Биднийг дахин уулзах хүртэл
Бурханы хүч
Санваарын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн “The Doctrine of the Priesthood,” үгээс эш татав, Ensign, 1982 оны 5-р сар, 32–34; үг үсгийг стандартын дагуу болгов.
Итгэл бол хүч, хүч бол санваар.
Бурхан бол бүх итгэл, хүч чадал, санваарын цогц нэгдэл учраас л Бурхан юм. Түүний амьдралыг мөнх амьдрал гэнэ.
Бид хэрхэн Түүний итгэлийг олж аван, хүч чадлыг эзэмшиж, санваарыг ашиглаж байгаа нь Түүнтэй хэр адилхан болох хэр хэмжээг илэрхийлж байгаа юм. Бид бүрэн дүүрэн, бодитоор Түүнтэй адил болсон үедээ мөнх амьдралыг хүлээн авна.
Итгэл, санваар хоёр гар нийлэн ажилладаг. Итгэл бол хүч, хүч бол санваар. Бид итгэлтэй болсныхоо дараа санваарыг хүлээн авдаг. Тийн бид санваараар дамжуулан итгэлээ хөгжүүлсээр, бүх хүчийг хүлээн авсан цагт л Их Эзэнтэйгээ адил болдог.
Мөнх бус байдалд өнгөрүүлэх бидний цаг хугацааг туршилт, сорилтын цаг хэмээн тогтоосон юм. Бид энд байхдаа итгэлээ төгөлдөржүүлж, санваарын хүчинд өсөж хөгжих онцгой эрхтэй байдаг. …
Енохын өдрүүдэд хүмүүнийг ариун санваараар урьд хожид хэзээ ч байгаагүй ихээр төгөлдөржүүлсэн. Тухайн үед Енохын жаяг (С ба Г 76:57-г үзнэ үү) гэгддэг байсан санваар нь түүнийг болон түүний хүмүүсийг хувиргасан хүч байсан юм. Тэд мөн итгэлтэй байж, санваарын хүчийг хөгжүүлсэн учраас хувиргагдсан.
Их Эзэн санваарыг хүлээн авсан хүн бүр итгэлээр дамжуулан дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг захирч, үндэстнүүдийн армийн өмнө үл сөхрөн, Их Эзэний өмнө алдар суу, өргөмжлөлд зогсох хүчтэй байх болно гэсэн мөнхийн гэрээг Енохтой хийсэн билээ.
Мелкизедек нь мөн адил итгэлтэй эр байсан бөгөөд “мөн түүний хүмүүс зөв шударгыг үйлддэг байж, мөн тэнгэрийг олж аван, … Енохын хотыг эрэлхийлдэг байв” (Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 14:34). …
Тийм бол санваарын сургаал гэж юу вэ? Түүнчлэн бид Их Эзэний үйлчлэгчийн хувьд хэрхэн амьдрах ёстой вэ?
Энэ нь Бурхан бидний Эцэг бүх хүч чадал, ноёрхлыг эзэмшдэг, бүх зүйлийг мэддэг, бүх шинж чанар нь хэмжээлшгүй, гэр бүлийн нэгжид амьдардаг алдаршуулсан, төгс төгөлдөржсөн, өргөмжлүүлсөн бодгаль гэсэн сургаал болой.
Бидний Мөнхийн Эцэгийн итгэл нь төгс, санваар нь хязгааргүй учраас энэ алдар суу, төгс төгөлдөр байдал, хүч чадлын эрхэм дээд байр сууринд байгаа билээ.
Санваар гэдэг нь Бурханы хүчний нэр бөгөөд хэрэв бид Түүнтэй адил болохыг хүсвэл Түүний санваарыг эсвэл хүчийг хүлээн авч, Түүнтэй адил хөгжүүлэх хэрэгтэй.
Бид Түүний итгэл, төгс төгөлдөр байдал, хүч чадлыг буюу өөрөөр хэлбэл санваарын бүрэн байдлыг хүлээн авсан учраас итгэлээр дамжуулан материаллаг болон сүнслэг зүйлийн аль алиныг захиран, удирдах, гайхамшиг үйлдэх мөн амьдралыг төгс төгөлдөржүүлж, Бурханы оршихуйд зогсон, Түүнтэй адил болох боломжтой болдог.
Энэ нь санваарын сургаал юм бол үүнээс агуу зүйл урьд хожид ч байхгүй нь лавтай. Энэ нь итгэл, зөв шударга байдлаар дамжуулан олж авдаг хүч юм. …
Үнэхээр санваарын хүч байдаг бөгөөд энэ нь бидний ашиглахыг хүсдэг мөн чин сэтгэлээсээ залбирах юм бол бид өөрсдийн болон үр удмынхаа дээр байлгах боломжтой тэр хүч юм.