Намайг аварсан цорын ганц зүйл
Зохиогч нь Японы Токиод амьдардаг.
Санаанд оромгүй нэгэн нөхөрлөл амьдралаа харанхуйгаас гэрэлд авчран өөрчлөхөд надад тусалсан юм.
Гольф нь Японд түгээмэл спорт учраас би аавтайгаа хамт байхын тулд 14 настайгаасаа уг спортоор хичээллэж эхэлсэн юм. Гольф анхнаасаа л надад сонирхолтой байсан бөгөөд яваандаа би ганцаараа дасгал хийх болж, ахлах сургуулийнхаа гольфийн багт тоглож эхлэв. Би багийнхан болон дасгалжуулагчтайгаа найз болж, тэд намайг мэргэжлийн гольфийн тамирчин болох хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд урам зориг өгсөн.
Би зөвхөн спортод төдийгүй хичээл сурлагадаа ч гэсэн анхаарал хандуулж, ахлах сургуулиа онц дүнтэй төгсөв.
Би анх коллежид орохдоо гольфийн дасгалжуулагчтай болон багийнхантайгаа маш сайхан харилцаатай байсан. Тэд надаас сайн тоглодог байсан учраас би тэдэнтэй адилхан болохын тулд чадах бүхнээ хийдэг байлаа. Манай багийн зарим гишүүн миний Шухо хэмээх өвөрмөц нэрийг ихэд сонирхдог байв. Ээжийн талын солонгос эмээ минь энэ нэрийг надад өгсөн бөгөөд солонгосоор “үзэсгэлэнт уул” гэсэн утгатай гэдгийг би тэдэнд хэлэв. Тэр мөчөөс эхлэн Япон, Солонгосын хоорондох олон үеийн зөрчилдөөний сөрөг нөлөөллийн улмаас тэдний надад хандах хандлага өөрчлөгдөж эхэлснийг би мэдэрсэн.
Тэд намайг “солонгос жаал” гэж дуудан, их сургуулийн нэр хүндийг гутаана гэх болов. Тэд надтай гольфийн бэлтгэл хийхийн оронд ариун цэврийн өрөө цэвэрлүүлдэг болсон.
Багийнхантайгаа хамт байх нь ихээхэн дарамттай болж эхэлсэн бөгөөд би гэрээсээ хол байсан учраас ганцаардаж байлаа. Би хүсэл мөрөөдлөө даган, багийнхан болон дасгалжуулагчийнхаа ачийг хариулахыг хичээсэн ч хоёр жилийн дараа хатуу ширүүн харьцааг нь тэвчиж чадахаа больж, гэртээ харьсан юм.
Энэ нь миний хувьд үнэхээр хүнд үе байлаа. Сэтгэлийн дарамт сэтгэл зүй, бие махбодод маань сөргөөр нөлөөлж, өөртөө итгэх итгэл минь энэ хоёр жилд шалдаа буусан байв. Мэргэжлийн гольфийн тамирчин болох хүсэл мөрөөдөл маань ч гэсэн талаар өнгөрөх гэж байв. Би амьдралдаа юу хийх ёстойгоо ч сайн мэдэхгүй, уур бухимдлаар дүүрсэн байлаа. Би дасгалжуулагч, багийнхан, гэр бүлийнхэн гээд бүх хүнд уурлаж байв. Би хэт их уурлан бухимдсанаасаа болоод өөрийнхөө бодлоос ч айх болсон юм. Надад ямар ч найз нөхөд байгаагүй бөгөөд бусдад найдаж, харилцаж чадахаа больсон байсан. Зургаан сарын турш би зөвхөн бялдаржуулах төв рүү очихын тулд л гэрээсээ гарч байв.
Амьдралынхаа энэ харанхуй мөчид би бялдаржуулах төвд Жастин Криститэй танилцаж, найзууд болж билээ. Би түүнийг анх хараад, солилцоогоор ирсэн гадаад оюутан байна гэж бодсон. Би түүнийг бялдаржуулах төвд хэн нэгэнтэй ярилцаж байхыг нь харах хүртлээ түүнтэй ярилцахаас зайлсхийдэг байсан бөгөөд японоор ярихыг нь сонсоод ихэд гайхсан. Би бусдад хараахан итгэхгүй байсан ч харин тэрээр надад хамтдаа бэлтгэл хийхийг санал болгосон юм. Тухайн үед түүнд миний ойлгохооргүй ямар нэгэн өөр зүйл байсан бөгөөд түүнтэй хамт байхад тайван амгалан байдаг байв. Би ч хамтдаа бэлтгэл хийх цагаа тэсэн ядан хүлээдэг болж, найзын хувиар итгэж болох хүнээ олсон билээ.
