Гол дүрд тоглох нь
Зохиогч нь АНУ-ын Вашингтон мужид амьдардаг.
Би амьдралынхаа хамгийн том дүрийг гардаж аваад байлаа. Зохиол ирэх хүртэл миний сэтгэл тун их догдолж байсан юм.
Театрт тоглох нь миний хүсэл мөрөөдөл байв. Би залуу насаа тайзан дээр жүжиглэж, дуулахад зориулсан. Би авьяас чадвараар адислагдсан бөгөөд мэргэжлийн хэмжээнд тоглохыг хүсдэг байлаа. Би боломжтой гэсэн хамгийн ээдрээтэй дүрүүдийг авдаг байсан бөгөөд хамт ажилладаг жүжигчдийнхээ хүндэтгэлийг олохын тулд өөрийн биеийг үргэлж мэргэжлийн түвшинд авч явдаг байв.
Манай хамгийн нэр хүндтэй найруулагч хошин дуурийн сонгон шалгаруулалт явуулах гэж байгаагаа мөн намайг ороод үзэх хэрэгтэй гэж хэлэхэд би маш их баярласан. Уг тоглолт манай хамгийн нэр хүндтэй тайзан дээр болох байсан бөгөөд найруулагч найз маань намайг гол дүрд тоглуулахаар аль хэдийн шийдсэн байсан мэт санагдаж билээ.
Сонгон шалгаруулалтын өмнө жүжгийн зохиолыг авах боломжгүй байсан ч хошин дуурь миний уншиж байсан 18-р зууны философичийн зохиол дээр суурилсан байв. Мөн би дуурийн нэлээн их ур чадвар шаардсан, ер бусын гайхамшигтай хөгжмийг сонсож, түүнтэй танил болсон байлаа.
Сонгон шалгаруулалт амжилттай явагдаж, удалгүй би хамгийн чухал дүр буюу гол дүр минийх болсныг мэдсэн юм. Энэ дүр маш том боломж гэдэгт би итгэж байв.
Жүжгийн зохиол ирэх хүртэл би маш их догдолж, үүлэн дээгүүр л нисэж байлаа. Харин жүжгийн зохиолыг уншаад, баяр баясал маань тэр даруй алга болов. Зохиол болон хөгжим нь зохистой байсан ч, жүжгийн зохиолын найруулга бүдүүлэг, эрээ цээргүй, зохисгүй байсан юм. Энэ дуурьт оролцох хэрэггүй гэдгээ би мэдэж байв. Би маш их сэтгэлээр унасан төдийгүй
ацан шалаанд орж билээ. Жүжгийн хуваарь дүрүүдийг солих боломж олгодоггүй тул театрын ёс зүйд жүжигчин хүн дүрээ хүлээн авсан л бол дундаас нь хаяж болдоггүй байв. Ийм үед орхиж явах нь үнэхээр мэргэжлийн бус үйлдэл хэмээн тооцогдох байлаа. Би театрын компанийхаа итгэлийг хөсөрдүүлж, найруулагчаа гомдоон, өөр хаа нэгтээ тоглох боломжоо ч гэсэн алдахаас эмээж байв.
Би өөрийгөө зөвтгөх гэж оролдох нь мэдээжийн хэрэг! Миний толгойд “Чи хаяж болохгүй. Жүжгийн зохиол тийм ч муу байгаагүй. Жүжгийн сайн хэсгүүд зохисгүй зүйлүүдээсээ илүү шүү дээ” гэх дуу хоолой орж ирэх болов. Гэвч Ариун Сүнс зүрх сэтгэлд минь хошин дууриас татгалзах хэрэгтэй гэдгийг шаргуу, тэвчээртэй, цөхрөлтгүй шивнэж байв.
Би ч юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Би чичирсээр утсаа аван, найруулагч руу залгалаа.
Түүнийг утсаа авахад нь би “Сайн байна уу, эрхэм ээ. Би Анни байна” гэж хэлэв.
