2019
Миний өгч чадах хамгийн сайхан бэлэг
2019 оны 12-р сар


Миний өгч чадах хамгийн сайхан бэлэг

Гэр бүлийнхэнтэйгээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд явж эхлэхдээ би ээж минь биднийг тийш хөтлөн аваачсан гэдгийг дотроо мэдэрсэн.

Ээж минь үүнээс хоёр жилийн өмнө, Христийн мэндэлсний баярын өдөр гэнэт нас барсан юм. Тэр Есүс Христийн гайхалтай итгэлтэй, даруухан дагагч байсан ч сэргээгдсэн сайн мэдээний талаар хэзээ ч сонсож байгаагүй. Би Сүмийн талаар 11 сар судалсны дараа өөрийн нөхөр Навид, охин Кэйти хоёртойгоо хамт Христийн мэндэлсний баяраар баптисм хүртэж билээ. Энэ өдөр ээж минь нас барсан болохоор гунигтай байдаг байсан бол одоо манай гэр бүлийн хувьд сайн мэдээнд амьдралаа шинээр эхлүүлсэн аз жаргалтай өдөр байх болсон.

Миний баптисмд олон хүн оролцсон. Христийн мэндэлсний баярын өглөөний 10 цагт 100 гаруй хүн ирсэн байхыг хараад би мэл гайхаж билээ. Бид үүнээс илүү их хайрыг мэдэрч байсангүй.

Баптисм хүртэхийн маань өмнө гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх надад миний ээжийн болон нас барсан хэд хэдэн өвөг дээдсийн маань нэрсийг ариун сүмийн баптисмд оруулахаар бэлдэхэд тусалсан юм.

Баптисм хүртсэнээс хойш 25 хоногийн дараа, 2018 оны 1-р сарын 19-нд буюу ээжийн маань төрсөн өдөр бид Калифорнийн Ньюпорт Бийч ариун сүм рүү анхныхаа аяллыг хийв. Би сандарч, юу тэнд намайг хүлээж байгааг мэдэхгүй байсан ч ариун сүм рүү алхаж оронгуут амар тайван мэдрэмжийг мэдэрч билээ. Би энд мэдэрсэн шиг мэдрэмжийг өөр хаана ч мэдэрч байсангүй. Манай бүлэг баптисмын сан дээр цугларч, ариун сүмийн ерөнхийлөгч нас барагсдын өмнөөс хийх баптисмын ач холбогдлыг мөн үүнтэй холбоотой адислалыг тайлбарлав. Би эдгээр баптисм нь бидний гэр бүлийг хэрхэн адислах талаар бодож, баярласнаасаа болж мэгшин уйлж билээ.

Манай гэр бүлийн зарим эрэгтэй гишүүний өмнөөс баптисм хүртсэнийхээ дараа Навид гэр бүлийн маань зарим эмэгтэй гишүүний өмнөөс надад баптисм хүртээв. Миний баптисмыг нь төлөөлөн хийлгэсэн эхний хүн бол миний хайртай ээж байв. Би “нас барсан” гэсэн үгийг сонсонгуутаа уйлсан. Үүнийг сонсох нь тэр үнэхээр нас барсныг улам бодитой болгосон бөгөөд сэтгэл минь өвдөж байлаа. Харин тэгээд надад ариун сүмд баптисм хүртээхээс өөр ямар сайхан бэлгийг ээжийнхээ төрсөн өдрөөр өгч чадах билээ дээ гэсэн бодол орж ирсэн юм.

Би ариун сүм рүү дахиад олон удаа аялахыг тэсэн ядан хүлээж байна. Урьд өмнө нас барсан хүмүүстээ ариун сүмийн ёслолуудаар дамжуулан адислал өгч тусалж байгаагаа мэдэж байгаадаа би талархдаг. Ямар гайхамшигтай бэлэг гээч!