Аврагчийн Цагаатгал бол жинхэнэ Христийн шашны үндэс суурь
2008 оны 6-р сарын 24-нд Провогийн Номлогчийг бэлтгэх төвд болж өнгөрсөн номлолын шинэ ерөнхийлөгчдөд зориулсан сургалт дээрх “Цагаатгал” үгнээс авав.
Бид Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар бүгд амилж, үхэшгүй мөнх болно.
Бошиглогч Иосеф Смитээс (1805–1844) “танай шашны тулгуур зарчмууд юу вэ?” гэж асуусан байна. Тэр: “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээш одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм”1 хэмээн хариулжээ.
Би бошиглогч Иосефын мэдэгдэл дээр өөрийн дуу хоолойг нэмэх гэсэн юм. Бидний итгэдэг бүх зүйлийн төвд Аврагч ба Түүний цагаатгагч золиослол буюу “Бурханы хүлцэл” (1 Нифай 11:16) байдаг учраас Эцэг Хүүгээ Цагаатгалыг гүйцэлдүүлэхээр дэлхий рүү илгээсэн. Есүс Христийн амьдралын гол зорилго бол цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлэх явдал байв. Цагаатгал бол жинхэнэ Христийн шашны үндэс суурь юм.
Яагаад Аврагчийн Цагаатгал Сүм дэх болон бидний амьдрал дахь сайн мэдээний гол зарчим болдог вэ?
Итгэлийн тунхаг 1:3
Итгэлийн тунхгийн гуравт: “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” гэсэн байна.
“Аврагдана” гэдэг нь энд орсон утгаараа селестиел хаант улс дахь алдар суугийн хамгийн дээд зэрэглэлд хүрэхийг хэлж байгаа. Амилалт энэ дэлхийд ирсэн бүх хүнд боломжтой ч хүн нэг бүр мөнх амьдрал, мөнхийн өсөлт хөгжлийн адислалыг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд хуулиудыг сахин, ёслолуудыг хүлээн авч, сайн мэдээний гэрээнүүдийг хийх ёстой.
Яагаад зөвхөн Есүс Христ дэлхийн гэм нүглийг цагаатгаж чадсан бэ? Тэрээр бүх шаардлагад нийцэж байв.
Бурхан Түүнийг хайрлаж, Түүнд итгэсэн билээ.
Есүс мөнх бус дэлхийн өмнөх амьдралд Тэнгэрлэг эцэг эхээс төрсөн. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн ууган нь байв. Тэрбээр бүр эхлэлээс сонгогдож, Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байсан. Судруудад Тэнгэрлэг Эцэг Хүүдээ баясдаг байсан тухай олонтоо өгүүлсан байдаг.
Бид Матайн номоос Есүсийг баптисм хүртсэний дараа Эцэгийнх нь “тэнгэрээс—Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа” (Maтай 3:17) хэмээн уншдаг.
Харин Лук “Тэгээд үүлнээс—Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав” (Лук 9:35) хэмээн цэдэглэжээ.
Түүнчлэн Аврагчийг амилсны дараа Өгөөмөр нутгийн ариун сүмд хүмүүс Эцэгийн “Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг болгоогтун” (3 Нифай 11:7) хэмээн айлдахыг сонссон.
Есүсийг Гетсеманийн цэцэрлэгт шаналж байхад Эцэг агуу хайр, энэрлээр Хайрт Хүүгээ тайвшруулж, хүчирхэгжүүлэхээр тэнгэр элчийг илгээсэн тухай хэсгийг уншихад зүрх сэтгэл минь ихэд догдолдог (Лук 22:43-ыг үзнэ үү).
Есүс сонгох эрхээ ашиглан зарлигуудыг дагахаар шийдсэн
Есүс Христ өөрийн сонголтоор бидний төлөө амиа өгсөн.
Тэнгэр дэх Их зөвлөгөөн дээр “өглөөний хүү” Люсифер (Исаиа 14:12; С ба Г 76:26–27):
“Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтөнийг гэтэлгэх болно, мөн би үүнийг гарцаагүй хийх болно, иймийн тулд өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн” гэж хэлжээ.
“Гэвч, болгоогтун, миний Хайрт мөн эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү минь, надад хэлэв—Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” (Moсе 4:1–2; мөн Aбрахам 3:27-г үзнэ үү).
