2019
Та элэглэн дооглогчдын од байхыг хүсэхгүй
2019 оны 12-р сар


Та элэглэн дооглогчдын од байхыг хүсэхгүй

Элэглэл газар авч байгаа ч энэ нь Их Эзэний мэлмийд зөвт бус.

young man with guitar

Гэрэл зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Та эцсийн өдрүүдийн зарим тэмдгийг нэрлэж чадах уу? Сэргээлт, Мормоны Ном урагш гарч ирэх, төрөл бүрийн гай гамшиг тохиолдох, сайн мэдээ түгэх, ёс бус явдал хавтгайрах гэх мэт хүмүүсийн сайн мэдэх олон тэмдэг бий. Нэг тодорхой тэмдэг таны бодолд орж ирээгүй байж болно, тэр нь элэглэн дооглох байдал юм.

Шинэ Гэрээний хоёр бичигч хожмын өдрүүдэд элэглэн дооглогчид байхыг дурддаг (2 Петр 3:3; Иуда 1:18-ыг үзнэ үү). Энэ нь Есүс Христ, Түүний сургаал болон дагалдагчдыг элэглэн дооглож, тохуурхах хүмүүс байна гэсэн үг юм. Харин Түүний шавь нарын хувьд биднийг тэвчээртэй байж (2 Петр 3:11–15-ыг үзнэ үү), Түүний ирэлтийг болон амлалтаа гүйцэлдүүлэхийг нь тэсэн ядан хүлээж, ач ивээлд нь байж, бусдыг өрөвдөж хайрла хэмээн заасан (Иуда 1:22-ыг үзнэ үү).

Мэдээж, элэглэн дооглох нь шинэ ойлголт биш ч газар авч байгаа нь илт. Хэдийгээр та Бурханы юмсыг хэзээ ч элэглэн дооглохгүй байж болох ч элэглэн дооглох нь Есүс Христийн шавийн үзүүлж байх ёстой хэв маяг биш юм.

Элэглэн дооглосоор байх уу? Үгүй. Баярлалаа.

Элэглэн дооглох гэдэг нь тохуурхах, шоолох, ёжлох гэсэн утгатай. Үүнд заримдаа хэн нэгнийг царайгаа хачин болгож дуурайх, инээдтэй дуу хоолой гаргаж, хэтрүүлэгтэй дохио зангаа, дүрс зураг ашиглах зэрэг нь ордог. Бид бүгдээрээ үүнийг харж байсан. Үүнийг хаанаас ч олж харж болно. Хүмүүст энэ таалагддаг юм шиг харагддаг ч

Их Эзэнд таалагддаггүй.

Сударт элэглэн дооглохыг зөвшөөрсөн ганц ч үг байдаггүй. Үнэндээ бол үүнийг онцгойлон буруушаасан байдаг. Жишээлбэл, Залуу Алма ийн хэлсэн.

“Та нарын дунд ах дүүсээрээ доог хийдэг … нэгэн нь байна уу … ?

Тийм нэгэнд халаг, учир нь … тэрээр наманчлах ёстой эс бөгөөс тэр аврагдаж чадахгүй … !” (Алма 5:30–31).

Элэглэн дооглох нь бардамналын наад захын нүгэл юм. Элэглэн дооглохын цаадах мэдрэмж бол зүгээр нэг хүмүүсийн хэлж, хийсэн зүйлтэй санал нийлэхгүй байгаа явдал бус бусад хүнийг доорд үзэн гадуурхах явдал юм.

Их Эзэн үүнийг хүсдэггүй. Тэрээр “хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг” (Сургаал ба Гэрээ 38:24) хэмээн хэлсэн. Бид бүгдээрээ ижил тэгш үнэ цэнтэй. Алма “Та нар цаашид ч өөрсдийгөө нэг нь нөгөөгөөс илүү дээр хэмээн бодсоор л байх уу[?]” (Алма 5:54) гэж асуусан байдаг. Ийм бодол элэглэн дооглоход хөтөлдөг. Хүмүүсийг элэглэн дооглох нь өөрийгөө бусдын дээгүүр тавьж байгаа нэг арга зам юм.

Үүнээс гадна элэглэн дооглогчид үүндээ ихэвчлэн бусдыг татан оролцуулах гэж оролддог. Лихайн зүүдний нэг хэсэг үүнийг үнэхээр үзүүлдэг. Агуу хийгээд нүсэр барилга доторх хүмүүс “хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай бай[жээ]” (1 Нифай 8:27). Хуруугаа чичилсэн хүмүүс “Чи бидэнтэй нэгд. Үгүй бол чамайг шившиг болгож, шоолно” хэмээн өөрсдийгөө тэдний эсрэг болгон хаалт тавьдаг. Зовлон зүдгүүрийн адил, элэглэн дооглох нь дангаар байх дургүй. Учир нь бардам хүмүүс ихэвчлэн дотроо өөртөө итгэлгүй байдаг.

Номхон дөлгөөн бай. Бүү элэглэн доогло.

Элэглэн дооглох явдал газар авч байгаа энэ үед бусадтай нийлж шоолоход уруу татагдаж болох юм. Гаднаас харахад тэд цагийг зугаатай өнгөрүүлж байгаа биз? Хүн бүр, ялангуяа интернэт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үүнийг хийж байна шүү дээ. Тэр ч бүү хэл бид галыг галаар дарах гэж үзэх буюу үүний эсрэг дэлхийнхний зэмсгийг ашиглан, агуу хийгээд нүсэр барилга дахь хуруугаа чичилсэн хүмүүст элэглэн дооглох ямар байдгийг үзүүлэхээр тэдэн рүү хуруугаа чичлэх гэж үзэж болох юм.

Дахин хэлэхэд, энэ нь Их Эзэний арга зам биш ээ.

“Доромжлох тэдний эсрэг бүү доромжил” (Сургаал ба Гэрээ 31:9).

“Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир” (Матай 5:44).

Энэ нь “Өөрөөс тань өөр хүн болгоныг, бүх зүйлийг бүхий л арга замаар элэглэн доогло” гэсэн дэлхийнхний жишгээс хавьгүй өндөр жишиг юм.

Бусдын элэглэн дооглохыг тэвчиж, эргүүлэн мөн адил үйлдэхгүй байх нь хэцүү байж болно. Учир нь манай соёлд хамгийн ёжтой, бусдад хамгийн хүнд тусах элэглэл бол хүмүүсийн анхаарал, хүндлэлийг олж авах тэмцээнд ялдаг хэмээн итгүүлэх гэж оролддогт оршино. Гэхдээ энэ нь тийм биш ээ. Их Эзэн бидэнд хайр, номхон даруу байдал, тэсвэр, тэвчээр нь Түүний арга зам гэдгийг зааж бас үзүүлсэн.

Хэрэв бид Есүс Христийн жинхэнэ шавь нар мөн л юм бол бидний зүрх сэтгэл Түүний цэвэр ариун хайраар дүүрэн байх тул ах, эгч нараа элэглэн дооглохгүй (Моронай 7:47–48-ыг үзнэ үү).