Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Аврагчийн намайг гэсэн хайрыг ойлгоход бяцхан хүүхэд надад хэрхэн тусалсан бэ?
Би таван настай зээ дүүгийнхээ ачаар өөртөө илүү итгэлтэй болж, өдөр бүр Аврагчийг эргэн тойрноосоо олж хардаг болсон.
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Нэгэн шинэ жилийн өмнөх орой би эгчтэйгээ болон түүний нөхөр, хүүхдүүдийн хамтаар Сэйнт Жорж Юта ариун сүмийн зочдын төвд айлчилж очсон юм. Өрөөнүүдийн нэгэнд тэд Христийн төрөлтийн үйл явдлуудыг толилуулсан цуглуулгыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан үзүүлж байв. Би тэдгээр цуглуулга бүрийн хэмжээ, өнгө, ашигласан материал, нүүрний хувирал зэрэг нь өөр өөр байгааг гайхаж байлаа. Энэ нь үнэхээр хүчирхэг, хүндэтгэлтэй санагдаж байсан.
Таван настай зээ Жулиет надаар тэврүүлж явахыг хүссэн тул би түүнийг өргөн тэвэрч, үзэсгэлэнгийн дундуур явав. Өрөөнд нам гүм байх үед Жулиет “Есүс байна! Есүс байна! Тэр Есүс байна! Тэр Есүс байна!” гэж Христийн төрөлтийн үйл явдал харуулсан цуглуулгын хажуугаар өнгөрөх тоолонд хэлж байв. Түүнийг бүх бяцхан Есүс рүү баяртайгаар заах тоолонд хоолойных нь өнгө хөгжил хөөртэй болж байлаа. Тэр Есүс болгон дээр аль болох ойртож үзэхийг хүсэж байв. Би түүнээс чимээгээ аядахыг хүсэх гэж хичээсэн боловч ямар ч нэмэр болсонгүй, тэр дэндүү их баяртай байв. Тэр намайг үзэсгэлэнгийн төгсгөлд очмогц буцаад эхний хэсэг рүү явуулж, тойруулсаар байсан ба түүнийг “тэр Есүс байна! Тэр Есүс байна!” гэж уулга алдсаар явтал бид энэ үйлдлээ 20-иод минут давтсан байлаа. Биднийг өрөөнөөс гарч явах үед миний нуруу өвдөж, гар чилсэн байсан ч зүрх сэтгэл минь удаан хугацаа өнгөрснийг мэдрээгүй хөнгөрсөн байв. Аврагчийг харж, танихдаа мэдэрсэн түүний баяр баясгалан, итгэл үнэмшил надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм.
Би энэ тохиолдлын талаар хэдэн долоо хоногийн дараа сүм дээр суугаад цугларагсдыг хаалтын дуун дээр “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, 38) дууллыг дуулах хүртэл тэгтлээ их бодоогүй байв. Би энэ дууг амьдралдаа олон удаа огт бодож эргэцүүлэлгүйгээр дуулж байсан ч энэ удаа өөр байв. “Тэр амьд, намайг бас хайрладаг. Тэр амьд өмгөөлөгч минь билээ. Тэр амьд, Намайг сурган зааж, Тэр намайг адислахаар амьд” гэж дуулах үед миний хоолой зангирч байв. Би дуулахаа больж, үлдсэн бадгуудыг сонсонгоо уйлж байлаа. Тэр агшинд үг бүхэн надад үнэхээр бодитой, тайвшруулам санагдсан. Аврагч намайг тэврэн авч байгаа юм шиг санагдаж, би мартагдан, орхигдоогүй гэдгээ мэдэрсэн.
Өмнө нь надад өөрийнхөө дутагдалтай талуудаас болж Аврагчийн хайрыг авахад зохисгүй мэт санагддаг байлаа. Гэвч таван настай охин Есүсийн төрөлтийг хэрхэн үзэж байгааг харсан маань надад эргэлзээгээ даван туулж, Тэрээр намайг төгс бус байсан ч үнэхээр хайрладаг гэдэгт итгэхэд шаардлагатай тийм зүйл байв. Би Түүнийг миний амьдралыг сайжруулж, сул талуудыг маань хүчирхэгжүүлэхээр бодит цаг хугацаанд, өдөр бүр надтай ажилладагт итгэх хэрэгтэй байв. Би Түүнийг өөртэйгөө тэмцэлдэхэд минь тусалж байгаад итгэх хэрэгтэй байсан. Би өөртөө оногдуулдаг хорслын болон өөрийгөө шүүмжилдэг шүүмж, харамсал гэмшлийн дөнгөнүүдээс мөн намайг Түүний тусламжаас тусгаарладаг юунаас ч болов өөрийгөө мулталж, эдгээрийг сайн сайхан бүхний төлөө Түүний өлмийд үлдээж чадна гэдэгт итгэх хэрэгтэй байв. Энэ бол үйл явц гэдэгт, тухайлбал бид хүмүүний эгэл байдал болон амьдралын эмх замбараагүй явдалтай тэмцэж байгаа бөгөөд Тэр энэ бүх хугацаанд байнга, тэвчээртэй байдагт итгэх хэрэгтэй байлаа.
Жулиет Есүс Христийг харж байгаадаа мөн эргэн тойрондоо Түүнийг мэдэрч байгаадаа огтхон ч эргэлзэхгүй байв. Тэр угаасаа л ийм хүүхэд байсан төдийгүй Есүсийг өөрт нь хайртайг мэддэг байсан. Жулиетийн инээмсэглэл миний хувьд тэр Түүнийг мэддэг бас түүнд хайртай гэсэн ямар ч нотолгооноос илүү зүйл байсан. Аврагч бидэнд яагаад Өөрийнх нь хаант улсад орохын тулд бяцхан хүүхдүүдтэй адил болох ёстой гэж зарлигласныг би ойлгож эхэлж байна. Би Жулиеттай адил байхыг хүсэж байна.
Энэ хоёр туршлагаас хойш би өөртөө илүү итгэлтэй болж, эргэн тойрноосоо Аврагчийг олж харах гэж хичээж чармайх болсон. Тийм ээ, би олж харж чадаж байгаа. Би Түүнийг танихгүй хүмүүсийн болон найз нөхдийнхөө эелдэг үг, үйлдлээс болон ярилцаж байгаа хүмүүсийнхээ нүднээс олж хардаг. Би нар гарч, шувууд жиргэхийг сонсоод, ачаагаа багассан байгааг болон илүү их итгэл найдвар өвөртөлсөн байгаагаа мэдэрч эхэлсэн. Би оюун санааныхаа мэлмийд “Тэр Есүс байна, Тэр Есүс байна, Тэнд Есүс байна!” гэж хэлдэг болсон. Би бүх амьдралынхаа турш энэ замаар амьдрахыг хүсэж байна. Тэр хаа сайгүй байгаа бөгөөд бид том, жижиг гэлтгүй, бүх зүйл дээр Түүнийг харахыг л сонгох ёстой. Тэр бол хамгийн агуу бэлэг.