2017
Бурхан залбирлыг маань сонсож байгаа гэдгийг би хэрхэн мэдэх вэ?
April 2017


Асуулт, хариулт

“Бурхан залбирлыг маань сонсож байгаа гэдгийг би хэрхэн мэдэх вэ?”

Залбирал бол агуу адислал бөгөөд Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж сонсоно гэж амласан ч Түүний хариултыг ойлгож мэдэхэд ихэвчлэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг.1

Бурхан таныг сонсдог эсвэл сонсдоггүй гээд бодоод үз дээ. Хэрэв Тэр сонсдоггүй бол мэдээж залбирах шаардлагагүй. Гэхдээ Тэр сонсдог бол (Тэр сонсдог!) бид Түүнтэй хэрхэн залбирлаар жинхэнээсээ харилцах, хариултыг олж таних, итгэлтэй урагшлах зэрэг арга барилыг олох хэрэгтэй.

Бид Түүнийг сонсохгүй байна гэж мэдэрвэл хувийн өсөлт хөгжил дээрээ ажиллах шаардлагатай байж магадгүй. Та өөртөө дараах хэдэн асуултыг тавьж болох юм. Би цэвэр ариун уу? Би зохистой зүйлс сэддэг үү? Би Түүний хий гэсэн зүйлийг хийх хүсэлтэй юу?2 Хэрэв эдгээрт бүгдэд нь “тийм” гэж хариулсан бол “чиний Бурхан Их Эзэн … залбирлуудад чинь хариу өгөх болно” (С ба Г 112:10) гэдэгт итгэж болно. Заримдаа хариултууд үл мэдэгдэх эсвэл санаанд оромгүй арга замаар ирдэг гэдгийг бүү март.

Хэрэв та зарим асуултад үгүй гэж хариулсан бол оройтоогүй шүү! Ариун Сүнстэй байхын тулд амьдралдаа шаардлагатай өөрчлөлтийг хий. Хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх хүсэлтэй бай.

Хүн бүр хариултаа өөр өөр арга замаар хүлээн авдаг гэдгийг санаарай. Ариун Сүнс танд хариултаа хэрхэн таньж мэдэхийг зааж өгөөрэй хэмээн залбир. Эхлээд тэдгээрийг таньж мэдэх нь хялбар бус байж болох ч аливаа ур чадварын адил үүнийг төгс эзэмшихийн тулд дадлага хийх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэг үргэлж сонсож байдаг гэдэгт итгэ, найд.

Сүнсийг сонс.

Ариун Сүнсийг сонсохыг хичээ. Хүмүүс Ариун Сүнсийг олон арга замаар сонсдог учраас сүнслэг өдөөлт танд мэдрэмж маягаар ирэх үед та намуун, зөөлөн дуу хоолой сонсохыг хүлээж байж болох юм. Ариун Сүнс таны мэдвэл зохих бүх зүйлийг хэлж өгнө гэдгийг би мэдэх учраас та зөвхөн сонсох л хэрэгтэй.

Элис Г., 13 настай, Канадын Алберта

Хариултыг Сүмээс олж болно

Би нэг удаа Сүмийн гишүүн бус хүнтэй болзоонд явах эсэх талаар нэлээн эргэлзсэн юм. Нэгэн ням гаргийн ариун ёслолын цуглаан дээр нэг эгч надад зориулсан мэт үгийг хэлж билээ. Тэр үед би Их Эзэн миний залбиралд хариулсан гэсэн баталгааг хүлээн авсан юм. Өмнө нь би юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байсан бол яг тэр мөчид Ариун Сүнс намайг тайвшруулан, зүрх сэтгэлийг маань баяр баясгалан, эр зоригоор дүүргэсэн. Бурхан бидэнд мэдрэмж, бодлоор мөн судраар, тэр ч бүү хэл Сүм дээр үг хэлсэн хүмүүсээр дамжуулан хариулдаг!

