2017
Гэр бүлийн хуучин зургийн цомог: Гэр бүлийн түүхийн хүч
April 2017


Гэр бүлийн хуучин зургийн цомог: Гэр бүлийн түүхийн хүч

Зохиогч нь АНУ-ын Нью-Йоркод амьдардаг.

Өвөг дээдсийн маань өв надаар дамжин үргэлжилсээр байгаа бөгөөд амьдралаа илүү сайн болгоход нөлөөлсөөр байгаа билээ.

funeral parade

Дэлхийн II дайны өмнө, нэгэн зуны өглөө элэнц эцэг маань яг л бусад өдрийн адил нар мандахаас өмнө сэрэв. Тэрээр нов ногоон хөндий, Румын дахь тосгон руу харсан толгод дээрх байшингаасаа гарч ирэн, өглөөний шүүдэр буусан зүлгэн дээр сууж, гүн бодолд автан сууна. Уг бодол түүний оюун санаанаас гарахгүй нэлээн удаан явсан аж. Өрөвч зөөлөн сэтгэл, сониуч зантай бас боловсролтой уг эрийг тосгон дахь бүх хүн хайрлаж, хүндэтгэдэг байв.

Нар мандсаны дараа тэр гэртээ ороод, өөрийнхөө оршуулах ёслолыг ямар байх нь сонин байна гэж мөн оршуулгын ажлын сургуулилт хийж үзэхийг хүсэж байгаагаа эхнэртээ хэлжээ. Тэр өдрөө товлож, авс худалдаж аваад, санваартан болон мэргэжлийн гашуудагчдыг хөлсөлж, грек ёс заншлын дагуу шаардлагатай бүх зүйлийг бэлдэв. Оршуулгын сургуулилт хийх өдөр ч ирлээ. Тосгоны голд дурсамжийн зоогийн ширээ засаж, гэр бүл нь бүгд хар хувцас өмсжээ. Мөн санваартан ч ирж, элэнц эцэг маань авсанд хэвтээд, илүү тав тухтай харж болохын тулд дэрээ янзлан, оршуулах ёслол эхэлсэн гэдэг. Ёслол дууссаны дараа тосгоны хүмүүсийг бүгдийг нь зоогонд урьсан ба өвөө маань өөрийн оршуулах ёслол дээр бүжиглэх мөрөөдлөө биелүүлсэн аж. Тэр дахиад 20 жил амьдарсан бөгөөд ойр ойрхон авсандаа багтаж байгаа эсэхээ шалгадаг байсан юм.

Зүгээр л нэг нэр, огноо төдийхөн биш

Би элэнц эцэгтэйгээ уулзаж байгаагүй ч түүний түүх өвөө эмээгээс маань уламжлан ирсэн түүхүүдээс хамгийн дуртай түүхийн нэг байсаар ирсэн. Өвөө эмээ маань ах, эгч, дүү нарт маань болон надад бидний өвөг дээдэс хаанаас ирсэн, ямар хүмүүс байсныг мөн тэдний үнэ цэнт зүйлс, хүсэл мөрөөдөл, найдварын талаарх түүхийг өдөр бүр ярьж өгдөг байв. Ням гаргийн зоог болгоны дараа өвөө эмээ маань гэр бүлийн зургийн цомгоо гаргаж ирээд, хуудас бүрийг эргүүлэхдээ түүхийг нь нүдэнд харагдтал ярьж, өмнөх зургаан үеэ хайрлах хайрыг сэтгэл зүрхэнд маань суулгаж өгдөг байсан билээ. Тэдгээр нь зүгээр л нэг ард нь нэр, огноо тавьсан гэрэл зургууд байсангүй. Зурган дээрх хүн бүр эцэг эсвэл эх, хүү эсвэл охин, ах эсвэл эгч байсан бөгөөд тэдний өв гэр бүлийн бусад уламжлалын хамт надад уламжлагдан үлдсэн юм.

Сорилт бэрхшээлтэй үе дэх хүч чадал

Намайг 19 настай байхад эцэг эх маань болон ихэнх ойрын гэр бүлийн гишүүд нас барж, өвлөж үлдсэн ихэнх эд зүйл алга болж, хулгайд алдагдсан юм. Гэсэн хэдий ч байгалийн гамшиг, тэр ч бүү хэл үхэл ч устгаж чадахааргүй нэг зүйл үлдсэн байсан бөгөөд тэр нь гэр бүлийн гишүүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон гүүр байсан билээ. Тэдний хичээл зүтгэлийн ачаар гэр бүлийн гишүүдийн зүрх сэтгэлийг хооронд нь холбосон утас хэцүү цаг мөчийг даван туулах хүч чадлыг надад өгч байв.

Би эцэг эх, эмээ өвөөгөө нас барсны дараа цаашид амьдарч чадах хүч чадал байгаа эсэхдээ эргэлзэн, сэтгэлийн гүн шаналалд автсан юм. Би хөшигний цаанаас тэдний нөлөөг мэдрэх адислал хүлээн авсан бөгөөд энэ нь надад авралын төлөвлөгөө болон үхлийн дараах амьдралын тухай мөн хожим нь авралд нэн хэрэгтэй ариун сүмийн ёслолуудын талаар хүчтэй гэрчлэлтэй болоход тусалсан билээ. Би элэнц эцэг, авга болон нагац ах, эгчтэйгээ уулзаж байгаагүй ч тэдний зурагтай гэр бүлийн хуучин зургийн цомгоо үзэх бүрдээ нүднээс нь өөрийгөө олж хардаг. Надаас өмнө амьдарч байсан бүх хүн одоогийн хувь хүн болоход маань нөлөөлсөн. Тэдний туршлага, мэргэн ухаан зан чанарыг маань төлөвшүүлж, амьдралыг маань удирдан чиглүүлсэн билээ.

Бага балчир байхад гэр бүлийнхний минь надад өгсөн хамгийн агуу бэлэг бол гэр бүлийн түүхийн талаарх мэдлэг бөгөөд би өөрөө өнгөрсөн, ирээдүй хоёрын холбоос юм гэсэн итгэл үнэмшил юм. Би энэ дэлхийд өөрийн түүхийг бүтээж амьдрахаар, тухайлбал эрэл хайгуул хийж, хал үзэн хашир сууж, үүнийгээ нандигнан хадгалахаар ирсэн гэдгээ бас мэднэ. Гэр бүлийн түүхийн тухай энэ мэдлэг амьдралын бүхий л саад бэрхшээлийн үед намайг дэмжин тусалж байсан.

Би хөшигний нөгөө талд буй гэр бүлийнхээ тухай мөн надад илүү сайхан амьдрал өгөхийн тулд тэдний гаргасан золиослолын талаар байнга боддог. Би хэзээ нэгэн өдөр гэр бүлээрээ дахин хамт байх боломжийг олгодог ариун сүмийн ёслолуудын тухай бас боддог. Би бас энэ бүхнийг боломжтой болгосон Аврагчийнхаа Цагаатгалын тухай боддог. Тэр бидэнд амьдрал өгөхийн тулд төлөөс төлсөн. Иймээс бид Түүнийг хайрлаж, өнөөдөр төдийгүй үүрд талархаж, шүтэн биширдэг юм.