Ийнхүү Хүү Эцэгээ болон биднийг гэх агуу хайраараа “Намайг илгээгтүн” хэмээн хэлэв. Тэрээр “Намайг илгээгтүн” хэмээн хэлэхдээ сонгох эрхээ эдэлсэн.
“Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь намайг мэддэг юм. Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө. …
Тиймээс Эцэг намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө.
Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм” (Иoхан 10:15).
Хэрэв Аврагч хүссэн бол тоо томшгүй олон тэнгэр элч Түүнийг загалмай дээрээс шууд Эцэг рүү нь аваачих байсан. Харин Тэр Өөрийгөө бидний төлөө золиослон, мөнх бус дэлхий дэх зорилгоо биелүүлж, эцсээ хүртэл тэвчин, цагаатгагч золиослолыг гүйцээхийн тулд сонгох эрхээ ашигласан.
Есүс дэлхийд ирэхийг хүссэн бөгөөд үүнийг хийх шаардлагыг хангасан нэгэн байв. Тэр дэлхийд ирэхдээ: “Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм” (Иохан 6:38) хэмээн хэлжээ.
Христийг урьдчилан томилсон
Петр Есүс “ертөнц бүтээгдэхээс өмнө урьдаас мэдэгдсэн” хэмээн заасан (1 Петр 1:19–21-ийг үзнэ үү).
Бүх эрин үеийн бошиглогчид Есүс Христийн ирэхийг болон үйл хэрэг нь юу болохыг урьдчилан хэлсэн. Енох агуу итгэлийнхээ улмаас Аврагчийн төрсөн, нас барсан, дээш одсон болон Хоёр дахь ирэлтийн тухай гайхамшигт үзэгдлийг харсан.
“Мөн болгоогтун, Енох Хүний Хүүгийн, бүр махан бодь дахь ирэлтийн өдрийг харав; мөн түүний бодгаль баясан хэлэв: Зөв шударгыг үйлдэгчид өргөгдсөн бөлгөө, мөн Хурга дэлхийн сууринаас алагдсан буюу; …
Мөн Их Эзэн Еноход хэлэв: Хар, мөн тэрээр харж мөн хүмүүний маягаар загалмайд өргөгдсөн Хүний Хүүг болгоов;
Мөн тэрээр чанга дуу хоолой сонсов; мөн тэнгэр бүрхэгдсэн байлаа; мөн Бурханы бүх бүтээл эмгэнэн гашуудав; мөн дэлхий ёолов; мөн хаднууд цуурсан байв; мөн гэгээнтнүүд босч ирэн мөн алдар суугийн титэмтэйгээр, Хүний Хүүгийн баруун гар талд хүндлэгдсэн байв; …
Мөн Хүний Хүү Эцэг өөд дээш ирэхийг Енох болгоов; …
Мөнхүү улиран тохиох дор, мянган жилийн туршид дэлхий дээр зөв шударга ёсонд оршин суухаар Хүний Хүү эцсийн өдрүүдэд ирэх тэр өдрийг Енох харав” (Moсе 7:47, 55–56, 59, 65).
Христийг төрөхөөс 75 орчим жилийн өмнө Амюлек “Болгоогтун, би та нарт хэлнэ, Христ хүмүүний үрсийн дунд өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг өөртөө авахын тулд ирэхийг, мөн тэр дэлхийн нүглийг цагаатгах болно гэдгийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ” (Aлма 34:8) хэмээн тунхагласан.
Есүс онцгой чадвартай байсан
Зөвхөн Есүс Христ мөнх бус эх болох Маригаас мэндэлж, Эцэгээсээ амьдралын хүчийг хүлээн авсан учраас цагаатгагч золиослолыг хийх чадалтай байв (Иохан 5:26-г үзнэ үү). Амьдралын хүч байсан болохоор Тэр үхлийг ялж, булшны хүчийг даран, бидний Аврагч, Зуучлагч, Амилалтын Эзэн буюу бид бүхэнд аврал, мөнх байдлыг өгөх арга зам болсон юм. Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар бид бүгд амилж, үхэшгүй мөнх болно.
Есүс өөрийн сонголтоор анхдагч нүглийг цагаатгасан
Итгэлийн тунхгийн хоёрт: “Адамын зөрчлийн улмаас бус, хүмүүн өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгүүлэх болно гэдэгт бид итгэдэг” гэжээ.
