шүүмжлэл хүлээн авч чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болж орхисон байна.

50 жилийн турш арга мухардаж, хүчин мөхөсдсөн болон айдас, уур уцаар, эргэлзээ, ичгүүр, ганцаардал, өөрийгөө тусгаарлах гэсэн мэдрэмж өдөр тутмын шийдвэрт нь нөлөөлсөөр ирсэн байв.

Зүрх сэтгэлийн зовлон шаналлыг амар амгалангаар солих нь

Аврагч “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” тэвчсэн. Тэр “бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Алма 7:11–12) үүнийг хийсэн. Аврагч зөвхөн бидний үйлдсэн нүглээс биш, харин бусдын нүглээс болж зовох үед маань биднийг эдгээхийн тулд мөн зовж шаналсан юм.

Хэрэв Аврагч өнөөдөр энд байсан бол нифайчуудтай хамт байсантай адил бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй хамт уйлж, тэднийг адислах байсан байх гэж би боддог (3 Нифай 17-г үзнэ үү). Хэдийгээр Тэр энд махан биеэрээ байхгүй байгаа ч Түүний Сүнс бидэнтэй хамт байгаа бөгөөд бидэнд эдгэх, амар амгаланг мэдрэх, уучлах арга замыг өгсөн.

reaching through a ladder

Сэтгэлийн шархтай олон хүн үүрч яваа ачааг нь амар амгалангаар солих бараг боломжгүй гэдэгт итгэдэг. Хүчирхийлэлд автсан хүний сэтгэлийн шархыг бусад хүн олон жилийн турш анзаарч харахгүй, хүлээн зөвшөөрөхгүй явсан байдаг. Тэд зовлон шаналлаа инээмсэглэсэн царай, бусдад үйлчлэхэд бэлэн байдал, ямар ч муу зүйл болоогүй мэт амьдрах гэсэн багаар халхалдаг боловч үнэн хэрэгтээ зовлон шаналал нь үргэлж байсаар л байдаг.

Сэтгэл санааны эдгэрэх үйл явцыг бие махбодын шархыг арчилж, эмчлэхтэй харьцуулъя. Та бага байхдаа хөлөө хугалсан гэж төсөөл. Хугарсан ясыг нийлүүлэхээр эмч дээр очихын оронд хүчтэй өвдөлтөө намдтал доголж алхсаар, улмаар алхах тоолондоо эмзэглэж, өвдөлтийг үргэлж мэдэрнэ. Ингээд олон жил өнгөрсний дараа та өвдөлтөө бүрмөсөн намдаахын тулд эмч рүү очно. Эмч ясыг тань дахин нийлүүлж, илүү ургасан бүх зүйлийг тайрч цэвэрлэн, хөлийг тань хүчирхэгжүүлэхийн тулд физик эмчилгээнд явуулах хэрэгтэй болно.

Хүчирхийллээс үлдсэн шархаа эдгээх явц яг үүнтэй адил бөгөөд үүний тулд хохирогч юуны түрүүнд сэтгэлийн шарх нь бодит бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнд болсон зүйлийг хүлээн зөвшөөрөх мөн зовж шаналах, айх, гутрах зэрэг мэдрэмжийг мэдрэх, ухаарах, бататгах үйл явц орно. Ихэнх тохиолдолд энэхүү эдгээх үйл явцаар мэргэшсэн туршлагатай хүнтэй ажиллах нь тустай. (ХҮГ Гэр бүлийн үйлчлэлийн алба танай бүс нутагт байгаа эсэхийг мэдэхийн тулд санваарын удирдагчтайгаа ярилц.)

Хохирогч мэргэжлийн тусламж авах боломж байгаа эсэхээсээ үл хамааран залбирч, Аврагчийн амьдрал, Цагаатгалаас судалж, санваарын удирдагчтайгаа ойр ойрхон уулзах нь зүйтэй. Тэр хохирогчийн ачааг хөнгөлж, тэнгэрлэг үнэ цэнээ мөн Тэнгэр дэх Эцэг болон Аврагчтай ямар харилцаа холбоотой болохоо ойлгоход туслах сүнслэг өдөөлтийг хүлээж авахад тусална. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнс: “Эдгэрэх явц урт удаан үргэлжилж магадгүй. Та залбирангаа удирдамж болон зохих ёсоор томилогдсон санваартнуудтай зөвлөлдөх зэрэг тусламжийг эрэлхийлэх шаардлагатай болно. Та хүмүүстэй нээлттэй харилцаж сурснаар зохих хил зааг тогтоож, мэргэжилтнээс зөвлөгөө авахыг эрэлхийлэх хэрэгтэй ч болж магадгүй. Энэ үйл явцад сүнслэг байдлаараа эрүүл байх нь туйлын чухал!”3 хэмээн саяхан заасан билээ.

Ханнагийн хувьд амьдрал нь үнэхээр тавгүй болж, тусламж эрэлхийлжээ. Тэр амар амгалан, сэтгэл хангалуун байж болно гэдгээ гэрчлэлээрээ мэдэж байсан ч эдгээр мэдрэмжийг байнга мэдэрдэггүй байв. Тэр залбирч, бишоптойгоо ярилцсаны үр дүнд зөвлөгөө авч, харанхуйгаас үнэнийг гаргаж ирэн, ганцаараа үүрч явсан аймшигт хүнд ачаагаа хуваалцахад хэрэгтэй байсан зэмсгүүдийг олж авах боломжтой болсон. Үүнийг хийснээр тэр зовлон шаналлаасаа салж, Аврагчийн амласан тэрхүү амар амгаланг олж чадсан билээ (Иохан 14:27-г үзнэ үү). Түүнд энэхүү амар амгалан, тайтгарлын хамт уучлах хүсэл, чадвар ирсэн юм.

