Манондзориулсан дуу
Үдшийн урлагийн үзүүлбэр болгохоор төлөвлөж байсан зүйл нь нэгэн залуу эмэгтэйг хайрлах хайрын илэрхийлэл болон хувирчээ.
Залуу эмэгтэйчүүдийн сэтгэл хөдөлсөн байлаа. Үнэнийг хэлэхэд, Францын өмнөд хэсгийн тойргийнхон тун их догдолсон байв. Удирдагчид илүү нэгдмэл байдлыг бий болгохын тулд оройн зоог, урлагийн үзүүлбэр бүхий тойргийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөсөн байна. Бийхайв, миа мэйд, лоорэлчүүд зарим үйл ажиллагаагаараа дуу, бүжгээ аль хэдийн сурсан байсан учраас удирдагчид тэднийг уг үдшийн урлагийн үзүүлбэрийг үзүүлнэ үү гэж урьжээ.
Тиймээс тойргийн нэг залуу эмэгтэйгээс бусад нь бүгд хичээнгүйлэн бэлдэж эхэлсэн байна. Тэр залуу эмэгтэйг Манон гэдэг байсан бөгөөд үзүүлбэрт оролцох боломжгүй байлаа. Тэр хоёр жил гаруй хугацаанд хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа юм.
16 настай Манон чадлынхаа хэрээр цуглаан, үйл ажиллагаануудад ойр ойрхон ирж оролцдог байсан бөгөөд өөрт нь хэцүү байсан ч гэсэн үргэлж нүүр дүүрэн инээмсэглэдэг байлаа. Гэхдээ химийн эмчилгээний үеэр заримдаа бие нь унтаж амрахаас өөр юу ч хийж чадахааргүй сульддаг байсан юм. Тойргийн гишүүд түүний төлөө хэд хэдэн удаа мацаг барин, залбирсан аж. Хэн ч түүнээс бэлтгэл хийж, бүжиглэхийг шаардсангүй.
Гэхдээ тэр оройн зоогонд ирэх боломжтой байлаа. Яагаад нээрээ энэ үдшийг Манонд зориулж болохгүй гэж?
Манонд зориулсан үдэш
Хүн бүр энэ санааг дэмжиж байлаа.
16 настай С.Эмма: “Бид Маноныг тойргийнхны хайр, дэмжлэгийг мэдрээсэй гэж хүссэн. Хэрэв тойрог маань илүү нэгдмэл байхыг хүсэж байгаа юм бол Манонд хайраа харуулахаар хамтдаа хичээл зүтгэл гаргахаас өөр сайхан арга зам байгаа гэж үү?” гэж тайлбарлав.
Тойрог бүхэлдээ бэлтгэл ажилд оролцжээ. Гэр бүлүүд оройн зоогонд зориулсан хоол унд авчрах даалгавар хүлээн авч, Халамжийн нийгэмлэгийнхэн залуу эмэгтэйчүүдэд хувцас хийхэд нь туслан, залуучууд бэлтгэл сургуулилт, урлагийн үзүүлбэрт зориулан техникийн тусламж үзүүлж (гэрэлтүүлэг, дуу хөгжим, арын дэлгэцийн видео бичлэг гэх мэт), харин санваартан ах нар ширээ, сандал засахад тусалжээ.
Энэ бүх ажлыг өргөн уудам бүс нутгаар хол хол таран амьдардаг тойргийн гишүүд хийсэн байна. 16 настай В.Аёола: “Тойргийн өсвөр үеийнхэн хол амьдардаг ч гэсэн сүнсээрээ маш ойр байдаг. Бид хотын өөр өөр хэсэгт амьдардаг учраас сургууль дээр нэг нэгэнтэйгээ уулздаггүй. Иймээс бид хэнийг ч үйл ажиллагаанаас хоцроохгүйн тулд илүү их хичээдэг” гэж хэлсэн юм.
15 настай С.Инка: “Бид бас гар утасны ачаар үргэлж хоорондоо холбоотой байдаг. Бид өөрсдийн өөр өөр туршлагаас хуваалцаж, нэг нэгэндээ заадаг. Бид нэг нэгэндээ итгэж найдаж болно гэдгээ мэддэг бөгөөд бие биедээ сайн үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг” гэв. Боломж гарах бүрийд хамт байх дуртай залуу эмэгтэйчүүд оройн зоогийн урлагийн үзүүлбэр нөхөрлөлөө гүнзгийрүүлэх боломж байж болох юм гэдгийг олж мэджээ.
Инка: “Үзүүлбэрээ давтаж эхлэхээс өмнө би их ичимхий байсан ба алдаа гаргачихвий гэж айж байлаа. Харин багаараа бүжиглэх үед би ичихээ больсон. Хэр их хөдөлмөрлөснөө тойрогтоо харуулах цаг ирснийг би мэдэж байв” гэж хэлсэн юм.
Харин Манон эелдэг, даруу нэгэн байлаа. Тэрээр “Тэд надад оройн зоог, урлагийн үзүүлбэрийн талаар болон намайг хүндэт зочин байх тухай хэлэхэд миний төлөө ийм их хичээж байгаад нь санаа зовж байсан ч тэнд очно гэхээс догдолж байсан” гэв.
Хайр, дэмжлэг өгсөн урлагийн үзүүлбэр
Удалгүй уг үдэш ч болж, Манонд хайр, дэмжлэг үзүүлэх төгс боломж бүрдлээ. Аёола: “Мэдээж хоол маш амттай байсан. Энэ чинь Франц шүү дээ!” гэж хэлэв.
Францаар спектакль гэж нэрлэдэг урлагийн үзүүлбэр үнэхээр нэрэндээ таарахаар сайхан болж өнгөрөв. Тоглоом, дуу, бүжиг үзэгчдийг баярлуулж чадсан. Дараа нь залуу эмэгтэйчүүдийн нэгдсэн найрал дуу хамгийн онцгой үзүүлбэр болсон юм. Тэд Эммагийн үг, аяыг нь бичсэн нэгэн дууг Манонд зориулан дуулав. Уг дууны шүлэг Манонд мэдрүүлэхийг хүссэн хайр, дэмжлэгийг илэрхийлж байв.
Бүү бууж өгөөрэй.
Бид чамд итгэдэг.
Хэн гэдгээ бүү март.
Бид чамд итгэдэг.
Залуу эмэгтэйчүүд энэ дууг дуулах үед тойргийн хүн бүр зүрх сэтгэлдээ хамт дуулж байгаа мэт байв. Эммагийн энгийн нэгэн дуу хааяагүй байх хожмын үеийн гэгээнтнүүдийн зүрх сэтгэлд цуурайтах дуу хоолой—эр зориг, өрөвч нинжин сэтгэл, гэр бүл, найз нөхөд, эв нэгдэл, итгэл найдварын дуулал, тэнгэрт дуулдах эцэс төгсгөл гэж үгүй залбирал болон хувирсан юм.
Удирдагчид уг үйл ажиллагааг тойргоо нэгдмэл болгох зорилгоор зохион байгуулсан. Уг үдшийг Манонд зориулснаар тэд энэ зорилгоо гүйцэлдүүлээд зогсохгүй Маноныг болон гэр бүлийг нь дэмжиж байгаагаа мөн Бурханы хүүхэд бүр чухал гэсэн ойлголтыг мэдрүүлсэн билээ. Аёола: “Биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд ойртуулах нь Сүмийн зорилго юм. Тэд биднийг хайрладаг бөгөөд бид хэзээ ч ганцаардахгүй гэдгийг мэднэ” гэж хэлжээ.