2017
Есүс Христийн амилалт ба бие махбодын талаарх үнэн
April 2017


ЕсүсХристийн амилалт ба бие махбодын талаарх үнэн

Есүс Христ өөрийн амилалтаар дамжуулан бие махбодын талаарх чухал үнэнийг бидэнд заасан.

Resurrected Christ with Thomas

The Doubtful Thomas, Карл Хэйнрих Блохын зургаас авав

Арын зургийг © janniwet/iStock/Getty Images

“Есүс цууг амсаж—Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав” (Иохан 19:30). Тэр мөчид Есүс Христийн сүнс—Түүнд бүх хүний гэм нүглийг цагаатган, сул дорой байдлынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд зовлон шаналлыг амссан тэрхүү биеэс нь салан одсон юм (Aлма 7:12–13-ыг үзнэ үү). Амьгүй болсон тэр биеийг загалмай дээрээс авч, даавуунд ороож, эцэст нь булшинд тавьжээ. Гурав дахь өдөр эмэгтэйчүүд булшинд ойртон, тэрхүү биеийг оршуулах бэлтгэл ажлыг гүйцээж хийхээр ирэв.

Гэтэл бие байсангүй.

Булш хоосон байгааг мэдсэн нь ердөө эхлэл байв. Мари Магделин, төлөөлөгчид болон өөр бусад олон хүн хожим нь нэгэн гайхамшигт үйл явдал болох амилсан, төгс Есүс Христийг бодит биет хүмүүний төрхтэй болохыг гэрчилсэн.

Аврагч амилсныхаа дараа Өөрийг нь гэрчилсэн хүмүүст ямар биетэй болсноо баттай мэдүүлэхэд анхаарсан. Жишээ нь, Тэр төлөөлөгчдөдөө Өөрийг нь хий үзэгдэл биш, харин махан биеэрээ байгаа гэдгийг баттай мэдүүлэхийн тулд биенд нь хүрэхэд тэднийг урьдаг (Лук 24:36–40-ийг үзнэ үү).1 Тэр ч бүү хэл тэдэнтэй хамт иджээ (Лук 24:42–43-ыг үзнэ үү).

Дараа нь төлөөлөгчид Есүс Христийн сайн мэдээг номлох үүргээ биелүүлж байхдаа Есүс Христийг амилсан, үүний үр дүнд бүх хүн төрөлхтөн амилна гэж заасан учраас эсэргүүцэл, хавчлагатай тулгарсан юм (Үйлс 4:1–3-ыг үзнэ үү).

Есүс Христийн амилалт тухайн үед Түүний Сүмийн дэлхий дахинаа тунхаглаж байсны адил өнөөдөр ч захиасын гол цөм хэвээр байгаа юм. Бошиглогч Иосеф Смитийн хэлснээр “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босч ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм.”2

Амилалт нь Бурханы болон бидний мөн чанар, Бурхантай харилцах харилцаа, энэ амьдралын зорилго, Есүс Христэд найдах бидний итгэл найдварын талаарх суурь асуултуудад хариулахад тусалдаг. Есүс Христийн амилалтаар тодорхой болсон үнэнийг доор дурдав.

Тэнгэрлэг Эцэг алдар суут бие махбодтой

First Vision

АНХНЫ ҮЗЭГДЭЛ, Гари Л.Капп

Бурхан хүмүүний дүр төрхтэй хэмээх санаа Библид3 болон түгээмэл ойлголт дээр үндэслэгдсэн ч теологи болон шашны гүн ухааны уламжлал Бурханд “бие махбод, эрхтэн болон дур хүсэл үгүй”4 гэж үздэг учраас уг санааг үгүйсгэдэг. Тэд ийм өнцгөөс хардаг тул бие махбод (ерөнхийдөө матери) нь чөтгөрийн эсвэл бодит бус харин сүнс, оюун ухаан эсвэл үзэл санаа нь дээд түвшний биет буюу бодит байдлын жинхэнэ мөн чанар болж байгаа юм.