Бид сонгох эрхээрээ дамжуулан итгэлээ хөгжүүлэх сонголтыг хийж болно. Бид хүчин чармайлт гаргаж байж нүглээ наманчилж чадах ч Цагаатгалгүйгээр наманчлах боломжгүй.
Мосе: “Эцэг эхийн нүглүүд хүүхдүүдийнх нь толгой дээр байж үл болох анхны гэмийг Бурханы Хүү цагаатгасан билээ, учир нь тэд дэлхийн сууринаас цэвэр болой хэмээх үг хүмүүсийн дунд эндээс тархсан байлаа” (Moсе 6:54) хэмээн бидэнд заасан.
2 Нифай дээр бидэнд дараах агуу сургамжийг өгсөн байдаг.
“Агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд үхэл бүх хүмүүний дээр улиран ирсэнчлэн амилуулалтын хүч байх ёстой болж, мөн амилуулалт нь хүмүүнд уналтаас шалтгаалан ирэх ёстой нь зайлшгүй; мөн уналт нь зөрчлөөс шалтгаалан ирсэн буюу; мөн хүмүүн уналтанд орсон учир тэд Их Эзэний дэргэдээс зайлуулагдсан билээ.
Иймийн тул, хязгааргүй цагаатгал байх нь зайлшгүй—цагаатгал хязгааргүй байхаас бусдаар бол энэ биеийн ялзрал муудашгүй болж чадахгүй. Иймийн тул, хүмүүний дээр ирсэн эхний шүүлт төгсгөлгүйгээр үлдэх ёстой байсан бөлгөө. Мөн хэрэв тийм аваас, энэ маханбодь дахин хэзээ ч босохгүйгээр ялзран хэвтэж мөн үүний эх болох газарт үйрэх ёстой байсан буюу” (2 Нифай 9:6–7).
Есүс цорын ганц төгс нэгэн байв
Сургаал ба Гэрээн дээр Аврагч: “Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхлийг болгоогтун; мөн Хүүгийнхээ асгарсан цусыг, мөн та өөрөө алдаршихын тулд таны өгсөн, бас түүний цусыг болгоогтун” (С ба Г 45:4) хэмээн айлдсан байдаг.
Есүс цорын ганц гэм нүгэлгүй, төгс нэгэн байв. Хуучин Гэрээнд золиослол нь цусан золиослол гэсэн утгатай бөгөөд цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлэхийн тулд загалмай дээр бидний Их Эзэн Гэтэлгэгчийн хийсэн золиослолыг хэлж байгаа болно. Эртний ариун сүмүүдэд цусан золиослол хийхдээ тахилч нар бузарлуулаагүй, бүх талаараа төгс хонийг золионд гаргадаг байжээ. Аврагч цэвэр ариун байсан учраас Түүнийг судруудад “Бурханы хонь” хэмээн нэрлэсэн байдаг (жишээлбэл: Иохан 1:29, 36; 1 Нифай 12:6; 14:10; С ба Г 88:106).
Петр бид “үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар” (1 Петр 1:19) гэтэлгэгдсэн хэмээн заасан.
Есүс дэлхийн гэм нүглийг авсан
Дараах шүлгүүд нь Аврагч Цагаатгалаараа дамжуулан бидний нүглийн төлөөсийг төлсөн гэдгийг тодорхой харуулдаг.
“Бид бүгд, хонь лугаа адил, төөрч одсон; бид нэг бүрээрээ өөрийн замыг хөөж одсон; мөн бид бүгд өөрсдийн алдсуудыг Их Эзэн түүний дээр үүрүүлэх болно” (Moзая 14:6).
“Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.…
Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно.
Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав. …
Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно (Ром 5:8, 10–11, 19).
“Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа” (Maтай 8:17).
“Гэвч Бурхан Бурхан байхаа болихгүй, мөн нигүүлсэл нь гэмшигчийг шаарддаг, мөн нигүүлсэл нь цагаатгалын учир ирдэг; мөн цагаатгал нь нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгодог; мөн нас барагсдын амилуулалт нь хүмүүнийг Бурханы дэргэд буцаан авчирдаг; мөн ийн тэд, өөрсдийн хийсний дагуу, хууль болоод шударга ёсны дагуу шүүгдэхийн тулд түүний дэргэд байхаар сэргээгддэг. …
Мөн тийн Бурхан дэлхийн үүслээс бэлтгэгдсэн өөрийн тэр агуу их хийгээд мөнхийн зорилгуудыг авчирдаг. Мөн тийн хүмүүний аврал хийгээд гэтэлгэл нь, мөн түүнчлэн тэдний устгал мөн зовлон нь ирдэг” (Aлма 42:23, 26).