Уучлах хэрэгцээ шаардлага

Хүчирхийллийн хохирогчдод уучлах гэсэн ойлголтыг хүлээж авахад ихэнхдээ хэцүү байдаг төдийгүй энэ талаар гол төлөв буруу ойлголттой байдаг. Хэрэв уучлах гэдэг нь хүчирхийлэгчийг хариуцлага үүрэхээс нь чөлөөлөх эсвэл тэдний хийсэн зүйл одоо ямар ч хамаагүй гэж хэлэхийг хэлж байна гэж бодох юм бол хохирогч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд уучлахыг зарлигласан байдаг ч (С ба Г 64:10-ыг үзнэ үү) гүнзгий хор хөнөөл учруулсан тохиолдолд хохирогч хүчирхийлэгчийг бүрэн уучлахаас өмнө эдгээх үйл явц эхэлсэн байх ёстой.

Хүчирхийллээс болж зовж шаналж байгаа хүмүүс Мормоны Номын “Иаков, би, зүрх сэтгэлээрээ цэвэр байх та нарт ярихыг хүснэ. Бурханд шийдэмгий оюунаар хандаж, мөн түүнд үлэмж итгэлтэйгээр залбирагтун, мөн тэрбээр та нарыг зовлонд чинь тайтгаруулна, мөн тэрбээр та нарыг өмгөөлж, мөн та нарын устгалыг эрэлхийлэх тэдэнд шударга ёсыг доош илгээх болно” (Иаков 3:1) хэмээх зөвлөгөөнөөс тайтгарч болно. Шударга ёсны шаардлага, нөхөн барагдуулах эрхийг Их Эзэнд гардуулан өгөх боломжтой бөгөөд Тэр бидний зовлон шаналлыг амар амгалангаар сольж чадна.

Эцэст нь Ханна шударга ёсны шаардлагыг Аврагчид шилжүүлэн, оронд нь урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тэрхүү амар амгаланг амьдралдаа олж авах боломжтой гэдгээ мэдсэн юм. Өмнө нь тэр өөрийг нь хүчирхийлсэн хүн байгаа гэр бүлийн цугларалтад очихоос айдаг байжээ. Харин одоо эдгэрэх явцдаа оюун санааны гүн шархтайгаа нүүр тулахыг хүсэх болсон учраас түүний хажууд байхаас айхаа больж, тэр байтугай түүнийг өтөл насанд нь өршөөж уучилжээ.

Шаардлагагүй ачаа дарамтаас чөлөөлөгдөх

reaching up

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) “бүрэн дүүрэн эдгэрэл нь Есүс Христэд болон Түүний хүч чадал, чадавхад итгэх таны итгэлээр мөн шударга бус, үүрэх ёсгүй зүйлсийн шархыг эдгээх Түүний Цагаатгалаар дамжин ирдэг. …

Тэр танд хайртай. Тэр таныг шаардлагагүй ачаа дарамтаас чөлөөлөхийн тулд Өөрийн амийг өгсөн билээ. Тэрээр танд үүнийг хийхэд туслах болно. Түүнд таныг эдгээх хүч байгааг би мэднэ”4 хэмээн хэлсэн.

Дайсан өөрөө зовлонт учраас хүмүүсийг сэтгэлийн өвчин зовлондоо боолчлогдоосой хэмээн хүсдэг (2 Нифай 2:27-г үзнэ үү). Аврагч Есүс Христийн тусламжтайгаар зовлон шаналлыг үнэхээр зөвхөн Түүний өгч чадах амар амгалангаар солих боломжтой бөгөөд бид баясгалантай амьдарч чадна. “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25). Баяр баясгалантай амьдрах нь бидэнд хүнд хэцүү үеийг тэсвэрлэж чадахуйц болгож, суралцаж, өсөж хөгжих мөн Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адилхан болох боломжийг өгдөг.

Би амьдралдаа хүчирхийллийн хор хөнөөлийг амссан хүмүүстэй хамт суугаад, зөвхөн Аврагчаар дамжин ирэх эдгэрлийн гайхамшгийг харах боломжоор адислагдсандаа даруусдаг. Хэрэв та зовж шаналж байгаа бол залбирч, тусламж эрэлхийлээрэй. Та хүнд ачааг ганцаараа үүрэх шаардлагагүй. Тэр эдгээдэг гэдгийг би мэднэ. Би үүнийг тоолохын аргагүй олон удаа харж мөн гэрчилсэн билээ.

Эшлэлүүд

  1. Гордон Б.Хинкли, “Save the Children,” Ensign, 1994 оны 11-р сар, 54; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  2. Дэвид A.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50.

  3. Кэрол М.Стэфэнс, “Эдгээгч Эзэн,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129.

  4. Ричард Г.Скотт, “To Be Free of Heavy Burdens,” Liahona, 2002 оны 11-р сар, 88.