2019
Христийн төрөхийг үзүүлсэн хагарсан баримал
2019 оны 12-р сар


Христийн төрөхийг үзүүлсэн хагарсан баримал

broken nativity set

Гэрэл зургийг Рөүз Даток Долл

Хүүхэд байхдаа би Христийн мэндэлсний баярыг тэсэн ядан хүлээдэг байв. Ээж минь чимэглэлтэй хайрцгаа гаргаж ирэхэд би болон таван ах дүү маань Христийн мэндэлсний баяр эхэлж байгааг мэддэг байлаа. Бид үргэлж гэр бүлээрээ модоо чимэглэдэг байв. Би одоо ч гэсэн гараар хийсэн чимэглэлүүд, гялалзсан олон өнгийн шилэн бөмбөлгүүдийг санадаг.

Харин нэг чимэглэлийг ээж өөрөө, ганцаараа гаргаж тавьдаг байсан юм. Эмээ минь Христийн төрсөн түүхийг харуулсан гоёмсог шаазан баримлуудыг ээжид хийж өгсөн байлаа. Жил болгон ээж Христийн төрөхийг харуулсан шаазан баримлуудаа зочны өрөөнд, пийшингийн дээрх том тавцан дээр өрдөг байв. Би ээжийг баримлуудаа нэг нэгээр нь байршуулж тавихыг нь харж суух дуртай байлаа. Тэр баримал бүрийн доор, урт цагаан жижигхэн гэрлүүдийг тавьдаг байсан юм. Тэр гэрлийн нэг хэсгийг хөдөлгөхгүйн тулд тавцан дээр скотчоор наагаад, дараа нь булангийн сандлын ард байх залгуурт залгадаг байлаа. Тавцан гэрэлтэхэд ямар гоё харагддаг байсан гээч!

Христийн мэндэлсний баярын өмнөхөн нэгэн үдэш ах дүү нар маань дэггүйтэн тоглож байсан. Том ах нар маань дүүгийн минь араас хөөж байв. Хөөцөлдөн тоглож байхдаа тэр тавцангийн хажууд байх сандлын ард орж нуугдав. Ах нар маань түүнийг олоход тэр ухасхийн зугтаж, хөл нь Христийн төрөлтийг үзүүлсэн шаазан баримлуудын доорх гэрлийн залгуурт тээгэлдчихэж билээ. Залгуурыг наасан жижигхэн скотч түүний угзран татах хөлийн хүчийн хажууд юу ч болсонгүй. Нимгэн шаазан тавцангийн доор байсан улаан тоосго шалан дээр унаж, хэдэн хэсэг болон бутран хагарлаа.

Ээж ч зочны өрөө рүү хурдхан гэгч гүйсээр ирэв. Юу болсныг тэр хараад, шууд уйлсаар өрөө рүүгээ орлоо. Санаандгүй гаргасан алдаа байсныг тэр мэдэж байсан ч аль хэдийн эвдэрсэн байв.

Тэр орой, биднийг бүгдээрээ оронд орсны дараа аав маань шүүр, тосгуур аваад хагарсан хэсгүүдийг нямбайлан шүүрдлээ. Дараа нь тэр шөнөжингөө уг хэсгүүдийг хооронд нь нааж билээ.

Баримлууд хагарсныг хэн ч харж болохоор байв. Үнээний чих, мөн нэг мэргэн хүний нүүрнийх нь хэсэг байхгүй, бас хоньчны зарим хэсгийн шаазанг цавуугаар орлуулсан байлаа. Гэвч хагарсан баримлуудыг гайхамшигтай сайхан наасан байв.

Эмээ дахин шинэ баримлууд хийж өгье гэсэн боловч ээж зөвшөөрсөнгүй. Түүний баримлууд одоо бүр их үнэ цэнтэй болсон гэж ээж хэлэв. Энэ нь өөрт нь хайртай нөхрийнх нь хичээл зүтгэл мөн Аврагчийн хайрын бэлгэ тэмдэг болсон юм.

Энэ амьдралынхаа явцад бид зовж зүдрэхдээ ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтэж магад. Тэр ч бүү хэл бид бүр эвлүүлэх боломжгүй хагарч ч болно. Гэвч бидэнд Аврагч бий мөн бид Түүний хайрын мутраар дахин бүтэн болох боломжтой.