Сүмийн удирдагчдын хариулт
Хэрхэн гэрчлэлтэй болох вэ?
2008 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үгээс авав.
Ямар нэгэн мэдлэг олж авах эхний алхам бол чин сэтгэлээсээ мэдэхийг хүсэх явдал юм. Сүнслэг мэдлэгийн хувьд, чин сэтгэлээсээ залбирч, Бурханаас асуух нь дараачийн хийх алхам байдаг. Орчин үеийн илчлэлтэд гардагчлан “Хэрэв чи асуух аваас, чи баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” (С ба Г 42:61).
Алма өөрийнхөө хийсэн зүйлийн талаар “Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм” (Aлмa 5:46) хэмээн хэлжээ.
Бид хүсэж эрмэлзэн, эрж хайхдаа гэрчлэлтэй болох нь идэвхгүй байдал биш, харин биднээс ямар нэг зүйлийг хийхийг хүсэн хүлээдэг үйл явц гэдгийг санах хэрэгтэй. Есүс “Хэрэв хэн нэгэн Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17) хэмээн хэлжээ.
Гэрчлэлтэй болохыг эрэлхийлэх өөр нэг арга зам нь бусад мэдлэг олж авах аргатай харьцуулахад илүү гайхалтай, сонин содон санагддаг. Бид гэрчлэлээ хуваалцсанаар гэрчлэлтэй болж, гэрчлэлээ хүчирхэгжүүлдэг. Зарим гэрчлэлийг сөхрөн сууж залбирахаас хөл дээрээ зогсож хуваалцсанаар илүү сайн олж авдаг гэж ярих нь ч бий.
Хувийн гэрчлэл бол бидний итгэлийн үндэс суурь билээ. Иймээс гэрчлэлтэй болж мөн хүчирхэгжүүлэн, хадгалж үлдэхийн тулд бидний хийх ёстой зүйлс бидний сүнслэг амьдралд нэн чухал байдаг. Мөн нэмж хэлэхэд, бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болох” (С ба Г 20:77) гайхамшигт амлалтыг хүлээн авахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх (С ба Г 59:9-ийг үзнэ үү) хэрэгтэй. Мэдээж хэрэг, энэхүү Сүнс нь бидний гэрчлэлийн эх сурвалж билээ.