Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Тэр дууг битгий тавиач, гуйж байна
Өмнө нь би гэр бүлийн хамт Мексикийн Веракрузад амьдарч байсан бөгөөд тэнд хүүхдүүд маань бага сургуульд явдаг байв. Өглөө бүр гурван хүүхдээ сургуульд нь явуулахаар бэлдэж байхдаа бид нэгэн залуу хөтлөгчийн хөтлөн явуулдаг аятайхан хөтөлбөртэй, хотын хамгийн нэр хүндтэй радиог сонсдог байлаа.
Бид тун сонирхол татсан нэгэн дууг сонсож эхлэв. Шүлгийнх нь үгийг анхааралтай сонсоход хэдийгээр бүдүүлэг биш ч гэсэн бэлгийн харьцааг далдуур санал болгосон, эрээ цээргүй байгааг ойлгохоор байв.
Би хүүхдүүддээ “Бид ийм үг хэллэгтэй дуу сонсож болохгүй” гэж эрс шийдэмгий хэлсэн юм. Тэд дууны үгэнд онцгой анхаараагүй ч аянд нь ач холбогдол өгч, амандаа аялж байлаа.
Тэд намайг стерео системийн дууг хаахыг хараад, юу хийж байгааг маань асуув. “Би радионы нэвтрүүлэгчид энэ дууг хөтөлбөрөөсөө хас гэж хэлнэ.” Тэдний гайхширсан байдал намайг дараагийн алхмыг хийхэд хүргэв.
Утсаа аваад, радио руу залгасандаа би өөрөө ч, тэд ч итгэсэнгүй. Би хариу өгнө гэж бодоогүй ч шоун дээр сонссон радионы хөтлөгч бараг тэр даруй дуудлагыг маань авсанд гайхлаа.
Өглөөний яг тэр цагт олон гэр бүл радио сонсдог учраас энэ дууг тавихтай санал нийлэхгүй байгаагаа би түүнд хэлэв. Тэр надаас ямар дуугаар солихыг хүсэж байна гэж үнэхээр эелдэг асуусан учраас би зөвхөн хүүхдүүдийг гэртээ байх цагт тэр дууг тавихгүй байхыг хүссэн юм.
Миний утасны дуудлага нэвтрүүлэгт нөлөөлөх эсэхийг би мэдээгүй ч радионы хөтлөгч намайг сонссонд үнэхээр их баярласан. Харин дараагийн хэдэн өдөр хүслийг минь хүлээн авсан болохыг би олж мэдсэн билээ.
Бид шийдвэр гаргаж, үр хүүхдээ сөрөг нөлөөнөөс хамгаалахад шаардлагатай зүйлийг хийх боломж гарсан үед зоригтой байх хэрэгтэй гэдгийг энэ үйл явдал надад баталсан. Бид ингэж чадвал Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх болно.