2017
Сонсож сурах нь: Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварладаггүй анхны нэгдсэн салбарууд
July 2017


Сонсож сурах нь: Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварладаггүй анхны нэгдсэн салбарууд

56 настай Франс Лекват гадасныхаа ерөнхийлөгч Олэв Таймын өөдөөс харан суухад нүдэнд нь нулимс хурав. Ерөнхийлөгч Тайм түүнээс өөрийнх нь төрсөн газар болох Өмнөд Африкийн Совето хотод Сүмийн салбар байгуулах талаар юу гэж бодож байгааг нь асуусан байжээ.

“Та яагаад уйлсан бэ? Би таныг гомдоочихов уу?” гэж ерөнхийлөгч Тайм асуулаа.

Франс: “Үгүй ээ. Анх удаа Өмнөд Африкт цагаан арьстан хүн надаас шийдвэр гаргахынхаа өмнө саналыг маань асууж байна” гэж хариулжээ.

Арьс өнгөөр ялгаварлах үзлийн доорх амьдрал

South Africa in 1981

Дээд талын зураг дээр: Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хатуу дэглэмийн үед зөвхөн цагаан арьстнуудад зориулсан далайн эрэг орчмын газар.

Зүүн доод талд: Keystone/Getty Images-ийн гэрэл зураг

Тэр жил 1981 он байв. Тэр үед Өмнөд Африкт хар, цагаан арьстан хүмүүс арьс өнгөөр ялгаварлах үзэл хэмээх хуулийн системээс болж тусгаарлагдсан байсан юм. Энэ хуулиар тусгаарлагдсан байдал, Сүмээс африк хар арьстнуудад санваар хүртээхийг хориглосон зэрэг нь Өмнөд Африкийн хар арьстнуудын дунд Сүм хөгжихгүй гэсэн үг байлаа. 1978 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл санваарын хоригийг цуцлах илчлэлт хүлээн авахад шинэ эрин үе эхэлсэн ч салан тусгаарлалттай холбоотой асуудлууд, хар цагаан арьстнуудын хооронд тогтсон хардах сэрдэх уламжлал хэвээр үлджээ.

Өмнөд Африкийн хар арьстнуудын дийлэнх нь Йоханнесбург гэх мэт цагаан арьстнууд голдуу амьдардаг хотуудын захын дүүргүүдэд оршин суудаг байв. South Western Townships (Баруун өмнөд дүүрэг)-ийн товчилсон нэр болох Совето бол хамгийн том нь байлаа. Цагаан арьстнууд дүүргүүд рүү явах нь ховор төдийгүй, хот руу очсон хар арьстнуудтай цагаан арьстнууд тэр болгон тэгш эрхтэй ханддаггүй байв.

Франс болон түүний гэр бүлийнхэн 1970-аад оны үеэр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан Советогийн цөөн хүний нэг нь байсан юм. Эхэндээ тэд Йоханнесбург дахь тойрогт явдаг байв. Франсын хүү Жонас ням гаргийн өглөө гэр бүлээрээ Йоханнесбург явах галт тэргэнд амжин сууж, 9 цагт цуглаан эхлэхээс өмнө хол байх Сүмийн байр руу алхаж очихын тулд үүрийн 4 цагт босдог байснаа мартдаггүй. Заримдаа хүүхдүүдээ Хүүхдийн хэсэг дээр сэрүүн байлгах нь хэцүү байсан ч тэд гэр бүлээрээ үргэлж эрт очдог байв!

Арьс өнгөөр ялгаварлахгүй болох явцын анхдагч байх нь сэтгэл зүйн хувьд ч хэцүү байлаа. Жосиа Мохапи зургаан настай цагаан арьстан хүүг Сүм дээр тааралдсан хар арьстан хүмүүсийн талаар доромжлон гутаасан зүйл ярьж байсныг сонссоноо санадаг. “Үнэнийг хэлэхэд, цус хөөрөх шиг болсон” гэж Жосиа хэлэв. Гэхдээ тэр ээжийнхээ хүүдээ “Сүм бол бүх хүнд зориулагдсан” гэж хэлж байхыг сонссон байв. Тэгж сануулсан болохоор Жосиа тайвширсан юм.

Советод салбар байгуулна гэж үү?

