2017
Зулбалтын дараах тайвшрал
July 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Зулбалтын дараах тайвшрал

crossed hands

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Би дөрөв дэх жирэмслэлтийнхээ 18 долоо хоног дээр нэг өглөө бага зэргийн цус алдсаны улмаас сэрсэн юм. Цус алдалт зогсохгүй байсан учраас би санаа зовж, яаралтай тусламж руу явахаар шийдэв.

Хол байх эмнэлэг рүү явж байх замдаа би бүх зүйл сайхан болоосой хэмээн найдан, залбирч байв. Хамгийн муугаар бодоход л эмч намайг хэд хоногоор хэвтрийн дэглэм сахь гэж хэлэх байх гэж би бодож байлаа.

Эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн ажилтнууд надаас хэд хэдэн шинжилгээ авч, хүүхдийн зүрх цохилохгүй байгааг мэджээ. “Ургийн хөгжлийн зогсолт” гэсэн онош тавьсан байлаа. Эмч цааш юу ч хийх боломжгүй байсан тул намайг эмнэлгээс гаргасан юм.

Би гуниглаж, айж цочирдсон байдалтай гэртээ ирэв. Би тэр шөнөдөө унтаж чадсангүй. Өглөө нь орноосоо босоход надад ариун сүмийн хишгийн өглөөний цугларалтад суух хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв.

Цугларалт дуусах дөхөхөд ядам хуруун дахь сүйн болоод хуримын бөгжин дээрээ харц минь туслаа. Энэ бөгжнүүд надтай адил нэртэй элэнц эмээгийнх маань юм. Эмээ маань намайг таван настай байхад нас барсан бөгөөд би саяхнаас түүний амьдралын түүхийг уншиж эхэлсэн билээ. Түүнийг хорь гаруй настай байхад хүүхэд нь олон удаа зулбаж байсныг би саналаа.

Өглөөжин гуниг, айдсын нулимс унагаан, хэцүү байсан яг тэрхэн мөчид амар амгалан түрэн орж ирэхийг би мэдрэв. Би ч тайвширлаа. Элэнц эмээ маань амьдралдаа минийхтэй адил зовлонг туулсан бөгөөд Аврагч түүнд тусалсан байжээ. Тэр надад ч бас тусална гэсэн итгэл төрөхийг би мэдрэв.

“Тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:12).

Би ариун сүмд очиход ирдэг амар амгалан болон итгэлтэй өвөг дээдсийнхээ үлдээсэн өвд, хамгийн чухал нь Аврагч Есүс Христийн цагаатгагч золиослолд гүнээ талархдаг.