Мартагдсан ном, эргэн санасан гэрчлэл
Зохиогч нь Филиппинийн Кагаяанд амьдардаг.
Бүгд над руу харж байв. Би зөвхөн өөрийн энгийн гэрчлэлээр Сүмийг хамгаалж чадах уу?
Нэг жил би сүнслэг байдлын хувьд суралцах явцаа сайжруулах зорилго тавьсан юм. Би Бурханы үгээр өлсөж байсан учраас Сүмийн холбогдолтой ном, товхимол, гарын авлага, судрыг сургууль гээд л хаана ч байсан авчирдаг байлаа. Гэтэл удахгүй болох шалгалтандаа бэлдэх гээд завгүй болсноос хойш миний энэ хүчин чармайлт багасаж эхлэв.
Нэг өдөр багш маань ярилцлага өрнүүлэх явцдаа ангид байсан католик шашны бус оюутнуудыг босож зогсохыг хүсэв. Би ангидаа ганцаараа хожмын үеийн гэгээнтэн байсан юм. Өөр зургаан оюутан бас босож зогсов.
Тэгээд бидэнд дараах асуултыг тавив. Та нар ямар сүмд явдаг вэ? Үндэслэгч нь хэн байсан бэ? Танай сүм хэрхэн үүсгэн байгуулагдсан бэ?
Би хамгийн сүүлд хариулах байлаа. Би Сүмийн номнуудаасаа авчраагүйгээ мэдээд сандарч, сурч мэдсэн зүйлээ санах гэж оролдов. Тэр үед Библийн нэг шүлэг санаанд минь орж билээ.
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно” (Сургаалт үгс 3:5–6).
Би ангийнхныхаа өмнө зоригтой зогсоод, айж сандарснаа ч мартав. Би бол Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж хэллээ. Тэгээд би Иосеф Смит хэмээх нэгэн хөвгүүн Бурханыг харсан тухай түүхийг хуваалцав. Чээжинд минь гал дүрэлзэх мэт санагдаж, нүднээс минь нулимс урслаа. Сүм 1830 оны 4-р сарын 6-нд байгуулагдсан гэдгийг хуваалцаад, Бурханы бошиглогч дуудагдан, санваар сэргээгдсэн, мөн энэ бүхнийг үнэн гэдгийг мэддэг хэмээн би гэрчиллээ.
Олон цагаар сайн мэдээг судалж байсан маань хэрэг болов. Энэ нь надад итгэлээ хамгаалан, сайн мэдээнээс хуваалцахад тусалсан юм. Хэдэн долоо хоногийн дараа манай ангийн дөрвөн оюутан Сүмд нэгдэхэд надад бахархах сэтгэл төрж билээ.
Энэ үйл явдал надад гэрчлэл ямар чухал болохыг заасан. Эхлээд би яагаад Их Эзэн надад номнуудаасаа авчир гэсэн сүнслэг мэдрэмж төрүүлээгүй юм бол гэж гайхаж байсан. Тэдгээр нь асуултад төгс хариулахад туслах байсан. Гэхдээ дараа нь Сүмийн талаар бүх зүйлийг чээжлэх юм уу заавал холбогдох материалд тулгуурлах хэрэггүй, харин бид сайн мэдээг судалж, үүний дагуу амьдарч, хуваалцах мөн Ариун Сүнсэнд найдах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан билээ. Надад ном байгаагүй ч гэрчлэл байсан.