Julia Mavimbela participating in the groundbreaking of a new building

Өмнөд Африкийн анхны хар арьстан Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жулиа Мавимбэла 1991 онд Совето салбарын шинэ барилгын газар хөндөх ёслолд оролцож байгаа нь. (Түүний түүхийг дараах өгүүллээс үзнэ үү.)

Гэрэл зургийг Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв

Ерөнхийлөгч Тайм хар арьстан гишүүдэд тулгарч буй бие махбодын болоод сэтгэл санааны асуудлуудыг мэдэж байлаа. Тэрээр гишүүдийн Сүм рүү явах замыг амар хялбар болгох зорилгоор Советод салбар байгуулах талаар бодож үзсэн ч тэднийг Йоханнесбургт ирүүлэх дургүй гэж бодогдуулахыг хүсэхгүй байв. Тэр аливаа арга хэмжээ авахын өмнө Франсын адил Советогийн гишүүдийн бодол санааг мэдэхийн тулд ярилцлага хийхээр шийдэв. Тэд “Бид Советод Сүм байгуулахыг хүсэж байна” гэсэн тодорхой хариултыг түүнд өгсөн байна.

Ерөнхийлөгч Тайм хөрвөгдөөд удаагүй хүмүүст зааж туслах туршлагатай удирдагчдыг тодорхойлжээ. Тэрээр Йоханнесбургийн 200 гаруй гишүүнтэй ярилцлага хийж, 40 хүнийг шинэ салбарт нэгдэн, тэндээ хэсэг хугацаанд байж, орон нутгийн анхны удирдагчдыг сургахад туслуулахаар дууджээ.

Хар арьстан гишүүд Йоханнесбургийн тойргийн цуглаанд оролцохоор хотын нэг захаас, өөр соёл руу ордог байсантай адил цагаан арьстан гишүүд Советод үйлчилж байхдаа өөр орчин, соёлд дасан зохицох хэрэгтэй болжээ. Бүх зүйл амар хялбар байгаагүй. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр дуудагдсан цагаан арьстан гишүүн Морийн ван Зил нэгэн долоо хоногт Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр Өмнөд Африкийн төрийн дууллыг нээлтийн дуу болгохоор сонгосонд тийм ч их юм бодсонгүй. Харин удалгүй Өмнөд Африкийн хар арьстнууд төрийн дууллыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг бөгөөд уг дууны сонголт хар арьст эгч нарын дургүйг хүргэсэн гэдгийг олж мэджээ.

Хар, цагаан арьстан гишүүдийн аль аль нь ийм үл ойлголцлоос болж урам нь хугарч болох байсан ч үүнийг харилцан ярилцах, сайжрах боломж гэж үзжээ. “Бид бүх зүйлээ хуваалцдаг байв. Хар арьстнууд юунд дургүйцдэг вэ мөн цагаан арьстнууд юунд дургүйдэг вэ? Тэд ямар учраас зарим зүйлийг хийдэг, харин бид ямар учраас өөр зүйлийг хийдэг вэ? Энэ нь бидний хувьд хамтдаа суралцах гайхамшигтай цаг байсан” хэмээн Морийн дурсан ярьсан юм.

Советогийн салбар томорч, хүчтэй болохын хэрээр бусад дүүрэгт мөн адил загварын дагуу салбаруудыг байгуулж эхэлжээ. Кумбулани Мдлэтши нь Дурбаны ойролцоох Квамашу дүүрэгт амьдардаг залуу байв. Тэр 1980 онд Сүмд нэгдэхдээ тухайн үед Өмнөд Африкийн хар арьстан залуучуудын дунд нийтлэг байсан цагаан арьстнуудыг хардаж сэрдэх хандлагатайгаа иржээ. Гэхдээ арьс өнгөөр ялгаварладаггүй салбарын цуглаанд шүтэн бишрэх боломж нь түүний энэ хандлагыгөөрчилсөн юм.

Хүмүүсийг холбодог гагнаас

1982 онд Кумбулани салбарынхаа хэдэн залуу эрэгтэйтэй хамт ганц бие залуучуудын чуулганд уригджээ. Салбарынх нь ерөнхийлөгч, цагаан арьст ах Жон Манфорд залуу эрэгтэйчүүдээ сайхан харагдуулахыг хүссэн ч цөөн хэд нь л гайгүй хувцастай байв. Тэр хувцасны шүүгээгээ хоослон, хослолуудаа залуу эрэгтэйчүүддээ тарааж өгч, тэд ч чуулганд өмсөж явжээ. Дараагийн ням гарагт ерөнхийлөгч Манфорд Кумбуланид түр өмсүүлсэн хослолоо өмсөв. Кумбулани: “Миний өмссөн хувцсыг цагаан арьстан хүн өмсөнө гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Харин тэр өмсчихсөн байлаа. Тэр надад цагаан арьстан хүмүүсийг бодож байснаасаа өөрөөр харахад тусалсан юм” гэж дурссан.

