2017
Зөвт хүн итгэлээр амьдарна
April 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Зөвт хүн итгэлээр амьдарна

Зураг
President Uchtdorf and his daughter visiting refugees

Рабби ба саван хийгч

Бурханд итгэдэггүй саван хийгчийн тухай эртний еврей үлгэр байдаг. Нэг өдөр тэрээр раббитай хамт алхаж явахдаа “Миний ойлгохгүй нэг зүйл байна. Бид хэдэн мянган жилийн турш шашин шүтсэн. Гэхдээ хаашаа ч харсан хилэнц, авлига, луйвар, шударга бус байдал, зовлон зүдгүүр, өлсгөлөн, хүчирхийлэл байна. Тэгэхлээр шашин дэлхий ертөнцийг огтхон ч сайжруулаагүй бололтой. Тиймээс би танаас шашны чухам юу нь сайн юм бэ? гэж асууя” гэжээ.

Рабби хэсэг хугацаанд юу ч хэлсэнгүй, саван хийгчтэй хамт цааш явав. Эцэст нь тэд тоосонд дарагдсан хүүхдүүд шороогоор тоглож байсан тоглоомын газарт иржээ.

Рабби: “Надад ойлгохгүй нэг зүйл байна. Энэ хүүхдүүдийг хар даа. Бидэнд олон мянган жилийн турш саван байсан ч энэ хүүхдүүд хиртэй заваан хэвээр л байна. Саван байх нь юунд сайн юм бэ?” гэж хэлэв.

Гэтэл саван хийгч: “Рабби, хүүхдүүд бохир заваан байгаад саванг буруутгах нь шударга бус. Саванг хэрэглэж байж л ашиг тусыг нь авна шүү дээ” хэмээн хэлтэл

Рабби инээмсэглэн, “Яг тийм” хэмээн хариулав.

Бид хэрхэн амьдрах ёстой вэ?

Төлөөлөгч Паул Хуучин Гэрээний бошиглогчоос эш татан, итгэгч байх гэдэг нь ямар утга учиртай болохыг “Зөвт хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17) хэмээн тоймлон бичжээ.

Бид энэ энгийн тайлбараас хэврэг, үр ашиггүй шашин ба амьдралыг өөрчлөх хүчтэй шашин хоёрын хоорондын ялгааг ойлгож болох юм.

Гэхдээ бид итгэлээр амьдрах гэдэг нь ямар утга учиртай үг болохыг ойлгохын тулд эхлээд итгэл гэж юу болохыг ойлгосон байх ёстой.

Итгэл нь үнэмшлээс илүү болой. Энэ бол Бурханд бүрэн итгэж найдахын зэрэгцээ үйлдэхийг хэлнэ.

Энэ нь хүслээс илүү.

Мөн налайж суугаад, толгой дохин, зөвшөөрч байна гэж хэлэхээс ч илүү зүйл юм. Бид “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэдгийг итгэлээрээ хөтлүүлэн, удирдуулдаг гэсэн утгаар хэлж байгаа юм. Бид итгэлтэйгээ холбоотой арга замаар буюу муйхраар сүсэглэн дуулгавартай байх гэсэндээ биш, харин Бурхандаа итгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг учраас мөн Өөрийн хүүхдүүдэд илчилсэн үнэлж баршгүй мэргэн ухааных нь төлөө үйлддэг.

Иймээс итгэлийг үйлдэл дагалдаж байх ёстой бөгөөд хэрэв үйлсгүй бол итгэл өөрөө үхмэл юм (Иаков 2:17-г үзнэ үү). Энэ бол итгэл огтхон ч биш. Үүнд дэлхийг байтугай ганц хүнийг өөрчлөх хүч ч байхгүй.

Итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс төгс харж, сайн ойлгох боломжгүй ороо бусгаа цаг үед ч мөн эргэлзээ, саад бэрхшээл тулгарах үед ч энэрэнгүй Тэнгэрлэг Эцэгтээ итгэж найддаг.

Итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс шавийн замаар чин сэтгэлээсээ алхан, хайрт Аврагч Есүс Христийнхээ үлгэр жишээг дагах гэж хичээдэг. Итгэл бидэнд сэдэл төрүүлж, бидний зүрх сэтгэлийг гарцаагүй тэнгэр өөд чиглүүлэн, эргэн тойрныхоо хүмүүст тусламжийн гараа сунгаж, урам зориг өгч, адислахад урамшуулан дэмждэг.

Үйлдэл хийхгүй бол шашин нь хайрцган дотроо байгаа саван лугаа адил билээ. Түүнд гайхамшигтай чадавх байж болох ч бодит байдалд зорилгоо биелүүлэхгүй л бол аливаа зүйлийг өөрчлөх өчүүхэн төдий ч хүч байхгүй. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бол үйлдэх сайн мэдээ мөн. Есүс Христийн Сүм жинхэнэ шашин нь итгэл, найдвар, энэрлийн захиас төдийгүй ойр тойрныхондоо сүнслэг хийгээд материаллаг байдлаар тусалдаг гэдгийг заадаг.

Хэдэн сарын өмнө би эхнэр Харриэттэйгээ хамт хэдэн хүүхдээ аваад, Газрын дундад тэнгис рүү гэр бүлээрээ аялсан юм. Бид дүрвэгчдийн зарим суурин дээр очин, дайнд нэрвэгдсэн орнуудаас ирсэн гэр бүлүүдтэй уулзсан. Тэр хүмүүс манай шашных биш ч бидний ахан дүүс байсан бөгөөд тэдэнд тусламж нэн яаралтай хэрэгтэй байлаа. Манай Сүмийн гишүүдийн бодит итгэл эргэн тойрондоо байгаа тусламж хэрэгтэй хүмүүст шашин шүтлэг, яс үндэс, боловсрол зэргийг харгалзахгүйгээр хэрхэн тусалж, дэмжин, найдвар төрүүлж байгааг нүдээрээ харсан маань биднийг ихэд догдлуулсан юм.

Байнгын үйлдэл дагуулсан итгэл нь зүрх сэтгэлийг сайхан сэтгэлээр, оюун санааг мэргэн ухаан, ойлголтоор, мөн бодгалийг амар амгалан, хайраар дүүргэдэг.

Бид итгэлээрээ өөрсдийгөө болон эргэн тойрны хүмүүсийнхээ аль алиныг адисалж, зөв шударгаар нөлөөлөх боломжтой.

Бидний итгэл дэлхийг сайн сайхан, амар амгалангаар мөн дүүргэж чадна.

Түүнчлэн итгэл маань үзэн ядалтыг хайр, дайсныг найз нөхөд болгон өөрчилж чадна.

Тиймээс зөвт хүмүүс итгэлээр үйлдэж мөн Бурханд найдан, Түүний замаар алхаж амьдардаг.

Ийм л итгэл хувь хүн, гэр бүл, үндэстэн ястан, дэлхийг өөрчилж чадна.