Тэд Түүнийг харсан
Эдгээр хүн үнэхээр амилсан Аврагчийг харсан ч та өөрийн гэсэн арга замаар Христийн гэрч болж чадна.
Та амилсан Аврагчийг бодитоор харахад ямар байна гэж бодож байна вэ? Есүсийн үед олон зуун хүн үүнийг төсөөлөх шаардлагагүй байсан бөгөөд тэд үүнийг өөрийн биеэр гэрчилсэн юм. Амилсан Их Эзэн хүмүүс дээр ирсэн тохиолдлыг судруудад, тухайлбал Шинэ Гэрээн дээр доод тал нь арван хоёр удаа, Мормоны Номон дээр бас хэд хэдэн удаа дурдсан байдаг. Энэ хүмүүс Есүс Христ үхлийг ялж, бидэнд дахин амьдрах боломжийг олгосон, түүхэн дэх хамгийн агуу гайхамшгуудын нэгийг гэрчилсэн билээ. Гайхамшигтай зүйл биш гэж үү?
Тэгвэл Христийн гэрч байх гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ? Судрууд дээрх эдгээр үйл явдлаас цөөн хэдийг авч үзээд, бид Христийг өөрийн нүдээр хараагүй ч хэрхэн Түүний гэрч бас байж болох тухай бодож үзэцгээе.
Магдалын Мариа
Магдалын Мариа хамгийн анхны гэрч байсан. Цовдлуулсны дараах ням гаргийн өглөө тэр хэдэн эмэгтэйтэй хамт Их Эзэний биеийг тослохоор булш руу иржээ. Мариа хоосон булшийг хараад уйлав. Тэр үед хэн нэгэн хүн түүний ард ирээд, “Эмэгтэй, чи юунд уйлна вэ?” гэж асуужээ. Уг хүн үхлээс боссон Есүс байсныг мэдээд тэр хэчнээн их гайхсан бол? (Иохан 20:1–18-ыг үзнэ үү.)
Еммау хүрэх зам дээрх хоёр шавь
Клеопийг өөр нэгэн шавьтайгаа Еммау хүрэх зам дээр алхаж байхад нэгэн үл таних хүн тэдэнтэй зам нийлжээ. Тэд шинэ хамтрагчаа таниагүй бөгөөд оройн хоолны үеэр үл таних хүн талх хуваасан байна. Яг тэр мөчид тэдний нүд нээгдэж, замын турш Аврагчтай хамт аялж байснаа ойлгосон юм. Тэд “Зүрх маань бидний дотор шатаж байсан бус уу … ?” гэж бие биенээсээ асуун, Түүнийг үнэхээр өөрсөдтэй нь хамт байсан гэдгийг баталсан мэдрэмжийнхээ талаар тунгаан боджээ. (Лук 24:13–34-ийг үзнэ үү.)
Арван төлөөлөгч
Христтэй хамт Еммау руу аялсан хоёр шавь Иерусалимд буцаж ирээд, бусад арван төлөөлөгчид тохиолдсон үйл явдлынхаа талаар ярьжээ. Тэднийг тийн ярилцаж байх үед Аврагч тэдэн дээр ирээд, “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв.” (Лук 24:36–41, 44–49-ийг үзнэ үү.)
Төлөөлөгч Томас
Төлөөлөгч Томас Аврагчийг бусад төлөөлөгчид үзэгдэхэд тэнд байгаагүй учраас Христ амилсан гэдэгт итгэхгүй байв. Нэг долоо хоногийн дараа Христ дахин төлөөлөгчид дээр иржээ. Тэр үед Томас тэнд байсан бөгөөд Христийг харсан учраас Түүний амилсанд итгэжээ. Аврагч “чи намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ!” хэмээн зөвхөн харсныхаа дараа итгэх тухайд Томаст сэрэмжлүүлсэн байна. (Иохан 20:24–29-ийг үзнэ үү.)
Тибер нууран дээрх арван нэгэн төлөөлөгч
Амилалтын дараа төд удалгүй нэгэн өдөр хэсэг төлөөлөгч Тибер нуур руу загасчлахаар явсан ч бүтэлгүйтэв. Маргааш өглөө нь Аврагч ирж, тороо завиныхаа баруун талд хаяхыг зөвлөжээ. Тороо хаясны дараа торонд нь бараг татаж гаргаж чадахааргүй их загас орсон аж. Аврагч тэдэнтэй хамт хооллосныхоо дараа “Миний хоньдыг тэжээ” хэмээн бусдад тохинуулахын ач холбогдлын талаар заасан юм. Төлөөлөгчид үлдсэн бүхий л амьдралынхаа турш зөвхөн үүнийг буюу Христийн тухай хүмүүст номлох ажлыг хийж, зарим нь бүр уг үйл хэргийн төлөө амиа өгсөн билээ. (Иохан 21:1–22-ыг үзнэ үү.)
Америк тив дэх нифайчууд
Цовдлолтын үеэр Америк тив газар хөдлөлт, гал түймэр, бусад байгалийн гамшгаас болж сүйрч, Аврагчийн үхлийг бэлгэдсэн харанхуй гурван өдөр үргэлжилжээ. Хожим нь Христ тэнгэрээс бууж, Өгөөмөр нутгийн ариун сүмийн ойролцоо цугларсан 2500 хүн дээр ирсэн байна. Тэрээр Өөрийн мутар, хөл, хавирган дахь сорвийг тэмтэрч үзэхэд хүмүүсийг урьж, номлол айлдан, нифайчуудын хүүхдүүдийг нэг нэгээр нь адисалсан юм. Маргааш нь бүр олон хүн цуглаж, Аврагч тэдэн дээр ирж, заажээ. Эцэстээ шавь нар нь Христийн Сүмийг байгуулан, нифайчууд болон леменчүүдийн аль аль нь хүчирхэг гэрчийг хүлээн авсан учир Их Эзэнд хөрвөсөн байна. (3 Нифай 11–18; мөн 3 Нифай 8–10; 4 Нифай 1-ийг үзнэ үү.)
Өнгөрсөн болон өнөө үеийн гэрчүүд
Түүнээс гадна Магдалын Мариад Христийн биеийг тослоход нь туслахаар булшин дээр ирсэн эмэгтэйчүүд, 500 гаруй ах дүү нар, Иаков, Паул гэх мэт олон хүнд Тэр үзэгдсэн юм. (Матай 28:9; Үйлс 9:4–19; 1 Коринт 15:6–7; мөн 3 Нифай 19; 26:13-ыг үзнэ үү.)
Бидэнд эдгээр гэрчийн адил Аврагчийг харах боломж олдохгүй байж болох ч та тэдний адил Христийн гэрч байж чадна. Мариа булш руу явахдаа Аврагчийг эрэлхийлсэнтэй адил та Түүний талаар илүү их судалснаар Түүнийг хувь хүнийхээ хувьд эрэлхийлж болно. Эсвэл та зарлигуудыг сахиж, бошиглогчдын зөвлөгөөг дагаснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж болно. Та бас Еммау руу явах замд таарсан хоёр шавийн адил өөрийн амьдралд буй Аврагчийн адислалуудыг таньж мэдэх болно. Энэхүү Христийн амилсны баярын өдрүүдэд Христийн гэрч байх гэдэг нь ямар утга учиртай талаар бодоорой. Эдгээр хүн амилсан Христийг амьдаар нь харсан гэрчүүд боловч энэ нь таны Түүнийг амьдралдаа гэрчлэх цорын ганц арга зам биш юм.