Тэгвэл Хүү Есүс Христээрээ дамжуулан өгсөн Бурханы мөн чанарын талаарх илчлэлт хэчнээн гайхалтай энгийн бөгөөд үндсээр нь бүрэн өөрчилсөн илчлэлт байсан юм.

Аврагч тохинуулж байхдаа “Намайг харсан хүн Эцэгийг харсан” (Иохан 14:9) хэмээн хэлсэн. Энэ нь “Эцэг хүмүүнийхтэй адил мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил” (С ба Г 130:22) гэдгийг Түүнийг төгс, үхэшгүй биетэйгээр амилсны дараа үнэхээр үнэн болохыг нотолсон юм.

Ийнхүү Тэнгэрлэг Эцэгийн бие махбодын мөн чанар илчлэгдсэн билээ. Иосеф Смит хожим нь: “Биегүй эсвэл биеийн эрхтэнгүй юм бол юу ч биш. Мах ясан биетэй Бурханаас өөр Бурхан тэнгэрт үгүй”5 хэмээн тайлбарласан.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Хэрэв Бурханд бие махбод хэрэггүйгээс гадна хүсүүштэй зүйл байгаагүй юм бол яах гэж хүн төрөлхтний Гэтэлгэгч Өөрийн махбодыг үхэл, булшнаас гэтэлгэж, энэ амьдралд болон мөнх амьдралд сүнснээс нь дахин салахгүй байхаар баталгаажуулсан байж таарах вэ? Бие махбодтой Бурханы талаарх ойлголтыг үгүйсгэдэг хэн ч бай мөнх бус хийгээд амилсан Христийг үгүйсгэж байна гэсэн үг” гэж хэлжээ.6

Тэнгэрлэг Эцэг бүхнээс хүчтэй, бүхнийг мэддэг, бүхнийг хайрладаг

Есүс Христ амилсан хэмээх бодит үнэн нь Тэнгэрлэг Эцэгийн зан чанарын төгс байдлыг мөн адил илчилдэг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлснээр “Христийн амилалт үнэн бодитой учраас дэлхийн гэтэлгэлийн төлөө Өөрийн Төрсөн Ганц Хүүг өгсөн Бурхан Эцэгийн хүч, мэдлэг, хайр энэрлийн талаарх аливаа эргэлзээ үндэслэлгүй юм.”7

Бурханы хүч, мэдлэг, нинжин сэтгэлийг Есүс Христийн Цагаатгал нотолсон бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний мэргэн ухаан, хайр болон энэ бүхнийг биелүүлэх Өөрийнх (Хүүгийнх) нь чадварын гэрч болдог.

Бид Бурханы хүүхэд

Библид биднийг “Бурханы дүр төрхөөр … эрэгтэй, эмэгтэй” болгон бүтээсэн гэж заадаг (Эхлэл 1:27). Харин Есүс Христ амилснаар энэ үнэнийг баталсан. Үнэндээ, Амилалтын яг тэр мөчид Есүс Христ Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондох харилцааг: “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” (Иохан 20:17; онцлон бичилт нэмэв) хэмээн хэлж онцолсон билээ.

Аврагч Бурхан, хүн төрөлхтөн хоёрыг мөн чанарын хувьд нэг нэгнээсээ тийм ч өөр биш болохыг илчилсэн. Бидний биеийн ерөнхий хэлбэр сүнстэй маань адил8 бөгөөд эх эцэг, үр хүүхдийн харилцааны үндсэн шинж учраас бидний сүнс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн билээ.

Бие бол боломж олгодог, эрхэм хүндтэй бэлэг юм

sleeping infant

Гэрэл зургийг Дэвид Стокэр

Аврагч Амилалтаараа дамжуулан бодит, бие махбодын оршихуй бол Бурханы болоод Түүний хүүхдүүдийн мөнх биесийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг харуулсан. Их Эзэний Иосеф Смитэд илчилснээр, “Элементүүд мөнх юм, мөн салшгүй холбогдсон сүнс ба элемент нь баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг” (С ба Г 93:33). Энэхүү салшгүй холбоо нь сүнс болоод махан биеийг хамтад нь нэгтгэдэг бөгөөд тэд нэгдмэл мөнх бус, бохирдошгүй, алдар суут, төгс буюу өөрөөр хэлбэл Их Эзэнд байдаг тэрхүү баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авах боломжтой бие болдог юм.