Карэн В., 19 настай, Бразилын Минас Жераис

Хэн гэдгээ сана

Залбирал зүрх сэтгэлд маань амар амгалан, тайвшрал, хайрыг бий болгодог учраас Бурхан биднийг сонсдог гэдгийг би мэднэ. Тэрээр өдрөөс өдөрт олон аюулаас намайг чөлөөлөн, гэр бүлийг минь хамгаалдаг болохыг би харсан бөгөөд намайг хайрладаг гэдгийг мэдэрдэг. Би сургуульдаа явахаасаа өмнө Залуу эмэгтэйчүүдийн уриаг үргэлж хэлдэг. Энэ нь намайг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн охин гэдгээ санахад надад тусалдаг юм.

Никол М., 19 настай, Перугийн Лима

Хүүхдийн залбирал

Хүүхдийн хэсгийн “Хүүхдийн залбирал” (Children’s Songbook, 12) дууны үгэнд: “Тэнгэрлэг Эцэг, Та тэнд байдаг уу? Хүүхэд бүрийн залбирлыг Та сонсож, хариулдаг уу? Тэнгэр биднээс хол байдаг хэдий ч залбирах үедээ ойр гэдгийг мэддэг” хэмээх үгс байдаг учраас Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсдог гэдгийг би мэднэ. Би энэ дууг санах үедээ Ариун Сүнсний болон намайг гэх Тэнгэрлэг Эцэгийн эцэс төгсгөлгүй хайрыг мэдэрдэг учраас Тэр намайг сонсож байгаа гэдгийг мэддэг. Би Тэр намайг хайрладаг гэдгийг санах үедээ тайвшрах шиг болж, залбирлыг маань сонсдог болохыг мэддэг.

Элэйн Б., 16 настай, АНУ-ын Хойд Каролина

Түүнд итгэ

Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг байнга сонсдог ч залбиралд маань хэрхэн мөн хэзээ хариулахаа хэлдэггүй учраас зарим үед бидэнд хариулахгүй байгаа мэт санагддаг. Бид өөрсдийн хүслийг Түүний хүсэлд нийцүүлэх хүсэлтэй гэдэгтээ мөн Тэр бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт итгэх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд залбиралд маань хариулахдаа суралцаж, өсөж хөгжихөд маань туслахыг үргэлж хичээх болно.

Мозая М., 17 настай, АНУ-ын Юта

Асуу, тэгвэл та нар хүлээж авах болно

Хэрэв бид Бурханд итгэлтэй, чин хүсэлтэй хандвал Тэрээр үргэлж бидний залбирлыг сонсож, хариулна гэдгийг судраар дамжуулан заадаг. Бид зүрх сэтгэлдээ Тэр биднийг сонсдог гэсэн баттай нотолгоог мөн амар амгалан, тайван мэдрэмжийг мэдэрнэ. Түүнчлэн, хэрэв бид Эцэгийн хүслийг дагавал бүх зүйл сайн байх болно гэдгийг мэдрэх боломжтой. Хэрэв бид Тэр биднийг сонсдог гэдэгт эргэлзэж байвал судраас удирдамж эрэлхийлэн, уншсан зүйл маань үнэн эсэхийг асуух нь зүйтэй.

Констанза Л., 20 настай, Чилийн Био Био

Хайж ол

Би нэг удаа Бурхан залбирлыг маань сонсдог болов уу гэж бодож байхдаа зүрх сэтгэлдээ хариултыг нь мэдэрсэн. Би залбирлын талаар хуваалцсан нэг хүний гэрчлэлийг сонсож, Ариун Сүнсийг мэдэрч билээ. Би бас та нарт эцэг эх, бишоп, тойргийнхоо бусад гишүүнээс асуу хэмээн өөр нэг зөвлөгөө өгөх гэсэн юм. Түүнээс гадна та энэ сэдвээр тусламж хүсэн залбирч болно шүү дээ!

Иошуа С., 13 настай, АНУ-ын Орегон

Чин сэтгэлээсээ залбир

Залбирсныхаа дараа зүрх сэтгэлдээ төрөх мэдрэмж, бодол санааг сонсож болно. Тэдгээрийн нэг нь залбирлын тань хариу байж болох юм. Бид чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр залбирах юм бол Тэнгэрлэг Эцэг маань Өөрт нь итгэх бидний итгэлийн дагуу хариулдаг. Тэр зөвхөн бидний сониуч занг дарах гэж хариулдаггүй.

Жан-Клод Н., 16 настай, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Касай