Хайрт улс орноо илааршуулсан Жулия Мавимбелагийн итгэл
1955 онд нөхөр Жон нь автомашины ослоор гэнэт нас барахад Жулия Мавимбэлагийн амьдрал огцом өөрчлөгджээ. Осолд цагаан арьстан эрэгтэй оролцож, Жоны явж байсан замын урсгал руу машинаа эргүүлсэн гэдгийг нотлох баримтууд нотолж байв. Харин тэр хүнийг гэм буруугүй гэж тогтоожээ. Харин цагаан арьстан цагдаагийн офицерууд хар арьстнууд жолоо муу барьснаас болсон гээд гарсан ослын хариуцлагыг Жонд тохсон байна.1
Тэр үед Жулия 37 настай, дөрвөн хүүхэдтэй, бас нэг хүүхдээ тээж байсан юм. Түүнд арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн байгууллага, шүүхийн систем шударга бус хандсан байлаа. Гэхдээ тэр яваандаа уурлаж хорсохын оронд Христийнхтэй адил үйлчлэлээр дамжуулан сэтгэлийн шарх болон хайрт эх орноо илааршуулахад амьдралаа зориулсан юм. Түүний газар нутгаа гэх хайр, Бурханд итгэх итгэл, итгэлийнхээ зарчмаар амьдрахыг хичээсэн зэрэг нь энэ бүхнийг боломжтой болгосон.
Жулия 1917 онд айлын таван хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Жулиягийн эцэг түүнийг таван настай байхад насан өөд болсон байв. Эх нь ганцаараа хүүхдүүдээ өсгөж, хувцас угаагч, гэрийн үйлчлэгчийн ажил хийдэг байлаа.
Жулиягийн ээж хүүхдүүддээ Библиэс заадаг шашин шүтлэгтэй эмэгтэй байв. Жулия: “Ээж маань надад амьдралын уй гашууг залгиад, арагш харалгүй зөвхөн урагш харж амьдрахыг заасан” гэж ярив. Түүний ээж мэдлэг боловсролын ач тусыг ойлгодог хүн байсан бөгөөд өөрт байгаа өчүүхэн боломжоо ашиглан хүүхдүүддээ албан ёсны боловсрол олгохын тулд чадах бүхнээ хийсэн аж.
Жулия 1946 онд Жон Мавимбэлатай гэрлэх хүртлээ нэмэлт сургалт, боловсрол олж авч мөн багш, сургуулийн захирал зэрэг ажил хийж байжээ. Жон хувьдаа хүнс болон махны дэлгүүртэй байв. Жулия дэлгүүрт нь ажиллахын тулд ажил мэргэжлээ орхисон юм. Тэд хамтдаа гэр орноо босгож, үр хүүхдүүдтэй ч болов. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм ноёрхож байсан ч тэд сайхан амьдарч байлаа. Гэтэл энэ бүхэн Жоныг нас барснаас хойш өөрчлөгдөв.
Жулиа нөхрийнхөө булшны чулуун дээр
“Хайрт Жон Филип Корлэ Мавитбэлагийн
гэгээн дурсгалд
эхнэр, төрөл төрөгсдөөс нь зориулав.
Бид чамайгаа алдсандаа харамсан, гашуудаж байна.
Бодгаль тань амар амгаланг олох болтугай” хэмээн сийлүүлжээ.
Жулиа дөрөв дэх мөрийг тайлбарлахдаа “Энэ үгийг сийлүүлж байхад осол гаргасан хүн, худал мэдүүлсэн цагдаагийнхан, амийг нь авч одсон осолд нөхрийг минь буруутгасан шүүхийнхнийг үзэн ядах сэтгэл, хорсол сэтгэлд минь үлдсэн байсан юм”2 гэж хэлсэн. Түүнд тулгарсан хамгийн том саад бэрхшээлийн нэг бол энэ хорсол, уур хилэнг ялан дийлэх явдал байв.
Жулия нөхрийгөө нас барсны дараахан “хар дарсан шөнөөр” Жон зүүдэнд нь ирэн, ажлын хувцас өгөөд, “Ажилдаа яв” гэж хэлж байна гэж зүүдэлжээ. Тэр энэ зүүдний үр дүнг тайлбарлахдаа, “Энэ олон жилийн турш би зовлон шаналлаа олон нийтийг хамарсан ажилд оролцож мартдаг байсан” гэж хэлсэн юм.
Хорин жилийн дараа, 1970 оны дундуур арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хар арьстнуудын тэмцэл тайван байдлаас хурц мөргөлдөөн болон хувирчээ. Мөргөлдөөн гарсан газруудын нэг нь Жулиягийн амьдарч байсан Совето байлаа. Тэр: “Совето бидний мэддэг газар биш, яг байлдааны талбар мэт болсон байв” гэж хэлсэн юм.
Тэр өөрийнх нь уур хорслын шарх сэдрэх вий гэж айж байлаа. “Жон нас бараад хорин жил өнгөрсөн ч тэр үед мэдэрсэн шаналал сэтгэлд минь үлдсэн байлаа” гэв. Өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө зовлон шаналлаасаа салж, эдгэрэхийг хүссэн Жулия “Би хүүхдэд газар хөрсөн дээр ажиллах дур хүсэлтэй болохыг заах юм бол сэтгэлийнхээ шархнаас салж магадгүй” гэж боджээ. Тэр зөвхөн айдас, уур хилэнг л мэддэг хүмүүст итгэл найдвар өгөх гэсэн бэлгэ тэмдэг бүхий нийтийн цэцэрлэг байгуулав.