Үүнтэй харьцуулбал, махан биеийг хүлээн авсныхаа дараа сүнсний дэлхийд орохын тулд биеэсээ салахыг “нас барагсад өөрсдийнх нь сүнс биенээс нь сал[ахыг] … боолчлол хэмээн [үздэг ажгуу]” (С ба Г 138:50; мөн С ба Г 45:17-г үзнэ үү).

Бидний мөнх бус бие хүртэл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний амин чухал хэсэг бөгөөд тэнгэрлэг бэлэг юм. Бидний сүнс мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас энэ дэлхийд ирэхэд бие махбод түүн “дээр нэмэгддэг” (Aбрахам 3:26). Бошиглогч Иосеф Смитийн зааснаар “Бид бие махбодтой болж, үүнийгээ селестиел хаант улсад Бурханы өмнө цэвэр ариунаар аваачихын тулд дэлхийд ирсэн. Аз жаргалын агуу зарчим нь бие махбодтой болоход оршино. Чөтгөрт бие махбод байдаггүй. Энэ нь түүнд оногдуулсан шийтгэл юм.”9.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Бидний бие махбод мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байхдаа хүлээн авч чадахааргүй байсан туршлагуудыг өргөн хүрээнд, гүн гүнзгий, хүч чадалтайгаар олж авах боломжийг олгодог. Иймээс, бусад хүнтэй харилцах харилцаа, ялган таних ба үнэний дагуу үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний зарчим, ёслолуудыг дагах чадварууд нь бидний бие махбодоор дамжуулан боломжтой болсон билээ. Мөнх бус амьдралд бид өрөвч зөөлөн сэтгэл, хайр энэрэл, сайхан сэтгэл, аз жаргал, уйтгар гуниг, урам хугаралт, өвчин шаналал болон бие махбодын хөгжлийн бэрхшээл зэрэг зүйлсийг даван туулснаар мөнх амьдралд бэлтгэгдэж байдаг. Энгийнээр хэлэхэд, “махбодод оршсоны дагуу” (1 Нифай 19:6; Aлма 7:12–13)”10 гэж сударт бичсэнчлэн бидний сурах ёстой хичээл, олж авах ёстой туршлагууд гэж байдаг” гэж заасан.

Түүнчлэн Иосеф Смит: “Бие махбодтой бүх юмс биегүй юмсаас илүү хүчтэй байдаг.”11 Сатан биднийг сорьж чадах ч биднийг албадаж чадахгүй. “Хэрэв бид чөтгөрт боломж олгохгүй бол биднийг уруу татах хүч түүнд байдаггүй”12 хэмээн заасан.

Эцэстээ, төгс бөгөөд амилсан бие биднийг Сатаны хүчнээс үүрд хол байхад тусалдаг. Амилалт байгаагүй бол “дахин хэзээ ч босохгүйгээр … чөтгөр[ийн] … харьяалалд бидний сүнс орох ёстой болой. Мөн бидний сүнс түүнтэй адил болж, бид чөтгөр, чөтгөрийн элчүүд болж, Бурханыхаа дэргэдээс таслагдаж, мөн худал бүхний эцэгтэй хамт, өөртэй нь адилаар зовлонд үлдэх байсан” (2 Нифай 9:8–9).