Есүс эцсээ хүртэл тэвчсэн
Есүс Христ сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр, золиослол, Гетсемани дахь өвчин шаналал болон Голготагийн загалмай дээрх тарчлалыг тэсэн гарсан. Эцэст нь Тэрээр “Гүйцэлдлээ” хэмээн хэлсэн билээ (Иохан 19:30). Тэрээр мөнх бус дэлхий дээрх үйл хэргээ биелүүлэн, эцсээ хүртэл тэвчсэн бөгөөд үүгээр цагаатгагч золиослолыг хийж гүйцэтгэсэн билээ.
Цэцэрлэгт Тэр: “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Maтай 26:39) хэмээн хэлжээ.
Сургаал ба Гэрээ бидэнд:
“Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ—
Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (С ба Г 19:18–19) хэмээн заажээ.
Есүс Эцэгтээ: “Хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав” (Иохан 17:4) хэмээн хэлээд,
загалмай дээр “Есүс цууг амсаж—Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав” (Иохан 19:30).
Есүс дэлхийд ирээд, цагаатгагч золиослолыг хийж гүйцэтгэхийн тулд тэнгэрлэг байдлаа хадгалан, эцсээ хүртэл тэвчсэн юм.
Түүнийг ариун ёслолоор дамжуулан дурсан сана
Өнөөдөр бид Аврагчийн гэтэлгэгч золиослолыг Их Эзэний Сүүлчийн зоогийнхоо үеэр төлөөлөгчдөдөө өгсний дагуу, талх, усны бэлгэдлээр—бие, цусыг төлөөлөх тэмдгээр дурсан санадаг.
“Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө,—Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.
Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,—Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм” (Лук 22:19–20).
Мөн бид Иохан 11:25–26 дээрээс
“Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.
Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй.
Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн нь энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм” (Иохан 6:51) хэмээн уншдаг.
“Ертөнцийн амь” гэдэг нь мөнх амьдрал гэсэн утгатай.
Бид өөрсдийгөө болон гэр бүлээ долоо хоног бүр ариун ёслолоос зохистойгоор хүртэж, гэмшсэн зүрх сэтгэлээр гэрээгээ шинэчлэхэд бэлтгэх хэрэгтэй.
Эцэг, Хүү хоёр биднийг хайрладаг
Эцэг Хүүгээ цовдлуулж, үзэж туулах ёстой бүх зүйлээ үзэж туулах боломжийг Түүнд олгохын тулд дэлхий рүү илгээсэн. Иоханы номоос бид:
“Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”
“Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ” (Иохан 14:6–7) хэмээн уншдаг.
“Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм” (1 Иохан 4:10).
Эвлэрүүлэл гэдэг нь зохицуулах буюу нийцүүлэх гэсэн утгатай.
Дүгнэлт
Дэлхийд ирж, мөнх бус биеийг хүлээн авсан хүн бүр амилах хэдий ч бид хөдөлмөрлөх ёстой бөгөөд итгэлтэй байдал, сонгох эрх, дуулгавартай байдал, наманчлалаараа дамжуулан өргөмжлөлийн адислалыг хүлээн авна. Нигүүлслийг шударга байдалтай хамт тогтоох нь наманчлах боломжийг олгоно.
Бид Есүс Христийг өөрсдийн Гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрч, дагах сонголт хийсэн учраас баптисм хүртэн, Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг. Бид бас дуулгавартай байдлын хуулийг хүлээн авдаг. Түүнчлэн Түүнийг дурсан санаж, зарлигуудыг дагана гэж бид амладаг. Мөн бид ариун ёслолоос хүртэж байхдаа гэрээгээ шинэчилдэг.
Гэрээгээ шинэчлэх үед бидэнд Түүний Сүнсийг үргэлж бидэнтэй хамт байлгана хэмээх амлалтыг өгдөг. Хэрэв бид Түүний Сүнсэнд амьдралд маань орж, удирдан чиглүүлэх боломжийг олговол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын бидэнд зориулсан аз жаргалын буюу авралын төлөвлөгөө болох Тэдний оршихуйд эргэн очиж чадна.