Тэр “Анни! Миний сэтгэл тун их догдолж байна. Чи жүжгийн зохиолоо авсан уу?” гэв.
Би ч “Тийм ээ, би авсан. Би … Би …” гээд
уйлж орхив. Мэргэжлийн бус энэ тэр гэж яриад ч яахав!
Би уйлахын зэрэгцээ найруулагчдаа тоглолтод оролцож чадахгүй шалтгаанаа тайлбарлаж чадсан юм. Дараа нь би дэлхий хөмрөхийг хүлээв.
Харин тэр эрхэм инээд алдсан бөгөөд миний сонголтыг хүндэтгэсэн. Эхлээд намайг үлдээч гэж ятгахыг оролдсон ч эцэстээ бууж өгсөн юм. Өөрийнх нь хошин дуурьд тоглохыг хүсээгүй ч гэсэн намайг хүндэтгэдэг хэвээр байна гэдгээ тэр хэлэв. Дараа нь тэр надаас дүрийг өөр хүнд өгөх хэрэгтэй байгаа учраас жүжгийн зохиолоо хурдхан авчирч өгөхийг хүслээ. Би утсаа таслаад, уйлсандаа ичсэн ч найруулагчийнхаа нөхөрсөг занд мөн намайг ойлгосонд нь талархав.
Би ч нулимсаа арчаад, зохиолоо шүүрэн авч, машиндаа суулаа. Хөдөлгүүр ажиллаж эхлэхэд радио ч аслаа. Радиог орон нутгийн сонгодог хөгжмийн долгионд тааруулсан байсан бөгөөд гайхалтай нь нөгөө хошин дуурийн удиртгал хөгжим эгшиглэж байв. Үүнийг урьд нь радиогоор тоглож байхыг би хэзээ ч сонсож байгаагүй.
Энэ нь Тэнгэрлэг Эцэг уг хөгжмийг надад зориулан тоглож байгаа мэт санагдсан. Тэр намайг хайрладаг мөн миний сонголтыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдээсэй гэж хүссэн байлаа. Радиогоор эгшиглэж байсан хөгжим Бурханы нигүүлслийн нэгээхэн хэсэг байсан. Үүгээр дамжуулан би Түүний хайраас ирэх тайтгарлыг мэдэрсэн билээ.
Би их сургуульд драмын ангид суралцахаар элсэн орсон бөгөөд нэг бус удаа ийм байдалд орж байв. Зүй зохисгүй агуулгаас нь болж хамтарсан төслөө орхин гарах шаардлага надад гарч байсан. Эдгээр нөхцөл байдал хэзээ ч амархан эсвэл таатай байгаагүй ч би тэдгээрийг илүү аятайхан, нулимс дуслуулалгүйгээр зохицуулж сурсан юм. Өмнөх үйл явдал намайг эдгээр нөхцөл байдалд бэлтгэсэн байж магадгүй. Магадгүй энэ нь надад өөрийгөө хэн гэдгийг болон хэн болохыг хамгийн их хүсэж байгаагаа илүү сайн ойлгоход тусалсан байж болох юм.
Уильям Шекспир
Дэлхий тэр чигээрээ тайз.
Бүх эрэгтэй, эмэгтэй хүн ердөө л жүжигчид юм.
Тэдэнд тайзан дээр гарах мөн тайзнаас буух өөр өөрийн хэсгүүд байдаг бөгөөд
нэг хүн тайзан дээр олон дүрд тоглодог1 гэж бичсэн байдаг.
Бусдаасаа илүү чухал нэгэн хэсэг байдгийг би мэдсэн. Тэр бол Есүс Христийн үнэнч шавь байх явдал юм. Хамтран зүтгэгчдийнхээ алга ташилтыг хүртэх нь сэтгэл догдлом, сайхан зүйл ч Бурханы сайшаалыг хүртэх нь үүнээс илүү чухал. Бид Эзэнийг дагаж сурах үедээ л хамгийн агуу дүрээ бүтээдэг.