Бошиглогчийнтөлөө мацаг барьсан нь
Зохиогч нь АНУ-ын Хавайд амьдардаг.
Силиоти ерөнхийлөгч Кимбаллыг хайрладаг байв. Тэр түүний эрүүл мэндийг сайжраасай гэж хүсэж байлаа.
“Бодгалийг маань хооллон. зүрх сэтгэлийг минь дүүргэж, мацгийг маань адислаач” (Hymns, д. 138).
Силиоти сургуулиасаа гэр хүрэх замдаа шар папаяа болон гүйцэд боловсорч, улаарсан мангоны модны хажуугаар өнгөрөв. Тэр жимснүүдийг хараад, ямар их өлссөнөө мэдэрчээ. Тэр мөн өнөөдөр онцгой өдөр болохыг санав. Өнөөдөр Тонга дахь гадасных нь бүх гишүүн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын төлөө мацаг барьж байгаа. Бошиглогч өвдөж, хагалгаа хийлгэх шаардлагатай байв. Өнөө орой гадасныхан бүгдээрээ хамтдаа залбирч, мацгаа тайлахаар цугларна.
Силиоти гэртээ ирээд, уму буюу газар ухаж гаргасан зууханд болж буй хоолыг үнэртэхэд гэдэс нь хоржигнов. Силиоти мацаг барих насанд хүрсэндээ баяртай байсан ч хичээлийн өдөр мацаг барих нь ням гарагт мацаг барихаас хавьгүй хэцүү байв.
Силиоти өлссөнөө мартах гэж хичээлээ. Тэр түлээ түүж, хашаанд сүүдэрлэх өндөр талхан жимсний модноос унасан навчнуудыг цэвэрлэв.
Тэр гэрийн ажлаа хийж дуусгаад, гараа угааж байхдаа “ганц балга ус уух юм чинь Тэнгэрлэг Эцэг ойлгоно байх” гэж боджээ. Харин дараа нь тэр ерөнхийлөгч Кимбаллд ямар их хайртай болохоо бодов. Тэр түүнийг дахин эрүүл болоосой гэж хүсэж байсан учраас уухаа болихоор шийдлээ.
Силиоти довжоон дээр суугаад, ээжийнхээ өвдгийг дэрлэв. Тэр маш их ядарсан байлаа.
“Шаардлагатай бол мацгаа тайлж болно шүү” гэж ээж нь хэлэв.
“Гэхдээ би мацаг барихыг хүсэж байна. Би чадна” гэж Силиоти хэллээ.
Аав нь ажлаасаа ирэхэд гэр бүлийн бүх гишүүн умуг онгойлгоход туслав. Тэд навчинд ороосон гахайн мах, загас, наргил модны сүүнд жигнэсэн талхан жимсийг гаргаж ирэв. Дараа нь тэд хоолоо даавуунд ороогоод, автобус хүлээхээр зам руу явав.
Тэд бэлтгэсэн хоолоо барьсан бусад гэр бүлтэй замд тааралдлаа. Тэд автобусанд суухдаа бүгд инээмсэглэн, өөр хоорондоо ярилцаж байв. Силиоти ээжийнхээ хажуу талын жижигхэн зайнд суулаа. Автобус донслон явах хооронд хоолны сайхан үнэр үнэртсээр.
Автобус цуглааны байранд ирэхэд аль хэдийн харанхуй болсон байлаа. Цуглааны байранд ороод Силиоти ээж, аав, эгч, дүү нар болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өөр олон зуун гишүүнтэй хамт өвдөг сөгдөв.
Залбирлын үеэр Силиоти зүрх сэтгэлдээ “Ерөнхийлөгч Кимбаллыг дахин эрүүл саруул болгоорой” хэмээн залбирлаа. Тэр өрөөнд байгаа бүх хүн нэг зүйлийн төлөө залбирч байгааг мэдэж байв. Ерөнхийлөгч Кимбалл эдгэрнэ гэсэн дулаахан мэдрэмж түүнд төржээ.
Тэр нүдээ нээгээд, эргэн тойрных нь хүмүүсийн нүд нулимстай байхыг харав. Тэд бүгд мацаг барьсан. Тэр ч бас тэдэнтэй хамт мацаг барьсан. Хэцүү байсан ч гэсэн тэр чадлаа!