Есүсийн тухай бодох нь
Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.
Миагийн сэтгэл их догдолсон байлаа. Тэр анх удаа Сүмд ирсэн нь энэ байж! Номлогчид энэ Сүмийн талаар гэр бүлийнхэнд нь ярьж өгчээ. Тэд ч Сүмд ирэхээр шийдсэн аж.
Миа эргэн тойрноо харлаа. Тэр ширээн дээр цагаан бүтээлэгтэй зүйл байхыг олж харав. Тэр бүтээлгэн доор ямар нэгэн юм байлаа.
“Бүтээлгэн доор юу байгаа юм болоо?” гэж Миа нэг номлогчоос асуув.
Хансон эгч инээмсэглээд, “Энэ бол ариун ёслол” гэлээ.
Ариун ёслол. Маш том үг байлаа. Номлогчид ээж, аавд нь энэ тухай ярьж байсныг Миа сонссон боловч чухам юу гэдгийг нь сайн мэдэхгүй байв.
Бүгд дуу дуулав. Хоёр эрэгтэй хүн цагаан бүтээлгийг сөхлөө. Доор нь байх тавиур дээр талх байв! Миа тэднийг талх жижиглэн хувааж байхыг харлаа.
Дуу дуулсны дараа нэг эрэгтэй нь залбирал хэлэв. Бусад нь талхыг хүн болгонд түгээлээ.
“Талх Есүсийн биеийг санахад маань тусалдаг” хэмээн Гарсиа эгч шивнэв.
Миа талхнаас аваад, Есүсийг өөрийнхөө өмнө зогсож байгаагаар төсөөлөн бодлоо.
Түүний дараа дахиад залбирал хэлэв. Эрэгтэйчүүд жижигхэн аягатай усыг тавиур дээр тавин авч явж, хүмүүст тарааж байлаа.
“Ус бидэнд Есүсийн цусыг санахад тусалдаг. Тэр бидэнд хайртай учраас бидний төлөө амиа өгсөн” хэмээн Гарсиа эгч мөн шивнэв.
Миа аягатай уснаас уулаа. Тэр Есүсийг өөрт нь хэчнээн их хайртай тухай бодов. Есүс түүнийг чанга тэвэрч байгаа мэт санагдлаа.
Дараа нь Хансон эгч түүнд Есүсийн жижигхэн зургийг өгөөд, “Бид Есүсийг дурсан санаж, дагана гэдгээ мартахгүйн тулд талх, уснаас хүртдэг” гэв. Тэр инээмсэглээд, “Ариун ёслолын талаар юу гэж бодож байна?” гэж асуулаа.
Миа Есүсийн зураг руу хараад, өөрт нь төрсөн дулаахан мэдрэмжийг санав. Тэр инээмсэглээд, “Сайхан байсан! Би Есүст хайртай” гэж хариулав.