Бурхантай хамтарч хүүгээ өсгөх нь
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Өөрт байгаа сүнслэг эх сурвалжаа ашиглаж сурсны минь дараа надад хүүдээ туслах, саад бэрхшээлээ илүү сайн даван туулах арга замын талаарх санаанууд ундран гарч ирэх болсон юм.
Эцэг эх байхыг би үргэлж сайхан хувцасладаг, хэзээ ч халтар болдоггүй, томоотой хүүхдүүдтэй байх гэж төсөөлөн хардаг байв. Миний эрхэмлэдэг байсан дүр зураг уран зөгнөл байсныг би маш хурдан ойлгосон. Би эмх замбараагүй гэр орон, нусгай хамар зэрэг нь хамгийн гайхамшигтай адислалыг дагуулан ирдэг болохыг мэдсэн тул үүнд ач холбогдол өгөхөө больж билээ. Гэхдээ хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд, ялангуяа хүү Брэдээ өсгөхөд тулгарах бэрхшээлийг би огт төсөөлж байсангүй.
Брэд энэ амьдралд бусад хүүхдийн л адил гэнэн цайлган, гэм зэмгүй ирсэн ч, түүнийг бусдаас өөр гэдгийг бид тун удалгүй ухаарав. Тэр хэтэрхий түрэмгий зантай байсан учраас балчир хүүхдийн анги руу аавгүйгээр эсвэл надгүйгээр орж чаддаггүй байсан. Түүнийг өсөж том болон, бусад хүүхэдтэй тоглох үед байнга харж, хянаж байх шаардлагатай болсон юм. Биднийг тусламж эрэлхийлэхэд, түүнтэй хатуу байх хэрэгтэй гэж л хэлдэг байв. Бид онлайнаар судлах, эцэг эх байх талаар өгүүлсэн ном унших, эмчээс болон гэр бүлийн гишүүдээсээ зөвлөгөө авах зэрэг хийж болох бүхий л зүйлийг хийсэн. Эцэст нь Брэдийг сургуульд явж эхлэхэд, тэрээр анхаарал хурдан сарних хам шинж болон өөр бусад олон асуудалтай болох нь тогтоогдсон юм.
Тэр үед анх удаа бидэнд найдвар байгаа юм байна гэж бодогдож билээ. Онош нь тогтоогдсон тул одоо бид эмчлэх төлөвлөгөө гаргаж болох байв. Бусдад үр дүнгээ өгсөн эм Брэдэд ч бас сайнаар нөлөөлнө гэж бид найдаж байлаа. Харамсалтай нь, эм Брэдийн ааш занг улам бүр дордуулсан тул уухыг нь болиулахаас аргагүй болсон юм. Эцсийн итгэл найдвар маань бүрмөсөн замхран алга болчих шиг болов.
Брэд зургаатай байхдаа, байнга гаргадаг уур уцаараа нэг удаа надад гаргасан юм. Надад бууж өгчихмөөр санагдаж билээ. Би ганцаараа өрөө рүүгээ ороод, асгартал уйлж гарав. Би оройн унтлагын цагийг дажгүй өнгөрөөж чадах хүч чадлын төлөө залбирсан юм. Би яаж өдрөөс өдөрт үүнийг хийж чадах юм бэ? Цаашид ийм байдлаар үргэлжлүүлэх тэвчээр маань барагдсан мэт надад санагдаж байв. Тэнгэрлэг Эцэг надад ямар хэцүү байгааг ойлгож байгаа болов уу? Хэрэв тэр надад үнэхээр хайртай л юм бол энэ ачааг авч хаян, хүүд маань эгэл жирийн амьдралыг өгөх байсан гэж надад бодогдов. Харин энэ бодол, мэдрэмжүүд тулгарч буй саад бэрхшээлийг маань хөнгөлөхийн оронд улам бүр дордуулж байлаа.
Зовлон бэрхшээлийн үнэн бодит мөн чанар
Би өөрийгөө зовлон бэрхшээл гэж юу болохыг ойлгодог гэж боддог байв. Бид зовлон бэрхшээлийг зууханд шатааж буй ваар адил давж гарах ёстой гэж бодож байлаа. Бас галд ороод, гарч ирсний дараа дахин шатаалгаж, боловсруулагдах хүртлээ энгийн амьдралдаа эргэж ордог гэж боддог байв. Гэвч би энэ бэрхшээлтэй олон жилийн турш тулгарч байсан бөгөөд шийдвэрлэгдэхгүй хэвээр л байлаа. Би дарамт улам бүр ихсэж байгааг мэдэрсэн бөгөөд найдваргүй гэсэн мэдрэмж намайг өвдөг сөхрөхөд хүргэсэн юм.
Яг тэр мөчид тайтгарал, ойлголтыг эрэлхийлэн очих газар бол ариун сүм гэдгийг би мэдэж авч билээ. Бид амьдралд ямар сорилт бэрхшээл тулгарахыг болон хэр удаан үргэлжлэхийг сонгодоггүй ч сорилт, бэрхшээлтэй тулгарахдаа бодож, үйлдэх арга замаа сонгож чадна гэдгийг ухаарсан.
