2019
Бурханы хайрыг үзүүлэх нь Есүс Христийн зорилго байсан
2019 оны 12-р сар


Сүүлчийн үг

Бурханы хайрыг үзүүлэх нь Есүс Христийн зорилго байсан

2003 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Их Эзэн Есүс Христийн амьдрал, тохинууллын олон гайхамшигт зорилгын нэг буюу уг номлолынх нь нэгэн чухал хэсгийг тэр болгон яриад байдаггүй. Тухайн үед дагалдагчид нь үүнийг бүрэн ойлгоогүй бөгөөд орчин үеийн Христэд итгэгчид одоо ч үүний учрыг олоогүй. Харин Аврагч Өөрөө үүний талаар ахин дахин, онцлон хэлж байсан. Есүсийн хэлж, хийхээр ирсэн бүх зүйл, ялангуяа Өөрийн цагаатгагч зовлон шаналал, золиосоор Тэр бидэнд Бурхан бидний Мөнхийн Эцэг хэн болох мөн ямар болохыг, түүнчлэн бүх насны болон бүх үндэстний хүүхдүүддээ Өөрийгөө бүрэн зориулдгийг харуулсан явдал хамгийн агуу үнэн билээ. Есүс үг, үйлдлээрээ Өөрийн Эцэг, бидний Тэнгэр дэх Эцэгийн үнэн мөн чанарыг илчилж, бидэнд хамааруулах гэж хичээж байв.

Тэнгэрлэг Эцэг хүмүүнийг үргэлж хайрладаг мөн цаашид ч хайрлах учраас Есүс Түүнийг хайрлахыг хүмүүсээс гуйхаар ирсэн. Бурханы төлөвлөгөө, хүч, ариун нандин байдлыг, тийм ээ, бүр Түүний уур хилэн, шүүлтийг ч гэсэн ойлгох боломж тэдэнд байсан. Гэвч Бурханы хайр, Өөрийн хүүхдүүдийг гэх сэтгэлийнх нь мөн чанарыг Христийг ирэх хүртэл тэд бүрэн ойлгоогүй.

Тэгэхлээр Христ өлссөнийг хооллон, өвчтөнийг эдгээж, хоёр нүүртнийг зэмлэж, итгэлтэй байхыг гуйснаараа бидэнд “өршөөнгүй, нинжин сэтгэлтэй, уурлахдаа удаан, тэсвэртэй, сайн сайхнаар дүүрэн”1 Эцэгийн арга замыг харуулсан юм. Христ амьдралынхаа туршид, ялангуяа Өөрийнхөө үхлээр “энэ бол Бурханы болон Өөрийнхөө нинжин сэтгэлийг та нарт үзүүлж байгаа явдал юм’” хэмээн тунхагласан билээ.

Бидний нэрийг мэддэг, залбирлыг сонсож, хариулдаг, Өөрийнх нь сүнсэн хүүхдийн хувьд мөнхөд биднийг нандигнан хайрладаг хувь хүний, амьд Бурханы тухай хувийн гэрчлэлээ би үлдээе. Ертөнцийн оршлын салшгүй нэгэн хэсэг, нарийн төвөгтэй үүрэгт ажлын дунд Тэрээр хувь хүн бидний аз жаргал, аюулгүй байдлыг бурханлаг бүх асуудлаас дээгүүр тавихыг эрэлхийлдгийг би гэрчилж байна.

Ариун нандин төлөөлөгчийн албаны дагуу хүлээн авсан сүнсээр мөн энэ албыг эрт дээр үед хашиж байсан хүний хэлснээр “Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийг цагаатгахаар Хүүгээ илгээсэнд л хайр [оршиж] байгаа юм. Хайрт ах, эгч нараа, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай” (1 Иохан 4:10–11) мөн Түүнийг үүрд хайрлах ёстой гэдгийг хэлье.

Эшлэл

  1. Lectures on Faith (1985), 42.