2019
Христийн мэндэлсний баяраар ганцаараа ч талархалтай байсан нь
2019 оны 12-р сар


Христийн мэндэлсний баяраар ганцаараа байсан ч талархалтай байсан нь

man looking at phone

Зураг чимэглэлийг Стан Фэллоус

Бага байхад Христийн мэндэлсний баяр зөвхөн бэлэг авдаг болохоор биш, бас миний хувьд хамгийн чухал хүмүүс болох гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж олгодог байсан тул жилийн хамгийн сайхан цаг мөч байдаг байв.

Гэр бүл бол миний хувьд хамгийн чухал зүйл бөгөөд олон жилийн туршид Христийн мэндэлсний баярын уламжлалууд маань гэр бүлээрээ цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэх арга зам байсан бөгөөд одоо ч гэсэн олон сайхан дурсамж үлдсэн байдаг.

Харин өнгөрсөн Христийн мэндэлсний баяр өөр байв. Шинэ орсон ажлаараа би Христийн мэндэлсний баяраар өөр хотод байх болсон юм. Тэр цаг мөчийг хүртэл би гэр бүлийнхэнтэйгээ Христийн мэндэлсний хоёрхон баяраар буюу номлолд байх хугацаандаа хамт байгаагүй юм. Томилолтоор явахаасаа өмнө л миний сэтгэл өвдөж, гэр орноо санаж байлаа. Христийн мэндэлсний баярын өдрийн турш би “Шал дэмий энд ирлээ” гэж бодов. Ямар ч ажил байлаа гэсэн үүнийг орлож чадахгүй!

Тэгээд би зочид буудлын өрөөндөө зурагт үзэхээр шийдлээ. Кинон дээрх нэг дүр баярлаж талархах нь ямар чухал болохыг илэрхийлж байв. Энэ нь уг киноны чухал хэсэг, тэр ч бүү хэл сэтгэл хөдөлгөм хэсэг байгаагүй ч миний сэтгэлийг гүнээ хөндөв.

Яг тэр мөчид би хэзээ ч Христийн мэндэлсний баяраар өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгт Өөрийн Хүү Есүс Христийг бэлэг болгон өгсөнд талархаж явдгаа илэрхийлж байгаагүйгээ ухаарч билээ. Би Христийн мэндэлсний баярыг өчнөөн жил тэмдэглэхдээ үнэндээ зөвхөн гэр бүл, бэлэг сэлт, тоглоомд л анхаарлаа хандуулдаг байсан байв. Эцэг эх, эмээ өвөө маань надад зааж сургах гэж хичээл зүтгэл гаргасан ч Христийн мэндэлсний баяраар Аврагч ямар чухал байр суурь эзэлдгийг би үнэндээ ухаараагүй байсан байлаа. Гэр бүлээрээ бид Түүний төрсөн тухай түүхийг судраас уншдаг байсан ч Христийн мэндэлсний баярын өдөр Түүний төрөлт ямар их ач холбогдолтой болохыг бодож байсангүй.

Намайг өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгтээ залбирахад нүдэнд минь нулимс цийлгэнэв. Би Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хайрт Хүүг дэлхий рүү илгээсэн золиост мөн Түүний Хүүгийн золиос, сайхан сэтгэлээр дүүрэн амьдралд талархсан. Би Христийн мэндэлсний баяраар ганцаараа, гэр бүлээсээ хол байгаадаа гунигтай байсан ч энэ нь надад гэр бүлийнхээ хүрээнд байсан бол хэзээ ч мэдэж авч чадахгүй байсан зүйлийг буюу Аврагч бол гэр бүлтэй байгаагийн маань шалтгаан болохыг надад зааж сургах боломжийг Тэнгэрлэг Эцэгт олгосон юм!

Христийн мэндэлсний баяраар ганцаараа байснаар Тэнгэрлэг Эцэгийн хайрын илрэл болсон Түүний Хүүгийн цаглашгүй бэлгийн талаар илүү сайн ойлгодог болсондоо би баярладаг.