Хамтдаа өсөж хөгжих нь
Ах дүү Кларксон санваарын чуулгууддаа үйлчилж, Мормоны Ном уншсанаар адислагдсан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хүлээн авсан сүнслэг өдөөлтийн ачаар Сүмд олон сайхан өөрчлөлт хийгдэж байна. Тэдгээрийн хоёр нь АНУ-ын Калифорнид амьдардаг ах дүү Кларксоны амьдралд шууд нөлөөлжээ.
-
Одоо тухайн онд 12, 14, 16 нас тус тус хүрэх залуу эрэгтэйчүүд тэр оныхоо 1-р сард санваарын албанд томилогдох боломжтой болсон.
-
Тухайн онд 12 нас хүрэх өсвөр үеийнхэн 1-р сараас эхлэн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичиг авах боломжтой болсон.
Ах дүү Матью (15), Андрью (13), Айзак (11) гурвын хувьд эдгээр өөрчлөлт тэдэнд ганц ганцаараа биш, харин хамтдаа үйлчилж, Есүс Христийн сайн мэдээнд өсөж хөгжих шинэ боломжуудыг авчирсан юм.
Анхны өдөр
2019 оны 1-р сард Матью, Андрью, Айзак гурав олон зүйлийг анх удаагаа хийсэн. Андрью “Матью прист, би багш, харин Айзак дикон нэгэн зэрэг болсон. Урьд нь бол бидний хэн нь ч дэвших насандаа хүрээгүй байх байсан” гэж хэлэв.
Матью “Прист болсон анхны өдрөө би ариун ёслолын талхыг хувааж, адисалсан. Би сандарч байсан бөгөөд залбирал хэлж байхад гар минь бага зэрэг чичирсэн ч үнэхээр гайхалтай байсан” гэж хэлэв.
Аароны санваарт шинээр томилогдсон тул одоо Айзак ах нараасаа суралцах боломжтой болсон. Айзак “Надад ах нартайгаа мөн тэдний зарим найзтай хамт байх сайхан байсан. Би ариун ёслолыг анх удаа түгээхдээ Сүнсийг мэдэрсэн” гэж хэлэв.
“Би дүүдээ баптисм хүртээсэн!”
Айзак Аароны санваар хүлээн авч, ариун ёслол түгээхийн зэрэгцээ баптисм үйлдэхээр ариун сүмд оржээ. Аав нь эхлээд түүнд баптисм хүртээсний дараа нэгэн гайхалтай зүйл болсон байна.
“Би дүүдээ баптисм хүртээсэн!” гэж Матью хэллээ.
Айзак “Матью надад баптисм хүртээнэ гэж би огт бодоогүй. Харин тэр одоо прист болсон тул хүртээж болно. Үнэхээр сайхан үйл явдал болсон шүү. Надад Ариун Сүнс мэдрэгдсэн” гэж хэлсэн юм.
Өглөө бүр семинарын өмнө
Кларксоны гэр бүлд Матью, Андрью, Айзак гурваас гадна өөр хөвгүүд бий. Тэдэнд Ливай (9), Элай (7), Сэм (4) Тайтус (2) гэсэн өөр дөрвөн хүү байгаа бөгөөд дахиад нэг хүүхэд төрөх гэж байгаа.
2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон Сүмийн эмэгтэйчүүдийг жилийн эцсээс өмнө Мормоны Номыг уншиж дуусгахад урьсан. Матью, Андрью, Айзак гурав аав, дүү нартайгаа хамт ээждээ дэмжлэг үзүүлэхээр шийджээ. Тэд “Бид тантай хамт уншъя” гэж хэлсэн. Өглөө бүр семинарын өмнө тэд сэрж хамтдаа унших болжээ.
