Айлчлагч багшийн захиас бичиг
Тэд нэг байж болохын тулд
Энэ материалыг залбирч судлаад, юуг хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?
“Есүс бие, сүнс аль алинаар нь Өөрийгөө Эцэгийн хүсэлд захируулан Эцэгтэй төгс эв нэгдэлд хүрсэн” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон заасан юм.
“… Үнэхээр бид Бурханы болон Христийн хүсэл, сонирхлыг өөрсдийн хамгийн агуу хүсэл болгохгүйгээр Тэдэнтэй нэг болж чадахгүй. Тийм хүлцэнгүй байдлыг нэг өдрийн дотор олж авч чадахгүй ч хэрэв бид Эцэг Хүүд байдаг шиг Тэр бидэнд байна гэж баттай хэлэх хүртэл Тэдэнтэй нэг байх хүсэлтэй байвал Их Эзэн Ариун Сүнсээр биднийг сургах болно.”1
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон ийм нэгдмэл байдалд хэрхэн хүрэх талаар “Бид гэрээ хийж, түүнийгээ сахиснаар Аврагчтай адил болох гэсэн хүсэл эрмэлзлээ харуулдаг. Үүний хамгийн төгс жишээ нь бидний дуртай дуулалд ‘Таны яв гэсэн газар би явна. Таны хэл гэснийг би хэлнэ. Таны хүссэн нэгэн би болно’ хэмээн өгүүлсэнтэй адилаар хандахыг хичээхэд оршино”2 гэж заасан.
Ахлагч Кристоффэрсон мөн бидэнд “бид өдөр тутам, долоо хоног болгон Христийн замаар хичээнгүйлэн дагавал бидний сүнс үүний давуу байдлыг хүлээн зөвшөөрч, доторх мөргөлдөөн намжиж, уруу таталт зовоохоо больдог”3 хэмээн сануулсан юм.
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Нийл Ф.Марриотт өөрсдийн хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүлснээр ирдэг адислалын талаар “Би аливаа зүйлийг өөрийнхөөрөө байлгах гэдэг зуурдын хүслээ орхих гэж их хичээдэг байлаа. Эцэст нь миний зам бол дутуу дулимаг, хязгаарлагдмал бөгөөд Есүс Христийн замтай харьцуулшгүй байсныг ухаарсан юм. ‘[Тэнгэрлэг Эцэгийн маань] зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм’”4 гэж гэрчилжээ. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй нэг байхын тулд даруухнаар хичээцгээе.
Нэмэлт судар болон мэдээлэл
Иохан 17:20–21; Ефес 4:13; Сургаал ба Гэрээ 38:27; reliefsociety.lds.org