Стар од мэт гялалзана
Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.
“Тантай хамт Хүүхдийн хэсэгт байх сайхан байдаг” (Children’s Songbook, 254).
Стар хувцсаа өмсөж байлаа. Сүм рүү даашинз өмсөж явах нь хачин санагдсан хэвээр байв. Түүний явдаг байсан өөр сүмд охид ням гарагт өмд эсвэл шорт өмсдөг байсан. Харин шинэ сүмд өөр байлаа. Тэр саяхан ээжтэйгээ хамт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртээд байв.
Стар өөрийгөө толинд хараад, санаа алдлаа. Тэр анх удаа албан ёсны гишүүний хувьд сүмд явах гэж байгаадаа баярлахын зэрэгцээ сандарч байв. Урьд нь тэр сүмд ээжтэйгээ хамт байсаар тардаг байв. Харин одоо тэр Хүүхдийн хэсэгт орно.
Стар толинд өөрийгөө харснаа нүдээ анивчив. Тэр ангидаа дасаж чадахгүй бол яах вэ? Бусад хүүхэд түүнд дургүй байвал яах вэ?
“Стар аа? Чи бэлэн үү?” гэж ээж нь асуув.
Стар шатаар буугаад, “Би зүгээр харагдаж байна уу?” гэж асуулаа.
Ээж нь инээмсэглээд, “Чи хөөрхөн харагдаж байна” гэв.
Стар нүүрээ урвайлган, “Мэдээж та тэгж л хэлнэ шүү дээ. Та чинь миний ээж биз дээ” гэхэд ээж нь
“Чиний зөв. Ингэж хэлэх нь миний үүрэг шүү дээ. Яагаад гээч, үнэн болохоор л тэр” гэлээ.
Стар инээмсэглэв. Ээж нь түүнийг яаж баярлуулахаа сайн мэддэг байлаа. Гэхдээ л тэр дотроо сандарсаар байв. Нэг ч хүүхэд түүнтэй ярихгүй бол яах вэ? Түүнд сургуулийн найзууд байдаг ч тэд шинэ сүмийнх нь гишүүн биш байлаа. Өөртэй нь нэг ч гэсэн найз нь сүм рүү хамт явдаг ч болоосой гэж хүсэв.
Тэр ээждээ “Би нэг зүйл хийхээ мартсан байна” гэж хэллээ.
Тэр дээшээ гараад, орныхоо хажууд өвдөглөн суугаад, “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, найзтай болоход туслаач. Номлогчдын заасан зүйлс үнэн гэдэгт би итгэж байгаа ч айж байна” гэлээ.
Стар өвдөглөн суусан хэвээрээ сонсов. Хэсэг хугацааны дараа түүнд сайхан, амар тайван мэдрэмж төрж, дахиж сандрахаа болив.
Сүм дээр Стар ээжтэйгээ хамт гурван бяцхан охинтой нэгэн гэр бүлийн хажууд суулаа. Тэдний эцэг эх цуглаан эхлэхээс өмнө өөрсдийгөө танилцуулаад, ээжтэй нь ярьж эхлэв. Харин Стар охидод Есүсийн зургийг будахад тусаллаа.
Андрю бишоп тэдэн рүү чиглэн ирээд, “Каннинхам эгч ээ! Стар аа! Та нарыг өнөөдөр харах сайхан байна” гэв. Тэр тэдэнтэй халуун дотноор гар барин мэндчилээд, тэвэрлээ. Стар сүм дээр хүмүүс ямар эелдэг байдгийг мартсан байжээ. Тэр одоо найзтай болж ч магадгүй.
Ариун ёслолын дараа Стар Хүүхдийн хэсэгт орлоо. Тэр суудалдаа суунгаа бусад хүүхэд рүү сандрангуй харлаа. Тэд бие биетэйгээ ярьж, өөрийг нь анзаарахгүй байгаа бололтой. Стар сэтгэлээр унав. Эцэст нь тэр ганцаараа л байх нь дээ.
Яг тэр үед Стартай нас чацуу нэгэн охин өрөөнд орж ирэв. Стар “Тэр ч бас сандарч байна даа. Би түүнтэй ярьж болох юм”” гэж бодлоо.
Тэр гүнзгий амьсгаа аваад, тэр охин руу очив. “Сайн уу. Намайг Стар гэдэг. Би шинээр ирсэн. Чи миний хажууд суумаар байна уу?” гээд амьсгал даран хүлээв. Тэр охин түүний найз болох болов уу?
Охин инээмсэглэхчээ аядсанаа, “Намайг Сара гэдэг. Би ч бас шинээр ирсэн. Манай гэр бүл саяхан Онтариогоос нүүж ирсэн” гэлээ.
“Би ээжтэйгээ хамт хоёр долоо хоногийн өмнө баптисм хүртсэн. Би юу хийхээ сайн мэдэхгүй байна” гэж Стар хэлэв.
Сара инээмсэглээд,. “Хоёулаа хамтдаа учрыг нь олно доо” гэлээ.
Стар, Сара хоёр суудалдаа суув. Стар Сара руу үе үе харан, инээмсэглэхэд тэр хариу инээмсэглэв. Старын сэтгэл тайван, баяртай байлаа. Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонсож, найзтай болоход нь тусалсан гэдгийг тэр мэдэж байлаа.
Ангид багш Стар, Сара хоёроос өөрсдийгөө танилцуулахыг хүсэв.
Стар босоод, “Намайг Стар Каннинхам гэдэг. Би ээжтэйгээ хамт хоёр долоо хоногийн өмнө баптисм хүртсэн” гэж хэлэв. Тэр түр азнаад, шинэ найз руугаа харан инээмсэглээд, “Энэ миний найз Сара” гэлээ.