2017
Дэзидэриа Яанэз: Эмэгтэйчүүдийн анхдагч
July 2017


Дэзидэриа Яанэз: Эмэгтэйчүүдийн анхдагч

Зүүд нь өөрийг нь сэргээгдсэн сайн мэдээнд авчирсан энэхүү Мексикийн хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй Сүмийн эрэлхэг зоригтой гишүүн болсон юм.

Зураг
desideria yanez

Зураг чимэглэлийг Катлийн Питэрсон

1880 оны эхээр нэгэн шөнө Дэзидэриа Яанэз Мексикийн Нопалагийн кактус таширлан ургасан толгод дээр орших тав тухтай тосгондоо унтаж байжээ. Тэр амьдралыг нь өөрчлөн, сүнслэг байдалд нь туслах Voz de Amonestación (Сэрэмжлүүлгийн дуу хоолой) гэсэн нэртэй товхимлыг зүүдэндээ харсан байна. Сэрээд, товхимлыг хэвлэсэн хүмүүс Мехико хотод байдаг болохыг мэджээ.1 Түүнээс гадна хот руу өөрийн биеэр 120 км алхаад явчих боломжгүй гэдгээ ухаарсан ч зүүднээс төрсөн мэдрэмжээ даган, шийдвэр гаргахаар зориглосон юм.

Нэгэн гэр бүлийн итгэл

Дэзидэриа өөрийн хүү Хосэд зүүднийхээ тухай ярьсан байна. Хүү нь түүнд итгэж, Мехико руу ээжийнхээ оронд явах болов. Тэр хүмүүстэй сэтгэл хөдлөн ярилцаж эхэлсэн бөгөөд удалгүй Сүмийн нэгэн гишүүнтэй тааралдаж, тэр түүнд Сан Карлос зочид буудлыг зааж өгчээ.2

Хосэ зочид буудлаас Дэзидэриагийн зүүдэндээ харсан Парлей П.Праттын Voz de Amonestación-ны хэвлэлийг хянан засаж байсан ахлагч Жэймс К.Стюартыг олсон байна. Хосэг ахлагч Стюартад Дэзидэриагийн зүүдний тухай ярихад Voz de Amonestación-ыг шалгаж дуусаагүй байсан учраас номлогчид түүнд Сүмийн өөр товхимлуудаас өгч, харин ахлагч Стюарт энэ сонирхолтой ярилцлагыг өөрийнхөө тэмдэглэлд бичиж үлдээсэн юм.3

Тоос шороо манарган, олон бээр газар аялсны эцэст Хосэ ээжтэйгээ уулзав. Товхимол байдаг гэдгийг олж мэдсэн Дэзидэриа зүүд нь үнэн байсныг ойлгожээ. Тэр Хосэгийн авчирсан товхимлуудыг анхааралтай уншиж, товхимлууд дахь сайн мэдээний үндсэн сургаалууд түүнд нөлөөлсөн байна. Тэр баптисм хүртэхийг хүсэв.

Номлогч тэднийг олсон нь

Ахлагч Стюарт Voz de Amonestación дээр ажиллаж байсан учраас Испаниас ирсэн номлогч болох ахлагч Мэлитон Трэхог Дэзидэриа, Хосэ хоёрыг олуулахаар Нопала руу явуулав. 1880 оны 4-р сарын 22-нд ахлагч Трэхо нь Дэзидэриа Квинтанар дэ Яанэз, Хосэ Мариа Яанэз болон Хосэгийн охин Кармэн нарт баптисм хүртээжээ. Дэзидэриэ Мексик номлолд баптисм хүртсэн 22 дахь хүн, төв Мексикийн анхны эмэгтэй байв.4

Сарын сүүлээр Хосэ Мехико руу дахин очиж, Voz de Amonestación товхимлоос 10-ыг гэртээ авчирчээ. Дэзидэриа зүүдэндээ үзсэн товхимлоо сая л нэг юм олж харжээ. Уг товхимол түүний хувьд Их Эзэн түүн рүү хэрхэн тусламжийн гараа сунгаж, сэргээгдсэн сайн мэдээнд авчирсны бодит сануулга байсан юм.

