2017
Үүдний танхимд аварсан нь
April 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Үүдний танхимд аварсан нь

Зураг
mother with children in the foyer

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Нөхөр маань ихэнх ням гарагт ажилладаг тул би дөрвөн хүүгээ сүм рүү ганцаараа авч явах үүрэгтэй үлддэг. Нэгэн ням гарагт ариун ёслолын цуглааны үеэр хоёр бага маань хоорондоо таарамж муутай байлаа. Би аль нэг хүүгийнхээ анхаарлыг номоор татвал нөгөөдөх нь номыг авах гэнэ. Би хөнгөн зууш, тоглоом, будгийн харандаа гэх мэт зүйлээр анхаарлыг нь татахыг оролдсон ч аль нь ч бүтсэнгүй. Би ганцхан цаг ч томоотой сууж чадахгүй байгаа хөвгүүдтэйгээ зууралдаад цөхрөнгөө барж байлаа.

Би цүнхнээсээ жижиг тоглоом гаргаж ирээд, нэг настай хүүдээ өглөө. Тэр даруй гурван настай Тайсон хашхичин, дүү рүүгээ дайрч, тоглоомыг нь булаахыг завдав. Би ичиж зовсондоо орилж хашхичсан, зодолдсон хоёр хүүгээ аваад үүдний танхим руу гарлаа.

Тэр даруй би мэлмэртэл уйлав. Яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Би гэр бүлээ сүм дээр авчран, Тэнгэрлэг Эцэгийн хүссэнийг хийсэн биз дээ, тийм биш гэж үү? Харин би залхсан байв. Долоо хоног бүр ганцаараа ариун ёслолын цуглаанд хөвгүүдтэйгээ тэмцэлдэхээс ядарч, ичиж байлаа. Би дахиж ирэхийг хүсэхгүй байв.

Энэ бодол миний оюун санаанд 15-хан секунд л байсан бөгөөд зүс таних төдий нэгэн эгч араас үүдний танхим руу гарч ирлээ. Түүний нэрийг Бэус эгч гэдэг. Нөхөр нь бишопын зөвлөлд үйлчилдэг бөгөөд хүүхдүүд нь өсөж том болсон учраас тэр ихэвчлэн ганцаараа сууж харагддаг. Тэр надад “Та үргэлж ганцаараа байх юм. Таны үнэхээр их хичээж байгааг би харж байна. Тайсонг надтай хамт суулгаж болох уу?” гэж хэллээ. Би юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Намайг зүгээр л толгой дохитол тэр хүүг маань хөтлөн явав. Хүү минь тайван, аз жаргалтай болж, ариун ёслолын танхим руу эргэж орлоо.

Би ч нулимсаа арчин, бага хүүгээ аваад, цуглааны үлдсэн цагт амар тайван суухаар ариун ёслолын танхим руу даруухан гэгч эргэн алхав.

Дараагийн ням гарагт бид ариун ёслолын цуглаандаа ирэнгүүт Тайсон шинэ найзаа хайв. Оройдоо тэр “Тэнгэрлэг Эцэг минь, Бэус эгчийг өгсөнд баярлалаа. Би түүнд маш их хайртай!” гэж залбирдаг байлаа.

Одоо тэр цагаас хойш хэдийн 3 жил өнгөрсөн ч Тайсон ариун ёслолын танхимаас Бэус эгчийг хайсан хэвээр. Өнгөрсөн жил түүнийг Тайсоны Хүүхдийн хэсгийн багшаар дуудсан бөгөөд тэр хамгийн аз жаргалтай бяцхан хөвгүүн байдаг байв.

Би Бэус эгчид мөн түүний бусдыг хайрлаж, үйлчлэх хүсэлд маш их талархдаг. Бид Аврагчтай адил үйлчлэх юм бол бусдын амьдралыг адисалж чадна гэдгийг би мэднэ.