2017
Өдөр бүр ариун сүмд ороход бэлд
April 2017


Өдөр бүр ариун сүмд ороход бэлд

Prepare for the Temple Every Day

Намайг есөн настай байхад Кохлэр эгч гэдэг нэгэн гайхалтай Хүүхдийн хэсгийн багш байсан. Би маш ичимхий хүүхэд байсан ч тэр үнэхээр зөөлөн хүн байсан тул түүнтэй хамт байх дуртай байлаа. Нэгэн өдөр тэр хүн бүрд хуудас цаас өгөөд, бүгдээрээ өсөж том болсныхоо дараа юу хийхийг хүсэж байгаагаа бич гэсэн юм. Би “Коллежид сурч, ариун сүмд гэрлэнэ” гэж бичив. Би цаасаа шүүгээнийхээ хаалган дээр наалаа. Шөнө болоход гудамжны гэрэл манай цонх руу тусахад би цаас руугаа хардаг байв. Энэ нь надад ариун сүм рүү явахыг хүсэж байгааг маань сануулдаг байсан юм.

Тэр үед дэлхий дээр дөнгөж 12 ариун сүм байсан бөгөөд би бүх ариун сүм рүү очихыг хүсдэг байлаа.

Аав, ээж маань аяллаа төлөвлөж, гэр бүлээ ариун сүм рүү байнга авч явдаг байж билээ. Бид АНУ-ын Орегонд амьдарч байсан бөгөөд хамгийн ойр байх ариун сүм 965 км-т, Канадын Алберта мужийн Кардстон хотод байдаг байв. Машинд маань агааржуулагч байгаагүй бөгөөд би ах, эгч хоёрынхоо хамт арын суудал дээр сууж явсан юм. Бид машиныхаа цонхоор нойтон алчуураа гарган сэвээд, дараа нь хүзүүн дээрээ тавьж сэрүүцэж байлаа.

Тэгээд эцэст нь ариун сүмийг олж хараад, үнэхээр их сэтгэл хөдөлж билээ. Тэнд юу болдог талаар би сайн мэддэггүй байсан ч ээж, аав хоёр маань гарч ирэхдээ үргэлж аз жаргалтай байдаг байв. Би ариун сүм үнэхээр чухал газар гэдгийг, бас энэ нь Их Эзэний өргөө гэдгийг мэдэж байсан. (Зурган дээр би цагаан цамцтай байгаа болно.)

Би 12 нас хүрээд, хэд хэдэн ариун сүмд ариун сүмийн баптисм төлөөлөн хүртсэн. Дараа нь ирээдүйн нөхөртэйгөө танилцаад, ариун сүмд хайртай болохыг нь бас мэдсэн гээч! Бид Ютагийн Мантай ариун сүмд гэрлэсэн юм.

Та ариун сүмд ороход өдөр бүр бэлдэж болно. Боломж гарах бүрд ариун сүмд орж бай. Хананд нь хүрч үзээрэй. Ач хүү Жаррэт маань 11 настай байхдаа ням гараг бүр аавтайгаа хамт гэр бүлийн түүх дээрээ ажилладаг байсан. Тэр маш олон өвөг дээдсийнхээ нэрийг олсон. Тэр одоо 12 настай бөгөөд эдгээр өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмд баптисм хүртэж байгаа.

Та ариун сүмд байхдаа Есүсийн алхсан замаар алхаж болно. Энэ бол Түүний өргөө. Таныг ариун сүмд орж, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхийн тулд бэлдэхэд туслахыг өдөр бүр Түүнд хандан залбирч гуйна гэдэгт би найдаж байна.