Одоо Бүсийн далын эрх мэдэлтэн болсон ахлагч Мдлэтши: “Биднийг өөрчлөгдөхөд хүргэдэг амьдралын ийм туршлага бүгдэд хэрэгтэй” гэж хэлжээ.

Johannesburg South Africa Temple

1994 онд Өмнөд Африкийн төрийн далбааг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм нурсны дараах эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгон баталжээ. Далбааны хар, шар, ногоон өнгө нь Африкийн Үндэсний Конгрессийг, улаан, цагаан, цэнхэр өнгө нь Боерийн Бүгд Найрамдах Улсыг бэлгэддэг.

1994 онд Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах системийг эцэслэсэн юм. Хэдийгээр өнөөдөр цуглаанууд гол төлөв хар эсвэл цагаан арьстнуудын амьдардаг газруудад тус тусдаа явагдаж байгаа ч гэсэн илүү их эрх чөлөөтэй болсноор холимог газруудын тоо өсөн нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Захын дүүргийн анхны салбарууд дахь анхдагчдын адил янз бүрийн үүсэл гаралтай гишүүд Бурханы хаант улсыг байгуулахын тулд хамтдаа шүтэн биширч, хөдөлмөрлөж байгаа билээ.

Советогийн одоогийн гадасны ерөнхийлөгч Табо Лебетоа сайн мэдээг хуваагдмал байх үед хүмүүсийг холбодог гагнаас хэмээн дүрслэн хэлжээ. Тэр: “Бид Сүмээс гадуур болж байгаа үйл явдал, улс төр болон өөр бусад зүйл дээр санал нийлэхгүй байж болох ч сургаал дээр нэгдмэл санаатай байдаг” хэмээн хэлсэн юм. Ийнхүү нэг үндэс суурин дээр түшиглэн хөдөлмөрлөх нь хүмүүст анхаарал тавин зөвлөлдөж, сүнслэг мэдрэмжээр сонсохдоо өөр хоорондын ялгаатай зүйл дээр суралцах боломж олгодог. “Удирдагч хүн байх хамгийн чухал зүйлсийн нэг бол хүмүүсийг сонсож сурах явдал юм. Ойлгохын тулд сонс. Мэдрэхийн тулд сонс. Илчлэлт хүлээн авахын тулд сонс” хэмээн ерөнхийлөгч Лебетоа зөвлөсөн.

Советогийн анхны салбарын гишүүн Жулиа Мавимбэлагийн охин Тоба Карл-Халла сонсох нь гарцаагүй үүсэх зөрөлдөөнийг хүнд хэцүү хагарал болон хувирахаас хамгаалдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр: “Би чихээрээ сонсох хэрэгтэй бөгөөд энэ нь надад намайг гутаан доромжилж байна даа гэж санагдсан хүнийхээ уур бухимдлыг ойлгоход тусална” гэж хэлсэн юм.

Ахлагч Мдлэтшэ өнөөдрийн Өмнөд Африкийн гэгээнтнүүдийг өөрсдийн онцлог нөхцөл байдлыг, ялангуяа зөвлөлийн тогтолцоогоо давуу тал болгохыг уриалсан байна. Тэр: “Янз бүрийн амьдралтай хүмүүс ширээ тойрон суугаад, асуудлаа ярилцах нь Их Эзэний таалалд нийцэх нь лавтай” гэв. Тэр Сүмийн орон нутгийн удирдагчдыг өмнөх үеийнхнийхээ адил янз бүрийн үүсэл гаралтай хүмүүсийг удирдагч болгох ажлаа үргэлжлүүлэн хийхэд уриалсан юм. Шинэ бүс, шинэ бүлгүүдэд хүрч туслах гэж хичээхдээ “Та нарт туршлагатай хүмүүс олдохгүй. Харин та Сүмд туршлага өгч болно. Та нар хүмүүсийг яг голд нь авчирч, хамтарч ажиллуулснаар тэднийг туршлагатай болгоно” хэмээн тэр онцлон хэлсэн.