Биднийг дахин уулзтал
Сүүлийн хөсөг тэрэгнийхэн
1947 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Сүүлийн хөсөг тэрэгнийхэнд” хэмээх үгээс авав.
Сүүлийн тэрхүү хөсөг тэргэн дээр бүхнээ зориулах сэтгэл, үнэнч шударга байдлаас гадна юуны өмнө ах нарт болон Бурханы хүчинд итгэх итгэл оршиж байлаа.
Би тал газрыг аажуухан туулсан хөсөг тэрэгний урт цуваа болгоны сүүлд явсан тэрэгний тухай үг хэлэхийг хүсэж байна. …
… Хамгийн сүүлийн хөсөг тэрэгнийхэн цувааны толгойд яваа ах нарыг үргэлж хараад байдаггүй байсан бөгөөд цэнхэр тэнгэрийг газрын тоос шорооноос бүрдсэн зузаан үүл ихэвчлэн халхалдаг байв. Гэсэн хэдий ч, сүүлийн тэрэгнийхэн өдрөөс өдөрт ядарч туйлдан, хөл нь холгож, заримдаа бараг зүрх алддаг байсан ч Бурхан тэдэнд хайртай, сэргээгдсэн сайн мэдээ үнэн, Бурхан ах нарын урд удирдан чиглүүлж байгаа гэсэн итгэлээсээ урам авч, урагш зүтгэн тэмүүлдэг байсан. Заримдаа сүүлийн хөсөг тэрэгнийхэн итгэл нь оргилдоо хүрэхэд, селестиел дэлхийн алдар сууг зэрвэс харах шиг болдог байсан ч, хэрэгцээ шаардлага, ядарч туйлдсан байдал, зовлон зүдгүүр, урам хугарах явдал байнга тохиолддог байсан учраас уг үзэгдэл маш хурдан замхран алга болдог байв.
Үзэгдэл сарнин алга болоход тэд ч сэтгэлээр унадаг байлаа. Гэхдээ тэд дахин залбирч, ямар ч үед зусардалгүй мөн бусдаас магтаалын үг, урам дэм хүлээлгүй аяллаа үргэлжлүүлсээр байв. Гэсэн хэдий ч сүүлийн тэрхүү хөсөг тэргэн дээр бүхнээ зориулах сэтгэл, үнэнч шударга байдлаас гадна юуны өмнө ах нарт болон Бурханы хүч, сайн сайханд итгэх итгэл оршиж байлаа. …
Тиймээс манарсан тоос шороо, шавар шавхайн дундуур … хад хавцал мацан, өнгөрсөөр тэднийг алжаалаа тайлан, гэр орон нь болон угтан авсан хөндийдөө хүрч чадсан юм. …
Гэхдээ эдгээр мятаршгүй итгэлтэй, эрэлхэг зоригтой хэдэн зуун бодгалийн аян зам төгсгөлдөө ирээгүй л байлаа.
Бригам [Янг] ах тэднийг Бурханы хаант улсын далбаан дор дуудан, хол ойрын сүрлэг уулсын хөндийгөөр суурьшин амьдар хэмээн илгээсэн юм. Тэд дахин нэг удаа шар үхрээ буулганд нь оруулан, цуваа болж, … шинэ хөндий рүү очих замдаа Мосегийн мэргэн ухаан болон тэнгэрлэг удирдамжинд дахин бүрэн найдсаар аажуухан гэгч гарчээ. …
Анхдагчдаас хойш өнөөг хүртэл хэдэн зуун мянган хүн болох Бурханы сонгогдсон хүмүүс өөрсдийн даруухан дуудлага болон хувь заяагаар тохиосон үүргээ Бригам ахын болон бусдын адил биелүүлсэн бөгөөд Бурхан тэднийг шагнах болно. Тэд илүү дээгүүр өргөмжлөгдсөн мэт үг, бодол санаа, үйлдэл, итгэл гээд бүх талаараа анхдагчид байсан юм. Энэхүү уулс дамнасан хаант улсыг сонгогдсон цөөн хэдэн хүн ажлын хажуугаар босгочихоогүй, харин тэнгэрээс дуудсан удирдагчдаа итгэлтэй даган, олон үндэстэн ястнаас түрэн ирж, хөдөлмөрлөн, хийж бүтээсэн түмэн олон сүндэрлүүлэн босгосон юм.
Тиймээс энэ даруу бөгөөд агуу бодгалиудыг хайрлаж, хүндэлж, биширдэгээ даруухнаар илэрхийлж байна.