Тэр хүүхдүүдтэй хамт нийтийн цэцэрлэгт ажиллаж байхдаа тэдэнд: “Бүгдээрээ уур хорслын хөрсийг ухан, тэнд хайр энэрлийн үр суулгаад, тэр үрээс ямар жимс ургахыг харцгаая. … Бусдыг уучилж өршөөхгүйгээр хайр ирдэггүй” гэж заадаг байлаа.
Тэр: “Би намайг гомдоосон хүмүүсийг уучилснаар зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа шаналлын хөрсийг хага ярж байгаагаа мэдэж байсан” гэж хэлсэн юм. Жоныг нас барснаас хойш үлдсэн уур хорсол тайлагдаж эхлэв.
1981 онд Жулияд Сүмийг танилцуулжээ. Советод үйлчлэл хийж байсан номлогчид маш их засвар хийх шаардлагатай хөвгүүдийн төв байдгийг олж мэдсэн байна. Тэд хэдэн долоо хоногийн турш орчин тойрныг нь цэвэрлэв.3
Нэг өдөр Жулиягаас яг тэр хөвгүүдийн төв дээр үйлчлэл хийгээч гэж хүсжээ. Тэр ирээд, “хоёр цагаан арьстан залуу хүрзээр бор шороо манарган ажиллаж байгааг” харжээ. Номлогчид ч гэрт нь очиж, захиас хуваалцаж болох уу хэмээн түүнээс асуув. Гурав хоногийн дараа ахлагч Дэвид Маккомбс, Жоэл Хийтон хоёр номлогчийн хувцсаа өмсөөд, нэрийн тэмдгээ зүүж иржээ.
Жулиягийн хэлснээр номлогчдын эхний хоёр хичээл “нэг чихээр ороод, нөгөө чихээр нь гарав.” Харин тэд гурав дахь удаагаа ирэхдээ, ханан дээр байх Жулия, Жон хоёрын зургийн тухай асуув. Тэр нөхрийгөө нас барсан гэдгийг дуулгахад, номлогчдод түүнд авралын төлөвлөгөө, нас барагсдыг төлөөлөн хийх баптисмын тухай ярих хэрэгтэй гэсэн мэдрэмж төржээ. “Тэгэхэд би сонсож эхэлсэн төдийгүй бүр үнэхээр зүрх сэтгэлээрээ сонсож эхэлсэн. Номлогчид надад мөнхийн харилцааны зарчмын талаар зааж эхлэхэд эцэг эх, нөхөртэйгээ хамт байх арга зам байгаа юм байна гэсэн мэдрэмж төрсөн” хэмээн тэр хэлэв. Жулия түүнээс хойш таван сарын дараа баптисм хүртжээ.
Баптисм хүртсэнээс хойш сарын дараа тэр гадасны чуулган дээр үг хэлжээ. “Намайг индэр дээр гарахад бүх хүн цочирдох шиг надад санагдсан. Тэд анх удаа чуулган дээр хар арьстан хүн үг хэлж байгааг харсан байх. Заримынх нь хувьд хар арьстан хүн олон нийтэд хандан үг хэлж байгааг сонсож байгаа анхны тохиолдол ч байсан байж магадгүй” гэж тэрээр дурсав. Түүнд нөхрийнхөө нас барсан тухай болон хүнд хэцүү байсан он жилүүдийнхээ талаар яримаар санагджээ. Тэр өөрийн уур хорсол болон хэрхэн “эцэст нь үнэхээр уучилж өршөөхийг заадаг сүмийг олсноо” ярив.
Мөн 1994 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм нуран унасан ч гэсэн үл ойлголцол, шударга бус байдалтай тэмцсэн хэвээр байгаагаа хэлсэн юм.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг” үгэндээ Жулия болон түүний охин Тоба хоёрт “зарим цагаан арьстан гишүүн эелдэг бус ханддаг” байсан талаар ярив. Тоба ийм хандлагад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Сүмийг орхин явах шалтгаан амархан байдаг нь үнэндээ үнэ цэнтэй сургамж болсон юм. Жулия түүнд: “Тоба минь, Сүм бол том эмнэлэг л гэсэн үг. Бид бүгд янз бүрийн байдлаар өвдсөн хүмүүс. Бид Сүмд тусламж авахаар ирдэг”4 гэж хэлэв.
Жулия эдгээлт Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан зөвхөн өөрт нь төдийгүй эх оронд нь боломжтой гэдгийг ухаарчээ. Өмнөд Африкийн Йоханнесбургийн ариун сүмд үйлчилсэн нь түүнд “Ариун сүмд африк хүн гэж байхгүй. Англи хүн гэж ч байхгүй. Ситу, Зулу ч гэж байхгүй. Харин та нэгдмэл байдлын мэдрэмжийг л тэндээс авна” гэж заасан юм.
Жулия Мавимбэла 2000 оны 6-р сарын 16-нд нас баржээ.