Гэрлээ гийгүүл
Би та нарт сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар гялалзсан үлгэр жишээ үзүүлэгч хоёр залуу эмэгтэйн талаар яримаар байна. Бид охин Нэллигээ найман настай байхад Швейцарьт амьдардаг байсан юм. Нэлли баптисм хүртэх гэж байгаадаа баяртай байв. Түүний төрсөн өдрийн өмнөхөн бид Тина гэдэг найзтайгаа гэр бүлийн үдэш хийж билээ. Номлогчид Тинад хичээл зааж байсан боловч тэр баптисм хүртэхийг хүсэж байгаа эсэхээ сайн мэдэхгүй байлаа.
Бид хичээлээ зааж дуусаад, Тинагаас залбирахыг хүссэн юм. Тина англиар сайн ярьдаггүй байсан учраас хятадаар залбирав. Бид түүний үгийг ойлгоогүй ч Сүнсийг мэдэрсэн.
Тэр орой Нэлли Тинатай хамт нэг өдөр баптисм хүртэж болох уу гэж асуув. Тинад энэ санаа таалагдах эсэхийг бид мэдэхгүй байсан ч Нэллийг түүн рүү залгаж, асуух хэрэгтэй гэдэгтэй санал нийлэв. Гайхалтай нь, Тина тэгье гэлээ!
Нэлли, Тина хоёр тэр амралтын өдрөөр баптисм хүртэв. Хожим нь Тина бидэнд нэгэн гайхамшигтай түүх ярьсан юм. Тэр гэр бүлийн үдшээр хийсэн залбирлынхаа тухай бидэнд сануулав. Тэр залбирч, Тэнгэрлэг Эцэгээс баптисм хүртэх эсэхээ асуухыг хүсжээ. Нэлли тэр орой түүн рүү залгаад, Тэнгэрлэг Эцэг Тинагийн залбирлыг сонссон гэдгийг мэдсэн байна.
Бидний найз Жасмин бас бидэнд сайн үлгэр жишээ үзүүлсэн. Жасмин 12 настай байсан бөгөөд бид Ойрхи Дорнодод амьдарч байх үедээ тэдний гэр бүлтэй сайн найзууд болсон. Түүний улсад Сүмийн гишүүд бусадтай сайн мэдээний талаар ярьж болдоггүй байв. Үүнийг хуулиар хориглодог байлаа. Гэхдээ Жасмин Есүсийн хийсэн зүйлийг хийх замаар сайн мэдээг хуваалцахаар шийдсэн юм. Тэр бусдад хайраа харуулж, эелдэг найрсаг харьцаж болох байлаа. Жасмин явсан газар бүрдээ болон ямар ч зүйлийг хийж байхдаа Есүстэй адил байхыг хичээдэг байв. Тэр бусдад тод томруун үлгэр дуурайл үзүүлдэг байсан юм.
Нэлли, Жасмин хоёр бидэнд хэрхэн Есүс Христийн үлгэр жишээг үзүүлж болохыг харуулсан билээ. Бид хэдэн ч настай мөн хаана ч амьдардаг бай үүнийг хийж чадна.