Амьдралыг өөрчилсөн урилга
Андрью “Бид энэ урилгыг хүлээн авахдаа үүнд их цаг зарцуулах байх даа гэж бодсон. Гитар тоглох, найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх гээд дуртай бүхнээ хийхэд цаг хүрэлцэхгүй байх гэдэгт би санаа зовж байлаа. Гэвч эсрэгээрээ болохыг би ухаарсан. Мормоны Номыг хэдий чинээ их уншина, төдий чинээ зав чөлөө надад гарч байгаа гэж санагдсан. Хэрэв би судраа үргэлжлүүлэн уншсаар байх юм бол миний амьдрал тэнцвэртэй байна гэдгийг би ухааран ойлгосон. Өдрийн туршид би илүү их цаг завтай болсон” гэсэн юм.
Гэрийнхэн нь өглөө бүр уншиж эхлэх үед Матью өөр нэг бэрхшээлийг туулж байв. Тэр “Би хичээлдээ тийм ч сайн байсангүй. Хувиараа судраас суралцах, Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа маань асуудалтай байсан бөгөөд би бүх асуудлаа дотроо хадгалж байлаа. Би энэ талаараа ээж, аавтайгаа яриагүй байв” гэсэн юм.
Гэхдээ Матьюг Мормоны Номоос уншихад илүү их цаг зарцуулах үед сайн мэдээ түүний амьдралд нэн тэргүүнд тавигдах болжээ. Тэр хичээл сургуульдаа ч гэсэн илүү хичээл зүтгэл гаргах болов. Тэр шаргуу хөдөлмөрлөж, дүн нь ч сайжирчээ.
“Би бас Тэнгэрлэг Эцэг болон эцэг эх маань намайг ямар их хайрладаг мөн ямар их тусалдгийг ухаарсан. Есүс Христийн тухай миний гэрчлэл ч гэсэн өсөн нэмэгдсэн. Тэрээр надад муу зуршлаасаа салж, амьдралаа зөв зүг рүү чиглүүлэхэд тусалсан юм. Бид ерөнхийлөгч Нэлсоны урилгыг гэр бүлээрээ хүлээн авсанд би маш их баярладаг. Энэ нь миний амьдралыг өөрчилсөн” гэж хэлэв.
“Пөөх, ямар олон юм бэ!”
Ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээн авсан нь Айзакийн гэрчлэлийг ч гэсэн хүчирхэгжүүлсэн. “Бид Бурхан, Их Эзэн, Гэтэлгэгч, Аврагч болон Христ гэсэн үгийг гарч ирэх болгонд дугуйлан тэмдэглэсэн. Уншиж дууссан өдрөө би Мормоны Номын хуудсаа эргүүлээд, дугуйлсан бүх үгээ харав. Надад ‘Пөөх, ямар олон юм бэ!’ гэж бодогдсон. Би энэ нэрс ийм олон гардгийг огтхон ч анзаарч байсангүй. Би Мормоны Номыг уншихдаа сүнсийг маш ихээр мэдэрсэн. Бид ийн уншсанд би баярладаг” гэсэн юм.
Амьдрал илүү сайхан болсон байна
Матью, Андрью, Айзак гурвын хувьд Мормоны Номыг хоёр сард уншиж дуусгасан нь гайхалтай зүйл байв. “Ихэвчлэн жил болж байж уншиж дуусдаг” гэж Айзак хэлсэн. Тэд бошиглогчийн урилгыг дагасны адислалыг хамтдаа олж мэдсэн.
Андрью “Хэрэв та Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа залбирах, судраас суралцах, Сүмд бүрэн идэвхтэй байх арга замаар бэхжүүлэх гэх мэт хийх ёстой зүйлээ хийх юм бол амьдрал илүү сайхан болсон байна” гэж хэлсэн юм.
Энэ ах дүү гурав сайн мэдээнд өсөж хөгжихөд нь бие биедээ тусалсан. Тэд “Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлж … Бурхантай гэрээ байгуулж, уг гэрээгээ сахи[ж] … гэр бүлүүд[ээ] хүчирхэгжүүл[эхэд]” урьсан бошиглогчийн үгийг дагадаг.1