Сүнс хийгээд бие нь нэг нэгнийхээ дайсан биш болой

Хэдий өөр ч гэлээ, сүнс болон бие махбод нь үнэн хэрэгтээ өөр хоорондоо ялгаатай, эвлэршгүй бодит байдалд харьяалагддаггүй. Иосеф Смит: “Бодит бус матери лугаа адил зүйл гэж үгүй. Бүх сүнс матери мөн, харин энэ нь илүү нарийн, эсвээс цэвэр, мөн гагцхүү илүү цэвэр мэлмийгээр ялгагдан танигдаж болох бөлгөө. Бид үүнийг харж чадахгүй, харин бидний бие цэвэршигдсэн үед энэ нь бүгд матери болохыг бид харах болно” (С ба Г 131:7–8) гэдгийг ойлгож мэджээ.

Christ appears to the Nephites

ХРИСТ БӨМБӨРЦГИЙН БАРУУН ХАГАСТ ҮЗЭГДСЭН НЬ, Арнольд Фрайбэргийн зургаас авав

Есүс Христ Өөрийн алдар суут, амилсан байдалд сүнс, бие махбодын төгс нэгдлийг төлөөлсөн бөгөөд бидэнд “Мөн сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” (С ба Г 88:15) гэдгийг харуулсан. Бид энэ амьдралд “биеэ бодохоос” илүү “cүнсээ бодох” (2 Нифай 9:39), “эгэл хүнээ [орхих]” (Moзая 3:19), “бүх хүслээ хазаарлахыг” (Aлма 38:12) хичээдэг. Гэхдээ энэ нь сүнс, бие махбод хоёр нэг нэгнийхээ дайсан гэсэн үг биш ээ. Есүс Христийн бидэнд үзүүлснээр бие махбодыг дорд үзэж, дээр нь гарах биш, харин эзэн нь болж, өөрчлөх ёстой.

Мөнх бус биет амьдралын зорилго утга учиртай болой

Энэ амьдрал бол шалгуур гэсэн ойлголт өмнөх болоод дараах амьдралынхаа талаар мэддэг зүйлээ эргэцүүлэн бодох үед илүү утга учиртай болдог. Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө сүнсэн байдлаар амьдарч байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэй нь адил болж, үүрд мөнх бие махбодтой болж амьдраасай гэж хүссэн. Эдгээр үнэн нь мөнх бус бие махбодтой өнгөрүүлэх энэ шалгуурын цаг үе бол тохиолдлынх бус харин бодит утга учир, зорилготой гэдгийг харуулж байгаа юм.

Ахлагч Кристоффэрсоны хэлснээр: “Их Эзэн, [бидний] Бурхан [бидэнд] зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн хийх” сонголт хийвэл “хоёр дахь байдлаа” хадгалсанд тооцогдох байв. Энэ нь бид сонголтоороо дамжуулан Түүний оршихуйгаас тусдаа, бие махбодыг бүх хүч чадал, дур хүсэл, хэрэгцээтэй нь эзэмшиж, Түүний селестиел хуулийн дагуу амьдрах амлалт болон чадвараа харуулна гэсэн үг юм. Бид бие махбодоо хазаарлаж мөн үүнийг сүнснийхээ эзэн нь бус зэмсэг нь болгож чадах уу? Бидэнд амьдрал бүтээх хүчийг багтаасан бурханлаг хүчнүүдийг мөнх бус амьдралд болон үүрд мөнхөд ашиглах итгэл хүлээлгэж болох уу? Бид тус бүрдээ хилэнцийг даван туулах болов уу? Харин үүнийг хийсэн хүмүүсийн дээр ‘алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх’ [Aбрахам 3:26] бөгөөд энэ нь амилуулагдсан, үхэшгүй, мөн алдар суутай болсон бие махбодын тэрхүү алдар суугийн нэн чухал хэсэг юм.”13

Бидний өөр хоорондоо харилцах харилцаа гээд энэ бие махбодтойгоо олж авсан туршлага нь ирээдүйд ирэх зүйлтэй адил учраас учир утгатай билээ. Иосеф Смитийн олж мэдсэнчлэн: “Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, гагцхүү энэ нь эдүгээ бидний эдэлдэггүй тийм алдар суу болох мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” (С ба Г 130:2).