Испани хэл дээрх анхны Мормоны Ном

Дэзидэриа 72 насандаа эрүүл мэнд нь доройтож байгааг ойлгожээ. 1886 он гэхэд тэрээр Нопалагийн ойролцоох Сан Лорэнзо дахь гэрээсээ гарч чадахаа болив. Нэгэн аймшигтай шөнөөр хэдэн хулгайч гэрт нь дайран орж ирээд, түүнийг зодон, 3 000 ам.долларыг нь аваад зугтсан юм.5 Дэзидэриа амьд мэнд үлдсэн байлаа. Дэзидэриа харамсаж суухын оронд Их Эзэний тусламжийг итгэлтэй хүлээж байв. Их Эзэн түүний нөхцөл байдлыг мэдэж байгаа гэдгийг тэр зүүднээсээ олж мэдсэн байлаа.

1886 оны 10-р сард нэг төлөөлөгч, номлолын хоёр ерөнхийлөгчтэй хамт гэнэт тэдний бүсэд айлчлав. Хосэ Яанэз тэдэнд ээжийнхээ зовлонгийн талаар ярьсан аж. Ах нар Дэзидэриагийн гэрт яаравчлан ирэв. Дэзидэриа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Эрастус Снөүтэй уулзсандаа маш их баярлаж, түүнээс толгой дээрээ гар тавиулан, санваарын адислал хүртэхийг хүсэв.

Ах нарыг айлчилж байх үед номлолын шинэ ерөнхийлөгч Хорас Каммингс Дэзидэриад нэгэн чухал мэдээ дуулгаж, гэнэтийн бэлэг барьсан юм. Тэрээр Мормоны Номын испани хэл дээрх бүрэн орчуулга Солт Лэйк хотод дуусах дөхөж байгааг дуулгажээ. Дэзидэриа орчуулагдсан судрын хувилбарыг хурдан авахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Сарын дараа ерөнхийлөгч Каммингс Дэзидэриагийн гэрт номны нэг хувийг барин очсон юм. Тэр энэхүү үйл явдлын талаар: “Би хөгжлийн бэрхшээлтэй, настай эгч Яанэзийнд очоод, Солт Лэйкээс авчруулахыг хүссэн Мормоны Номны үдээгүй хувилбарыг өглөө. Энэ бол Мексикт хүлээн авсан Мормоны Номын анхны испани хэл дээрх хувилбар байсан юм. … Тэр үүнд тун их баярлаж байх шиг санагдсан”6 гэж бичсэн байв. Энэ бол Дэзидэриаг амьд ахуй үед номлогчдын айлчилж очсон сүүлчийн айлчлал байжээ.

Тусгаарлагдсан ч мартагдаагүй

Зураг
woman greeting visitor

1889 оны үед сэргээгдсэн сайн мэдээ төв Мексикт хүрснээс хойш 10 жилийн дараа, Сүмийн удирдагчид хойд Мексик дэх колонийн суурийг тавихаар Сүмийн хязгаарлагдмал нөөцийг шилжүүлэх сүнслэг өдөөлт хүлээн авсан байжээ. Номлогчдыг хойд зүг рүү явах үед колониос ойролцоогоор 1600 км-ийн цаана, Мехико хотын ойролцоо амьдардаг гишүүдэд хоньчингүй хоньд мэт үлдэж байгаа юм шиг санагдсан гэдэг. Хэдийгээр Дэзидэриа гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан ч бие даан сайн мэдээний дагуу амьдрах хэрэгтэй болсон гэдгээ мэдэж байв. Энэ нь тэр хэзээ ч Халамжийн Нийгэмлэгийнхээ ашиг тусаас хүртэхгүй мөн амьд байх хугацаандаа ариун сүмийн адислалыг хүлээн авахгүй гэсэн үг байлаа.

Гэхдээ Их Эзэн өөрийг нь мэддэг гэдгийг тэр ойлгодог байв. Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан сүргийнхэндээ нэг нэгээр нь тохинуулах хүслээ илэрхийлсэн юм. Өөрийн зүүд, санваарын адислал, Мормоны Ном зэргийн ачаар Бурхан өөрийнх нь сүнслэг болоод материаллаг хэрэгцээнд санаа тавьдаг гэдгийг Дэзидэриа бүрэн итгэлтэй гэрчилж чаддаг байсан. Хэдийгээр энэ мэдлэг нь амьдралд тохиолдох зовлон зүдгүүр, саад бэрхшээлийг арилгахгүй ч Их Эзэн түүний ачааг ямар ч үед хөнгөлнө гэсэн итгэлийг түүнд өгчээ.

