2019
Сүнслэг хүчилтөрөгчийн дутагдал ба сайн найз нөхдийн ач тус
2019 оны 12-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Сүнслэг хүчилтөрөгчийн дутагдал ба сайн найз нөхдийн ач тус

Зохиогч нь Австралийн Баруун Австралид амьдардаг.

Надад өсвөр насандаа олон галын дэргэдэх цугларалтад оролцох боломж тохиож байсан. Бүгдийг нь санадаггүй боловч нэг яриа миний санаанаас огт гардаггүй. Өмнө нь Агаарын хүчний нисгэгч байсан манай удирдагчдын нэг нь хүний бие дэх хүчилтөрөгчийн дутагдал тархинд хэрхэн нөлөөлдөг тухай өөрт тохиолдсон явдлыг хуваалцсан юм.

Агаарын хүчний нисгэгчид хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг тул тэд үүнд өртөмтгий нөхцөлд бэлтгэл хийдэг. Нэг бэлтгэлийн үеэр түүнд хүчилтөрөгчийн маскаа тайлаад, дараа нь хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаагаа мэдвэл буцаагаад өмсөх ёстой гэсэн заавар өгсөн байна. Гэвч тэр маскаа буцаагаад өмсөөгүй тул найзууд нь түүний өмнөөс өмсгөхөөс өөр аргагүй болжээ.

Бэлтгэлийн дараа найзууд нь буруу шийдвэр гаргах, авцалдаа холбоогүй ярих, будилах гээд хүчилтөрөгч дутмагшлын бүх шинж түүнд илрэхийг анзаарснаа тайлбарлажээ. Хэдийгээр найзууд нь түүнд аюул тулгарсныг харж чадсан ч тэр өөрөө эдгээр шинж тэмдгийн алийг нь ч мэдрээгүйгээр үл барам ердийнхөөрөө үйлдэж байгаа гэж бодож байснаа хэлжээ.

Зарим үед амьдрал дээр бид өөрсдийнхөө хийж байгаа бүхнийг зөв биш гэдгийг ч мэдэлгүйгээр буруу замаар явж байснаа мэдэж болно. Бид буруу шийдвэр гарган, өөрөөр үйлдэж, яг л хүчилтөрөгч дутагдаж байгаа юм шиг амьдралдаа бүрмөсөн төөрч, будилж болно. Мөнх амьдралд хүргэх зам нь, хэрэв эргэн тойрны тань хүн болгон үүн дээр байдаггүй бол амархан төөрч одож болох зам юм (1 Нифай 8:23, 28; 3 Нифай 14:13–14-ийг үзнэ үү). Муу найз нөхөдтэй байх нь таны аль хэдийн хүчилтөрөгч дутагдсан байдалд хор хөнөөл учруулж болзошгүй. Мэдээж, муу найзууд муу хүмүүс байх ёстой гэсэн үг биш бөгөөд би хүчилтөрөгчийн маскийг тань буцаан өмсгөхгүй, харин таныг сүнслэг аюул руу удирдаж болох хүмүүсийн талаар ярьж байна.

Австралид өсөж торнихдоо би Сүмд явдаг, явдаггүй эерэг нөлөө үзүүлж байгаагүй олон найзтай учирч явсан. Надад нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэж чадна гэдэгтээ итгэлтэй байх үе байсан ч хэдэн муу найзынхаа нөлөөнд автан, тэдний үйлдэл миний хувьд энгийн зүйл болон хувирч, би тэднийг дагаж эхэлсэн юм.

Эцэг эх, Сүмийн удирдагчдаа сонссоноор эргээд ухаарахад надад тусалсан юм. Тэд миний амьдралд хамгийн сайн сайхныг хүсэж байгааг мөн намайг сүнслэг хүчилтөрөгчийн дутагдалд орж байгааг надаас ч илүү харж чадсан гэдгийг би мэдсэн. Би ариун газруудад зогсохыг үргэлж хичээдэг байсан. Би залуучуудын үйл ажиллагаанд болон сүмдээ явдаг байв. Их сургууль болон ажил дээрээ олон цагаар байхдаа хүртэл би сайн найзуудыг олдог байв. Би Сүмийн гишүүн биш ч зөвийг сонгож мөн гайхалтай үлгэр жишээ үзүүлдэг маш олон найзтай болсон байв. Жишээ нь би ахлах сургуульд сурч байхдаа олон гайхалтай найзуудынхаа нэгтэй нь танилцсан. Тэр үргэлж сайн хүн байхыг хичээдэг байсан. Тэр гишүүн байгаагүй ч намайг зөв зам сонгохгүй байгаагаа ухаарч ойлгоход минь тусалсан юм. Энэ бол агуу найзын хийдэг зүйл.

Сургаалт үгс 13:20 дээр “Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол” хэмээн гардаг. Би үүнтэй бүрэн санал нэг байна. Таны өөрийгөө хамгийн ихээр хүрээлүүлж буй найз нөхөд бол таны эцсийн эцэст дагах тэр хүмүүс юм. Миний ухаарахгүй байсан шиг та ч бас хүчилтөрөгчийн дутагдалд орсноо, буруу замаар орж, буруу хүмүүсийг дагаж байгаагаа анзаарахгүй байж болох юм. Өөртөө хайртай хүмүүсийг сонсож, сайн хүмүүсийг болон Сүнсийг аль алийг нь урьдаг газар өөрсдийгөө байлгах нь чухал. Би эдгээр зүйлийг хийж байхдаа өдөр бүр сайн найзуудаар, намайг зөв шударга шийдвэр гаргахад дэмждэг найзуудаар хүрээлүүлж байгаагаа олж мэдсэн.

Та дэлхийн хаана ч байсан, хүчилтөрөгчийн маскаа зүүж чадахгүй болсон үед тань танд зүүж өгөх найз нөхдийг олж чадна. Та өөрийг тань сүнслэг хүчилтөрөгчийн дутагдлаас гаргаж чадах найз нөхдийг олж чадна. Таны найз нөхөд бодож байгаагаас тань илүү их нөлөө үзүүлдэг. Тиймээс зөвийг сонгож буй хүмүүстэй нөхөрлө. Би ийнхүү үйлдсэн бөгөөд энэ нь намайг болон миний ирээдүйг мөнхөд өөрчилсөн юм.