Түүнчлэн өөрийгөө өрөвдөх сэтгэл оюун ухааныг маань балартуулсан байсан учраас хувь заяандаа гомдож явснаа би ойлгосон. Би эхлээд “шударга бус байна,” “би чадахгүй нь,” “Брэд яагаад бусдын адил болж болохгүй гэж?” түүнчлэн хамгийн муу болох “би үнэхээр муу ээж юм” гэсэн сөрөг бодол бодохгүй байхаар шийдэв. Би толгой доторх сөрөг бодлоо таслан зогсоохыг хичээж, ингэснээр хүүхдүүдтэйгээ харилцахдаа дууны өнгө маань илүү тэвчээртэй, хайраар дүүрэн болж байгааг ажигласан.
Би бас аль болох эерэг зүйл бодохыг хичээснээс гадна “Чи маш сайн байлаа” гэж бодохоос эхэлсэн бөгөөд “Чи дуугаа өндөрсгөж, хашгирахгүй байж чадлаа. Сайн байна!” гэж өөрөө өөртөө хэлж, магтдаг болсон юм.
Бурханд итгэж найд
Нэгэн маш хүнд хэцүү өдрийн дараа би нөхрөөсөө адислал өгөхийг хүсэв. Адислалын үеэр надад Бурханы охин гэдгийг маань болон Тэр надад санаа тавьж, хэрэгцээг маань мэдэж байгааг мөн миний хүү ч гэсэн Бурханы хүү гэдгийг сануулсан юм. Брэд юуны түрүүнд Бурханы хүү бөгөөд нөхөр бид хоёр Бурхантай хамт Брэдийн өмнө үүрэг хүлээсэн. Энэхүү харилцаа надад өөрт байгаа бүх арга хэрэгслээ ашиглахгүй байгааг маань ойлгуулсан юм. Нөхөр бид хоёр тус болох олон эх сурвалжийг судалж, олж мэдсэн ч хамгийн чухал зүйл болох залбирлыг мартсан байлаа.
Би Брэдад яаж туслах талаар өдөр бүр залбирдаг болов. Би түүнийг уурлаж уцаарлах үед дөхөж очихоосоо өмнө сүнслэг өдөөлт хүсэн хурдхан гэгч залбирдаг болсон. Би хүүгийнхээ төлөө тусламж дэмжлэг, сүнслэг өдөөлт эрэлхийлэн Бурханд найдах болсноор яг ямархуу ээж байж, түүний төлөө юу хийж болохоо цухас олж харсан юм. Би “Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний бахархал” (Алма 29:9) хэмээх Алмагийн үгийг дагахыг хичээсэн.
Өөрчлөлт тэр даруй гарч эхэлсэн бөгөөд би Брэдэд туслах олон санаа, арга замыг бодож олов. Би гэр бүлийн үдшийг арга хэрэгсэл болгон ашиглаж, юу заах талаараа залбирдаг болсон. Би мөн судрыг илүү чин хүсэлтэйгээр уншиж, тэнд эцэг эх байх талаар агуу зөвлөмж байгааг олж мэдсэн. Надад итгэл найдвар төрж, амар амгалан мэдрэгдэж эхлэв.
Нөхөр бид хоёр үр хүүхдээ Бурхантай хамт өсгөн хүмүүжүүлэх санааг хэрэгжүүлж, Түүний бидэнд өгсөн арга замуудыг ашигласнаар Бурханд илүү их итгэж найдах болсон билээ. Эцэг эх байх талаарх мэдлэг маань хязгаарлагдмал байж болох ч бүхнийг мэдэгч, хүүг минь надаас илүү хайрладаг, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань надад илүү сайн, хүчирхэг ээж болоход тусална гэдгийг би ухаарч ойлгосон. Хэдийгээр би заримдаа алдаа гаргадаг ч хаанаас тусламж авахаа мэддэг болсон. Зарим бэрхшээлд цаг хугацааны хязгаар байхгүй ч, харцаа мөнх амьдралаас салгахгүй байж чадах юм бол Бурхан тусална гэдгийг би ухаарсан юм.
Жижиг зүйлээс ч баяр баяслыг мэдэр
Би хүнд хэцүү цаг үеүдэд, бидэнд бэлэг болгон өгсөн жижигхэн зүйлүүдээс ч болов баяр баяслыг мэдрэхийн тулд өөртөө цаг гаргах талаар суралцсан. Хүү маань өөрийн эрхгүй намайг үнсдэг болсонд би талархдаг болсон. Хүүгээ автобусанд ганцаараа сууж явахыг нь харахад “би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) гэсэн судар санаанд минь орж ирэн, намайг адисалсан юм. Брэд ганцаараа биш, мөн хэзээ ч ганцаараа байхгүй гэдгийг би мэдсэн.
Бид мөнхийн гэр бүл бөгөөд хайртай хүмүүсийнхээ тус дэмээр мөн хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань биднийг харж хандаж байгаа учраас өдөр бүр өгөгддөг жижигхэн бэлгүүддээ талархаж, байх ёстой баяр баясал, аз жаргалыг мэдэрч чадна. Хэчнээн удаан үргэлжлэх байсан ч эдгээр жижигхэн адислал болон Их Эзэний тусламжтайгаар би ямар болох ёстой тийм хүн болж чадна.