Есүс Христэд найдах найдвар бидэнд буй

women at the tomb

Гурван Мариа булшин дээр, Виллиам Адольф Боугуерау, Superstock.com

Булш хоосон байсан өдрөөс хойш Есүс Христийн амилалт бидэнд найдвар авчирсан. Учир нь бид Түүний амилалтаас өөрсдийн ирээдүйг харсан бөгөөд “Үргэлжлүүлэн итгэлтэй байж чадах л юм бол алдсан бүх юмаа авна”14 гэдгээ олж харсан.

Аврагчийн эртний төлөөлөгчид Түүний бие махбодыг харж, мэдэрсэн учраас Түүний Амилалтын тухай зоригтой гэрчилж чадсан. Гэхдээ энэ нь үүнээс ч илүү утга учиртай зүйл байв. Есүс Христ гэм нүглийг өршөөх хүч (Лук 5:23–25-ыг үзнэ үү) Өөрт нь байдгийг үзүүлэхийн тулд бие махбодын өвчинг эдгээсний адил Түүний Амилалт буюу бие махбодын үхлийг ялан дийлэх бодит хүчтэй гэдгийн нотолгоо нь сүнсний үхлийг ялан дийлэх хүчин чадлынх нь баталгаа болсон юм. Сургаалаараа дамжуулан өгсөн амлалтууд нь гэм нүглийн өршөөл, энэ амьдрал дахь амар амгалан, Эцэгийн хаант улс дахь мөнх амьдрал бөгөөд бодит болж, итгэлийг нь хөдөлшгүй бат болгосон.

“Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй байжээ” (1 Коринт 15:17). Гэхдээ Тэр үхэгсдээс боссон учраас бид “Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэй” (Моронай 7:41) байж чадна.

Есүс Христ мөнх бус амьдралынхаа туршид хүмүүсийг Өөрийг нь дагахад урьж байсан. Түүний үхэл болон Амилалтын дараа очих газар нь улам тодорхой болсон. Хэрэв бид сайн мэдээний хууль, ёслолуудыг дагаснаар дотор байх “селестиел сүнсийг” хөгжүүлэх юм бол “ердийн биетэйгээ адил тийм биеийг хүлээн авч,” “селестиел алдар суугийн хувь хэмжээгээр амьдруулагддаг. Тэгээд үүнийг бүр бүрэн байдлаар нь хүлээн авах” (С ба Г 88:28–29) боломжтой. Есүс зам заасан. Есүс бол зам мөн. Амилсан биетэйгээр баяр баясгаланг бүрэн мэдрэх буюу энэхүү селестиел бүрэн дүүрэн байдал нь Түүний хүч болох Цагаатгал болон Амилалтаар боломжтой болсон.

Эшлэлүүд

  1. Есүс Христ Шинэ дэлхийн хүмүүс дээр ирэхдээ мянга мянган хүнээс “нэг нэгээрээ” ирж, гар, хөл, хажуу талд нь хүрч, амилсан Их Эзэнийг харсан, мэдэрсэн гэдгээ гэрчлэхийг хүссэн (3 Нифай 11:14–15; 18:25-ыг үзнэ үү).

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 59.

  3. Эхлэл 1:27; Eгипетээс гарсан нь 33:11; Үйлс 7:56-г үзнэ үү.

  4. Хэдийгээр үүнтэй адил үзэл санаа эртний Христийн шашны урсгалуудад байсан ч яг энэ томъёолол нь Английн сүмийн гучин есөн тунхгаас гаралтай.

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит, 50.

  6. Жэффри Р.Холланд, “Цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христ,” Liahona, 2007 оны 11-р сар, 42

  7. Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132.

  8. Мөнх бус байдлын өмнөх Есүс Христийн талаарх илчлэлт ч гэсэн энэ баримтын гэрч болдог. Учир нь Түүний сүнсний бие хүмүүний хэлбэрээр байсан (Ифер 3:16-г үзнэ үү).

  9. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 239.

  10. Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41.

  11. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 239.

  12. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит, 241.

  13. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.

  14. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 51.