Хэдэн сарын турш хамтдаа хичээллэсний эцэст Жастин намайг тогтмол оролцдог нэгэн оройн хоолны арга хэмжээнд урилаа. Би татгалзсан ч хэд хэдэн удаа урилга хүлээн авсны дараа Ричард, Корина Кларк хоёрын гэрт болдог байсан ганц бие залуучуудын оройн хоолонд очихоор шийдэв. Намайг гэрт нь ороход Кларк ах японоор, Кларк эгч англиар халуун дотно мэндэлж, угтан авсан юм. Би юу хэлж байгааг нь сайн ойлгоогүй ч хариулах гэж оролдсон. Тэнд байсан зарим хүн японоор ярьдаггүй байсан ч халуун дотно, нөхөрсөг, хөгжилдөх дуртай хүмүүс байсан бөгөөд инээд хөөрөөр дүүрсэн газар байлаа.
Би ганц бие залуучуудын бусад үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд амьдралдаа цагийг хэзээ ч бусадтай тийм хөгжилтэй өнгөрөөж байгаагүй юм. Чухам юу эднийг ийм эелдэг, найрсаг болгож байгаа юм бол гэж би боддог байлаа.
Яг тэр үеэр Жастин надаас амьдралын минь зорилгыг асуусан юм. Зорилго маань өөрчлөгдөж эхэлснийг олж хараад, би маш их гайхсан. Би англиар ярьж сурахыг мөн түүнтэй адил бүх хүнтэй найзлахыг хүсэж байгаагаа хэллээ. Тэр сүм дээр явагддаг англи хэлний үнэгүй сургалтын талаар надад хэлж, би ч сургалтад сууж, номлогчидтой танилцав. Хэдийгээр би урьд өмнө хэзээ ч Бурханы талаар бодож байгаагүй ч номлогчдыг сонсох хэрэгтэй гэж бодсон билээ. Тэд надад сайн мэдээний үндсийг зааж, бараг өдөр бүр над руу залгадаг болсон. Тэд миний сайн найзууд болсон бөгөөд энэ нь тийм ч олон найзтай байгаагүй миний хувьд үнэхээр сайхан хэрэг байлаа.
Би Сүмийн олон гишүүнтэй уулзах болж мөн тэд надтай хамт номлогчийн хичээлд суухаар явцгааж, улмаар сайн найзууд болцгоосон. Тэд бас надад сайн мэдээг зааж, үлгэр жишээ үзүүлдэг байсан. Жастин надад Мормоны Номын тухай мөн түүхүүдээс нь ярьж өгдөг байсан бөгөөд би өөрөө уншиж үзэхийг хүссэн юм. Нарийн ширийн зүйлд ихэд анхаарал хандуулдаг Шинго хэмээх өөр нэгэн найз минь сургаалыг ойлгоход хялбар арга замаар надад ярьж өгдөг байв. Тэр ярилцлага бүрийн төгсгөлд гэрчлэлээ хуваалцдаг байсан бөгөөд
би итгэж найдаж болох зүйлтэй мөн харьяалагдах газартай болсон юм. Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа номлолд үйлчлэх талаар бодож эхэлсэн боловч бүхэл бүтэн хоёр жилийг золиослох нь санаа зовоож байв. Би номлолд үйлчлэх тухай олон хүнтэй, ялангуяа эргэж ирсэн номлогч найзуудтайгаа ярилцсан. Би энэ тухай сайтар бодож, сайн мэдээ бол намайг аврах цорын ганц зүйл гэдгийг ухаарсан юм.
Бурхан надад хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, найз нөхөд, ялангуяа хайр энэрэл гээд бүх зүйлийг өгсөн гэдгийг би мэдэж байв. Сайн мэдээ надад түнэр харанхуйгаас гэрэлд гарч ирэхэд тусалсан.
Би сайн мэдээг хэрхэн Шухотой хуваалцсан бэ?
Жастин Кристигийн өгүүлснээр
Би анх бялдаржуулах төвд Шухотой танилцахад тэр англи хэл сурахыг мөн гольфийн солилцооны хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаагаа хэлсэн юм. Би түүнд сүм дээрх англи хэлний сургалтын талаар хэлсэн боловч бид хэдэн долоо хоногийн дараа л тэнд суух боломжтой болсон. Тэр хооронд бид хамт дасгал хийж байхдаа сайн мэдээний сэдвээр болон Мормоны Номын талаар, заримдаа зүгээр л амьдралын тухай ярьдаг байв.
Уулзсан Сүмийн гишүүдийнх нь нөхөрлөл, үлгэр жишээ түүний анхаарлыг татаж, сайн мэдээнээс суралцахад тусалсан. Сүнс л хөрвөлт рүү хөтөлдөг бөгөөд бид зүгээр л захиасыг дамжуулж, хүмүүсийг сонголтоо хийхэд нь тусалж дэмждэг.
Сайн мэдээг хуваалцах тухай бодохоос ч халшрах үе надад байсан. Гэхдээ бид зөв цаг үед л амаа нээх юм бол номлогч байх боломж гарч ирнэ гэдгийг би ойлгож билээ. Бидний хийвэл зохих бүхий л зүйл нь тэднийг сүмийн үйл ажиллагаа, хурал цуглаанд урих явдал юм. Хэрэв бид нээлттэй байх юм бол сайн мэдээнээс хуваалцах боломж үргэлж гарч ирнэ.