Цаг хугацааг сөрөн үлдсэн өв

1889 оноос хойших хугацаанд номлогчид анх удаа 1903 онд өмнөд Мексикт буцаж иржээ. Тэднийг Хосэтэй уулзах үед тэрээр Дэзидэриаг эцсээ хүртэл тэвчсэн талаар мөн үлдээсэн итгэлийнх нь өвийн тухай товчхон яриад, эхнэр, ээж хоёр нь хоёулаа “мормонизмд бүрэн итгэлтэй хэвээр нас барсан” бөгөөд өөрөө ч гэсэн “мормонизмд итгэсэн хэвээр үхнэ гэж найдаж” явдгаа хэлсэн юм.7

Дэзидэриа зүүд зүүдэлснийхээ дараа сайн мэдээний замаар алхалж, Сүмийн латин үндэстний анхдагч болсон билээ. 1880 онд зүүдээр дамжуулан суулгагдсан итгэл үр ашиггүй байсангүй. Уг үр Дэзидэриаг баптисмын гэрээ байгуулан, саад бэрхшээлээ итгэлтэйгээр даван туулах үед соёолон ургасан юм. Хэдийгээр Дэзидэриа гэр бүлийнхэнтэйгээ Сүмээс хол газарт сайн мэдээний дагуу амьдарч байхдаа сүнслэг байдлын хувьд амархан сул дорой болж болох байсан ч хүчтэй хэвээр үлдсэн. Бурхан түүнд санаа тавьдаг мөн түүний өчүүхэн ертөнцийг нь харж ханддаг гэдгийг тэр мэддэг байв.

Тэр гэрээсээ гарч чаддаггүй байсан ч анхдагчийн сүр жавхланг үргэлжлүүлэхээр эрэлхийлж буй гэр бүлийнхээ хүн нэг бүрд итгэл, хичээнгүй зан, дуулгавартай байдал, тэсвэр хатуужлын үлгэр жишээ болсон юм.

Эшлэлүүд

  1. Alonzo L. Taylor Mission Papers, 1903 оны 7-р сарын 10, Mexican Mission Manuscript History and Historical Reports, 1903 оны 7-р сарын 7, Cүмийн түүхийн номын сан, Солт Лэйк Сити.

  2. Taylor Mission Papers, 1903 оны 7-р сарын 10, James Z. Stewart Papers, 1880 оны 2-р сарын 17, Сүмийн түүхийн номын сан.

  3. 1880 оны 2-р сарын 17-ны Stewart Papers-ийг үзнэ үү.

  4. Moses Thatcher, Journal, 1879 оны 11-р сарын 20 мөн 1880 оны 4-р сарын 26 болон 6-р сарын 20-ны Stewart Papers-ийг үзнэ үү, Cүмийн түүхийн номын сан. Дэзидэриа бол 1879 онд Мексикийн номлолыг Мехико хотод нээгдсэний дараа баптисм хүртсэн анхны эмэгтэй юм. Гэхдээ 1877 онд Мексикийн хойд талд байрладаг Хермосиёо хот руу хийсэн богино хугацааны номлолын үр дүнд ойролцоох тосгонд Мехикогийн анхны эмэгтэй хөрвөгч Мариа Ла Круз Парос нарын таван хүнд баптисм хүртээжээ. Мосе Татчэрийн хөтөлсөн Мексикийн номлолын албан ёсны бүртгэлд Дэзидэриа Яанэзийг анхны эмэгтэй хөрвөгч хэмээн бүртгэсэн байдаг ч бодит байдалд тэрээр хоёр дахь нь байсан юм. Мөн Louis Garff Reminiscences-ийг үзнэ үү, огноо тодорхойгүй, Cүмийн түүхийн номын сан.

  5. 1886 оны 10-р сарын 24-ний Нorace H. Cummings Papers-ийг үзнэ үү, Cүмийн түүхийн номын сан.

  6. Cummings Papers, 1886 оны 11-р сарын 29.

  7. Taylor Mission Papers, 1903 оны 7-р сарын 10.